Categories
мэдээ улс-төр

АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгож, УИХ батлахаар боллоо

УИХ-ын 2020 оны отгон чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Төрийн албаны тухай хуулиар, УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилохоор заасан байна. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх явцад төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжсэн юм.

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус тус баталлаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *