-ЯЛАНГУЯА ҮНДЭСНИЙ СПОРТОД ТӨР ХАМААРАЛТАЙ БОЛЖ, ҮҮНИЙГЭЭ ДАГААД ТӨРӨӨС ЦОЛ ЧИМЭГ ОЛГОХ, НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗЭРЭГ АЖЛУУДАД ОРОЛЦОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ-
Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжавтай ярилцлаа.
-Засгийн газраас наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр гарлаа. Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаан хаана зохион байгуулагдах вэ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Үзэгчгүй наадмыг өмнөх жил шиг зохион байгуулах шийдвэр гарч байх шиг байна. Цахим гээд буруу нэрлээд үүнийг нь янз бүрийн хүмүүс цахим барилдаан, цахим морины уралдаан гэж юу байх вэ гээд шүүмжлээд байгаа. МҮБХ наадмын бөхийн барилдааныг олон жил зохион байгуулсан болохоор баг хамт олон, жаяг дэгийн баг наадмын барилдаанаа төвөггүй зохион байгуулна. Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохион байгуулах чиглэл ирээд байна.
-Баяр наадмын хууль хэзээ батлагдаж, хэзээнээс хэрэгжихээр байна вэ?
-МҮБХ 2003 онд батлагдсан баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж, батлах асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхаарлаа хандуулан ажилласан.
Энэ нэгдүгээр сараас эхлэн хуулийн төслийг нээлттэйгээр гарган бөх сонирхогч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдэд хуулийн төсөлд санал оруулж ажиллах санал гаргасан. Үүний дагуу ч олон санал холбоонд ирсэн. Бид Бага хурал, Их Эе хурлаар энэ бүгдээ хэлэлцэн нэгтгэж Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр, УИХ гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарт 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр хуулийн төслөө хүргүүлсэн. Гэвч ковид цар тахал мөн бусад асуудлуудаас болоод УИХ энэ хаврын чуулганаараа хэлэлцэж амжихгүй бололтой. Бид наадмын шинэ хуулиар наадахгүй болсон нь харамсалтай байна.
-Наадам болохтой холбоотойгоор допингийн асуудал хүнд сэдэв болохоор байна. 2019 онд зөрчил гаргасан хоёр бөх, 2020 оны гурван бөхийн асуудал, мөн аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допингтой холбоотой бөхчүүд энэ наадамд барилдвал бойкот хийнэ гэсэн байгаа. Энэ асуудал яах вэ?
-Бөхчүүд ч, ер нь хүн бүр, бүр одоогийн улстөрчид хүртэл өөрсдөө тэгш эрх, шударга өрсөлдөөн эрх тэгш байдлыг хүсч, түүнээ дор бүрнээ илэрхийлж байдаг. Допингийн асуудалд хууль нь муу байсныг ашиглаж бөхчүүд зөрчил гаргахад үе үеийн бөхийн салбар хороо гэж түр зуур байгуулагддаг субьект янз бүрээр хариуцлага ногдуулж ирсэн нь одоогийн энэ их хэл ам, зөрчлийн үндэс.
Одоо тэнд ажиллаж байсан хүмүүсийг зөрчил гаргаж хамгаалуулж байсан бөхчүүдээс өөр хэн ч мэдэхгүй, танихгүй. Бөхөд огт хамаагүй хүмүүс төрийн нэрээр наадам зохион байгуулалцаж байна гээд орж ирж үймүүлээд, хожмын хор нөлөө мөн хэл амны үндсийг тавиад алга болцгоодог, тэдэнд ямар ч хариуцлага байхгүй, тооцох ч үгүй. 2018, 2019 оны наадмын допингийн асуудлуудыг тухайн үеийн бөхийн салбар хороо арай зөвөөр шийдвэрлэж, зөрчил гаргасан бөхийг хоёр жилээр эрхийг хассан. Монгол Улс допингийн эсрэг конвенцид нэгдсэн, тэндээс нь итгэмжлэгдсэн лабораторид сорьцоо шинжлүүлдэг. Тэгэхээр энэ байгууллагынхаа дүрэм журмаа л дагах ёстой гэж бодож байгаа. Олон улсын Допингийн эсрэг байгууллага 2018 оны гуравдугаар сараас зөрчил гаргасан тамирчинд доод тал нь хоёр жил, тэгээд дөрөв, давтан бол бүх насаар нь эрх хасна гэсэн журам мөрдөж байгаа. Тэгэхээр зөв шийдвэр гаргахгүй бол энэ наадмын бөхийн бүртгэлээс эхлээд их зөрчил, хүндрэл гарна.
-Олон улсын конвенцид нэгдсэн бол түүнийгээ л дагамаар юм. Гэтэл бөхчүүд допинг хэрэглээд түүнийгээ өмгөөлж шүүхэд ханддаг?
-Манай үндэсний бөхөд үүссэн гажиг зүйл. Бөх допинг хэрэглэлээ, хариуцлага алдлаа гэхэд МҮБХ-нд биш, танил тал руугаа ханддаг. Бусад спортын холбоодод тийм зүйл бараг үгүй. Уучлаарай, хариуцлагаа хүлээнэ гээд чимээгүй байдаг.
Бөх, тамирчин шүүхдэх бол ганцхан Спортын арбитрын шүүхэд хандах л журамтай. Тэрнээс дүүргийн шүүх, бүр дээд шүүхээр шийдвэр гаргуулах нь өөрөө зөрчилтэй зүйл. Энэ маргааны нэг сэдэв болно. Ч.Санжаадамба, С.Мөнхбат аварга гээд допингид хатуу байр суурь баримталж байгаа бөхчүүдийн хэлсэн үгийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.
-Шадар сайдаас допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн цол чимгийг хураах, тэдэнд унасан бөхчүүдэд цол олгох саналыг удаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад тавьсан, үүнийг шийдсэнгүй. Энэ талаар таны байр суурийг сонсох гэсэн юм?
-Даншигийн наадам, Цэргийн наадам, Ардын наадам гээд ямар ч төрийн үед наадам зохиогдож ирсэн. Тэр наадмуудад түрүүлж үзүүрлэж, шөвгөрч цол авсан бөхчүүдэд ард түмэн нь цол өгч байгаатай л адил байж ирсэн. Заавал одоогийнх шиг дарга, сайд гарын үсэг зурж цол өгөх албагүй. Саяхныг болтол наадмыг Үндэсний спортын холбоод нь Биеийн тамир спортын хороо, газартай хамтраад зохион байгуулаад ирсэн. Одоо үүнийг төр өөр дээрээ татаж аваад хүндрүүлээд байгаа юм. Спорт ялангуяа үндэсний спортод төр хамааралтай болж, үүнийгээ дагаад төрөөс цол чимэг олгох, наадам зохион байгуулах зэрэг ажлуудад оролцохоо болих хэрэгтэй. Допингтой холбоотой олон зөрчил, асуудлуудыг Ерөнхийлөгч, Наадмын комисс, бөхийн салбар хороо шийдэхгүй эсвэл ялгавартай шийдээд бөхчүүд, бөх сонирхогчдын дунд маргаан үүсгээд байгаа юм. Үүний оргил цаг хугацаа нь энэ сүүлийн хоёр жил боллоо. Тэгэхээр намраас батлах баяр наадмын хуулиа эрхэм их хурлын гишүүд маань сайтар бодож тунгаагаад наадмыг төр асар их зардлаар зохион байгуулдаггүй, төрийн тэргүүн цол олгодоггүй болгох хэрэгтэй байна. Үүнийг олон түмэн ч их хүсч, бас шүүмжилж байгаа. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд үндсэн ажил болох хуулиа батлах, улс орноо хөгжүүлэх гол ажлаа л хийх хэрэгтэй. МҮБХ наадмын санхүүжилтийг өөрсдөө бий болгоод, морь, сурны холбоотой хамтраад төрөөс ямар ч санхүүжилт авахгүй, будлиан маргаангүй наадам зохион байгуулаад байх бүрэн боломжтой. Төрөөс наадам найрыг зохион байгуулна гэж элдэв хардлагад орж хөгөө чирэх хэрэггүй.
Элдэв тусгай зөвшөөрлийг яам, агентлаг өгч хардлага, хүндрэл үүсгэдэг байсныг болиулж мэргэжлийн холбоод руу нь зөвшөөрлийг өгсөн бэлээхэн туршлага нь байгаа даа. Одоо энэ барилдаж байгаа залуучууд нэгнийгээ тэр ерөнхийлөгчийн, сайдын бөх, дүү гэх яриа хүртэл гаргаж завхарч байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. МҮБХ маргаан будлиан үүсгэхгүй наадам хийхийг зорьж л байна