Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Б.Мишээл: 18 нас хүрээд бейкеригээ өргөжүүлж, кофе шоптой болно

10 наснаасаа бялуу, нарийн боов хийж сурч, 17 насандаа өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн “Номуун” дунд сургуулийн сурагч Б.Мишээлтэй ярилцлаа.

-Сайн байна уу. “Misheel’s Bakery” цахим хуудсаар нь хүмүүс мэддэг юм билээ. Уншигчдад өөрийгөө танилцуулбал?

-Сайн байцгаана уу. Намайг Батболдын Мишээл гэдэг. Одоо 17 настай. “Номуун” сургуулийн ахлах ангийн сурагч.

-Энэ чиглэлийн сонирхлоо хэзээнээс хөгжүүлж эхэлсэн бэ?

-Миний хувьд анх 10 настайгаасаа эгчийгээ хараад сонирхож эхэлсэн. Ойр зуурын аяган кекс гэх мэт амттан хийж эхлээд энэ талдаа сонирхолтой гэдгээ олж мэдсэн. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас хүмүүст анх хүргэж эхэллээ.

-Бүтээгдэхүүн хийгээд борлуулж эхлэхэд ямар байв. Хүмүүст хэрхэн таниулсан бэ?

-Борлуулалтын хувьд харин хамгийн хэцүү зүйл нь хүргэлт юм болов уу. Яагаад гэвэл энэ төрлийн бүтээгдэхүүн эмзэг байдаг учраас хурдан, шуурхай хэрэглэгчийн гарт хүргэж өгөх нь чухал юм билээ. Анх өөрийгөө эхлээд хүмүүст танилцуулах хэрэгтэй юм байна гэж бодоод групп дээр өөрийнхөө танилцуулгатай постыг оруулж байсан юм байна.

-Хүргэлтээ яаж шийдсэн бэ? Өөрөө хүргэдэг байсан гэж сонссон.

-Одоо бол хүргэлтийн компанитай хамтарч ажиллаж байгаа. Өмнө нь ааваараа хүргүүлдэг байсан. Аав, ээж хоёр маань намайг юу ч хийсэн дэмждэг. Хэрэгтэй зүйл юу байна гэж тусалж дэмждэгт нь үргэлж баярладаг.

-Хичнээн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг вэ. Танай нэрийн бүтээгдэхүүн юу вэ?

-Одоо хийж байгаа “креспи кремтэй пафф” бол миний гол бүтээгдэхүүн гэж болно. Дотроо 10 ширхэгтэй, нэг ширхэг нь 1500 төгрөг, хайрцгаараа 15’000 төгрөгөөр худалдаалдаг. Одоохондоо дан энэ төрлөөрөө дагнан захиалга авч байгаа ч цаашид илүү төрөлжүүлэх бодолтой байгаа.

-Өдөрт дунджаар хичнээн захиалга авдаг вэ. Захиалгаа хийхэд хүндрэл гарах үе бий юу?

-Өдөрт 10 хүн захиалга өглөө гэж бодоход 100 пафф хийнэ гэсэн үг. Өнөөдөр би эхний захиалгаа аваад долоон цагийн турш хийлээ. 23 цагт эхлээд өглөөний 07 цагт дууссан. Гэхдээ огт оргүй хоосон зүйлийг бий болгоод хүмүүсийн аз жаргалтай өдрийн нэг амт нь болж очихыг харах мэдрэмж дараа нь маш гоё байдаг. Хүмүүсийн халуун дулаан үгсээс урам зоригийг мөн авдаг.

-Амттаныхаа жорыг хэрхэн олдог вэ?

-Жороо Youtube-ээс болон зарим хоолны суваг Instagram хаягуудаас хардаг.

-Гал тогоо нь хаана байрладаг вэ. Одоогоор гэрээрээ хийдэг үү?

-Одоогийн нөхцөл байдалд гэрээсээ хийж, хүргэж байгаа. Яваандаа жижиг цех ч юм уу, кофе шоптой болъё гэж зорьж байна.

-Удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа юм байна. Цаашид энэ чиглэлээрээ мэргэших бодолтой юу?

-Ер нь бүтээгдэхүүн хийгээд борлуулаад, зараад явж байхад өөрийгөө бизнесийн тал дээр сонирхолтой юм болов уу гэж ажиглаад байгаа. Тиймээс бизнесийн удирдлагын мэргэжлийг бодчихсон байгаа.

-Жор хараад хүн болгон бялуу хийж чаддаггүй. Дуртай зүйлээ хийх үедээ ямар мэдрэмжийг авдаг вэ?

-Аливаа нэг амттаны зургийг нь харлаа гэхэд өөрийн гараар оролдоод чадна гэж бодохоор сайхан шүү. Миний хувьд юм болгонд дурсамж бүтээхийг хүсдэг. Амьдралд хамгийн чухал зүйл нь л энэ болов уу гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд өөрийн бүтээхийг хүсдэг ирээдүйн талаар хуваалцаж болох уу?

-Тухайн үед юу болохыг тааж мэдэхгүй ч дараа жил гэхэд 18 насандаа өөрийн гэсэн кафе, кофе шопийг нээнэ гэж төлөвлөж байна даа.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *