Categories
гадаад мэдээ

Хятад Хонконгийн хэвлэлийн эрх чөлөөг боомилж эхэлжээ

БНХАУ өөрийн засаг захиргааны тусгай бүс болох Хонконгийн дөнгөж батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Apple Daily” (“Пинго жибао”) сонины үйл ажиллагааг зогсоосон тухай “Ройтерс” агентлаг уламжилжээ. Үүнд өрнөдийн ертөнц, тэр тусмаа Их Британийн нөлөө бүхий орнууд ихэд дургүйцсэн аж. Канадын Гадаад хэргийн сайд Марк Гарно хэлэхдээ, “Үндэсний аюулгүй байдлын гэх хуулиар халхавчлан өдөр тутмын “Apple Daily” сонины үйл ажиллагааг хаасан нь Бээжин Хонконгийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилон тэрс үзэлтнүүдийг хоморголон баривчлах эх үүсвэрийг тавилаа. Энэ нь Их Британи-Хятадын хооронд Хонконгийг БНХАУ-д шилжүүлэн өгөх 1984 оны гэрээг зөрчиж буй хэрэг” хэмээн эсэргүүцжээ. “Apple Daily” сонин хэдхэн хоногийн өмнө үйл ажиллагаагаа зогсоож буй тухайгаа уншигчдадаа мэдэгдэхдээ “Сэтгүүлчдийнхээ аюулгүй байдлыг хамгийн эхэнд тавьсан” гэж онцолсон байна. Дашрамд хэлэхэд, зургадугаар сарын 23-нд Хятадын эрх бүхий хүчний 500 гаруй албан тушаалтан тус сонины редакцид нэгжлэг хийжээ. Тэр үед тус сонины eрөнхий эрхлэгч Райан Лог гадаадын тагнуулуудтай хамтарч Хятадын аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн хэмээн баривчилсан байна. Тус сонин нь өнгөрсөн оны сүүлээр баривчлагдсан, коммунист Хятадын эсрэг тэрс үзэлтэн, 73 настай Жимми Лай хэмээх саятны ивээн тэтгэдэг хэвлэл байжээ. Жимми Лай 2019 оны Хонконгийн Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн жагсаалыг зохион байгуулагчдын нэг байсан аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *