Categories
мэдээ нийгэм

​Өвөлжилт хүндэрсэн 6 аймгийн зорилтот бүлгийн малчин өрхүүдэд тусламжийн багц олголоо


ХХААХҮЯамын Төрийн нарийн бичгийн Дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 1 сарын 17-20-ны өдрүүдэд Баянхонгор,Говь-Алтай , Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Богд суманд хүмүүнлэгийн тусламж олгох үйл ажиллагаанд хяналт тавих, орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үнэлгээ хийж ажиллалаа. Мөн дээр дурдсан аймгуудын Онцгой Байдлын Газарт халдвар хамааллын 4,000ш маск, 1,200ш гар ариутгалын бодис түс бүр хүлээлгэн өглөө.

Болзошгүй зудын өртөнг, эмзэг байдлыг бууруулах зорилгоор НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд зудын эрсдэл ихтэй байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 53 сумын зорилтот бүлгийн 1,000 өрхийн амьжиргааны хөрөнгийг хамгаалах хүмүүнлэгийн яаралтай тусламжийг олгосон юм.

Тусламжид хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны: өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн нийт 1000 өрхийг сонгосон бөгөөд нэг өрхөд дунджаар 640 мянган төгрөгтэй тэнцэх бүх төрлийн малд зориулсан бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багцыг олголоо. Эдгээр 6 аймгийн ХХААГ-уудад тусламжийг малчин өрх бүрийн хотонд хүргэж өгөх ажлыг зохион байгуулах, аймгийн хэмжээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалд хяналт тавих санхүүгийн дэмжлэгийг төслөөс мөн олгосон байна.

Нэг жилийн хугацаанд хэрэгжих техник туслалцааны энэ төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн чадавхыг олон улсад мөрдөгддөг заавар стандартын дагуу бэхжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа ажээ.

Ташрамд дурдахад Монгол улсад хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүмүүнлэгийн багийг ахалдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) нь сүүлийн таван жилд зудад нэрвэгдсэн 21,240 малчин өрхийн амьжиргааг хамгаалахад 2.4 сая ам.долларын хүмүүнлэгийн яаралтaй тусламжийг олгосон байна.

Мэдээллийн эх сурвалж:

Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар (fao-mn@fao.org)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *