Categories
мэдээ улс-төр цаг-үе

М.Оюунчимэг: Хавтгайруулсан зохицуулалт хийж, цензур тавихаас улс орнууд аль болох татгалзаж байгаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Эрүүгийн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулж худал мэдээлэл тараасан бол 80 хүртэлх сая төгрөгөөр торгож, 1-5 жилийн ял эдлүүлэх хуулийн төслийг ХЗДХЯ-наас өргөн барьж, хэлэлцэгдэх гэж байна. Үүнд Та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол төслийн шатанд яваа, олон нийтээс санал авч, олон удаагийн хэлэлцүүлгээр дамжиж, хэлэлцэгдэх ёстой асуудал. хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5 болон 8.1.6-д заасны дагуу хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж санал авах, тухайн хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах тодорхой үе шатууд бий. мөн Уих-ын дэгийн тухай хуульд төслийн талаар олон нийтээс санал авч, хэлэлцэх журам байгаа. 37.1.1 болон 37.1.2-т зааснаар тухайн төслийг сонирхлын бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтэд хүргэж санал авах, авсан саналыг судалж холбогдох Байнгын хороонд хүргэнэ гэсэн заалтууд бий л дээ.

Өөрөөр хэлбэл, болохгүй байгаа асуудлыг олон талаас нь хэлэлцэж, хамгийн зөв, сайн шийдэлд хүрэх боломж байгаа юм. Өргөн баригдаагүй байгаа төсөл олон нийтийн анхаарлын төвд орж, маргаан үүсгэнэ гэдэг нь нэг талаас сайн зүйл. Тиймээс хуулийн хугацаа, төсөл өргөн баригдах журмын дагуу нийтээрээ, бүх оролцогч талууд дуу хоолойгоо өргөж, хэлэлцүүлэгт орох нь чухал. Нэн ялангуяа, мэргэжлийн байгууллагууд эрх ашгийн үндсэн дээрээс дуугарах хэрэгтэй гэж бодож байна.

-Ер нь ийн чангаруулсан зохицуулалт хийхээр өргөн мэдүүлж буй нь ямар учиртай (шалтгааныг нь) гэж Та бодож байна вэ?

-Нэг талд улстөрчдийг нийтээр нь харлуулдаг, гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг массаар тарааж, улс төрийн захиалгаар олон нийтийн санаа бодолд зүй бусаар нөлөөлөх явдал гаарч байгаа нь өөрөө хуулийг чангатгах хөрс болж байгаа мэт харагдаж байна. Миний эрх таны эрхээр хязгаарлагдана гэж үг бий. Хэдий улстөрч байлаа гээд тухайн хувь хүний талаар ор үндэсгүй, худал мэдээлэл тараах нь зохимжгүй зүйл. Тиймээс сэтгүүл зүйн салбарыг цэвэр тунгалаг байлгах, дөрөвдөгч засаглалын үүргээ гүйцэтгэх боломжийг нь бүрдүүлэх нь зөвхөн бодлого боловсруулагчдаас хамаарах асуудал биш бөгөөд сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагууд, олон нийт гэх мэт бүхий л талын хамтын зүтгэл шаардсан асуудал юм. Ерөнхийдөө худал мэдээлэлтэй холбоотой олон улсын зохицуулалтыг харахад агуулгын хязгаарлалт, тайлбаруудыг маш сайн хийж өгсөн байдаг. Худал мэдээлэл тараах явдлыг гэмт хэргийн ангиллаар зүйлчлэх явдал дэлхийн улс орнуудад ажигдагдаж байна. Тухайлбал Сингапур, Герман, Малайз, Франц, Орос зэрэг улсуудад худал мэдээлэл тараахын эсрэг хуулиудыг хэрэгжүүлдэг. Нэн ялангуяа “Сovid-19” үеэр эдгээр зохицуулалтууд чангарч байгаа. Сингапур гэхэд цахим орчинд олон нийтийн ашиг сонирхлын эсрэг хор хохирол учруулахуйц худал мэдээлэл тараасан тохиолдолд 10 хүртэлх жил хорих ялаар шийтгүүлэх ч боломжтой хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ бид үүн дээр хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгох ёстой. Хүний нэр төрд халдахгүй, гүтгэж доромжлохгүй байх, нөгөө талд сэтгүүлчийн мэдэх, хардах эрхээ эдлэхийг хөндөхгүй байх. Дээрх улсуудад хэрэгжүүлж буй худал мэдээлэл тараахын эсрэг зохицуулалтууд нь улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтныг ажил үүрэгтэй нь холбогдуулж хардах эрхийг боомилсон шинжгүй, хэвлэл мэдээллийг эрх чөлөөнд халдсан үндэслэл байхгүй байгааг бид анхаарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн ЦЕГ-ын Статистикаас гаргасан гүтгэх гэмт хэрэг, зөрчлийн тоог харлаа. Эндээс гурван дүгнэлтийг хэлж болохоор байна. Худал мэдээлэл тарааж, бусдыг гүтгэсэн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоо харуулж байна. Тухайлбал 2018, 2019 онуудад тус тус 500 гаруй зөрчлүүд бүртгэгдсэн байна.

Харин улс төрийн нөлөө бүхий этгээд сэтгүүлчийг холбогдуулж шалгасан тоог авч үзвэл нийт бүртгэгдсэн зөрчлийн хэрэг бүртгэлийн 5-6 хувьд л байна. Тиймээс хавтгайруулж ойлгохгүйгээр, улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой тайлбарыг хуульд оруулж өгвөл асуудал амархан шийдэгдэхээр байна.

2020 онд Сонгуулийн нөлөөгөөр улс төрд нөлөө бүхий этгээд сэтгүүлчийн эсрэг гаргасан гомдлоор үүсгэсэн хэрэг огцом нэмэгдсэн байна. Нийт гүтгэх гэсэн хэрэг бүртгэлийн дунд эзлэх хувь нь өсч 30 орчим хувь болсон байгаа юм. Үүнийг зохицуулсан Францын туршлагаар сонгууль болох хүртэл гурван сарын хугацаанд нэр дэвшигчийн талаарх худал мэдээлэл тараахыг хориглосон байдаг. Энэ мэт хэсэгчилсэн зохицуулалт тайлбаруудыг хуульд тусгаж өгснөөр одоо нийгэмд үүсээд, маргаан дагуулж буй асуудлыг шийдэх боломж байна. Нөгөө талаас сэтгүүлчдэд тулгардаг хүндрэл бэрхшээлүүдийг авч үзвэл сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан зөрчлүүдийн 3.6 хувь нь эрүүгийн хэрэг үүсгэсэн болон түр хорьсон, 16 хувь нь эх сурвалжаа илчлэхийг албадсан, 18.6 хувь нь бүх хэлбэрийн цензур тавьсан, 17.1 хувь нь сүрдүүлж дарамталсан гэх зөрчлүүд тус тус эзэлж байна. “Глоб интернэйшнл” ТББ-аас гаргасан зөвхөн энэ судалгаанаас харахад хуульд улс төрийн өндөр албан тушаалтантай холбогдох нэмэлт тайлбар зайлшгүй хэрэгтэй.

-Эрүүгийн тухай хууль 13.14 “Худал мэдээлэл тараах” заалтад ямар нэмэлт тайлбар оруулж өгснөөр сэтгүүлчдийн тавиад буй асуудлыг шийдэх боломжтой вэ?

-Илт худал мэдээлэл хэмээх ухагдахууны тайлбар тодорхой биш байгаагаас олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгааг бид бүгд харлаа. Энэхүү ойлголтод нэмэлт тайлбар хэрэгтэй гэж учраас УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа нарын хамт хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна. Тайлбарын гол агуулга нь, нэгдүгээрт, төрийн байгууллага гүтгэсэн гэх гомдол гаргахгүй байх. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж, хардаж сэрдсэн бол иргэнийг гүтгэсэн гэж гомдол гаргахгүй байх гэсэн агуулга юм. Энэ тайлбарыг оруулснаар одоо нийгэмд маргаан өрнүүлээд буй хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн хардах, мэдэх эрх зөрчигдөх асуудлаас сэргийлнэ. Хил хязгааргүй сэтгүүлчид ОУБ-аас жил бүр гаргадаг “Хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр Монгол Улс 2015 онд 180 орноос 54 дүгээр байр эзлэж байсан бол 2020 онд 73 дугаар байр эзэлж ухарсан. Үүний гол шалтгаан нь Монголд бүртгэгдэж буй гүтгэлгийн хэргүүдийн 50-иас илүү хувь нь сэтгүүлчид болон хэвлэлийн байгууллагын эсрэг байгаатай холбоотой гэсэн байна. 2017-2019 оны байдлаар Шүүхийн мэдээллийн санд олон нийтэд нээлттэй тавьсан “хүний нэр төр гутаасан” хэргийн нэхэмжлэгчдийн 1/3 нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан байсан. Тэдний маргааны гол зүйл нь нийтийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавихад чиглэсэн сэтгүүл зүйн бүтээлүүд байсан гэсэн судалгаанууд миний гарт байна. Бид эдгээр тоо мэдээллүүдийг харьцуулан, судалсны үндсэн дээр агуулгын хувьд тайлбар хэрэгтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа юм.

-Нэмэлт, өөрчлөлтөөр хэвлэл мэдээллийн байгууллага төдийгүй олон нийтийн сүлжээнд хаягтай 3000-гаас дээш дагагчтай иргэдэд ч хамааралтай болж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

Олон улсын практикт болон ЮНЕСКО-оос гаргасан тодорхойлолтоор олон нийтийн сүлжээнд контент бүтээгчдийг сэтгүүлч гэсэн ангилалд оруулж байна. Асуудал зөвхөн Монголд үүсээд байгаа биш, дэлхий дахинд өрнөж, улс орнуудад “fake news” буюу илт худал мэдээллийг хязгаарлах үүднээс олон нийтийн сүлжээний платформуудад зохицуулалтууд хийж байгаа.

Тиймээс олон улсын сайн туршлагуудаас суралцаж, дотооддоо хэнийг хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч гэж үзэх талаар нэг мөр ойлголтод хүрэх нэн шаардлага байгаа. Тухайлбал, комедиан Идэр-Одын подкастыг дунджаар 80.000-100.000 хүн үзэж байна. Гэтэл ийм хэмжээний хандалттай нэвтрүүлгүүд хэд байдаг билээ гээд бодох асуудлууд олон байна. Олон нийтийн сүлжээнд контент бүтээгчдийг яагаад сэтгүүлч гэж үздэг вэ? гэдэг дээр Оксфордын их сургууль, Рейторс агентлаг хамтран судалгаа хийсэн байдаг. Эдгээр хүмүүсийг сэтгүүлч гэсэн ангилалд оруулж буй шалтгаан нь нэгдүгээрт Түргэн шуурхай байдал. Тухайн судалгаанд оролцсон зургаан редактор тутмын тав нь нийгмийн сүлжээ хурдан учраас давуу талтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хоёрдугаарт үзэгчдэд хүрэх байдал. Нийгмийн сүлжээнд тараасан мэдээлэл үзэгчдэд илүү хүртээмжтэйгээр хүрдэг учраас. Харин олон нийтийн контент бүтээгчдийг сэтгүүлч ангилалд оруулахад тодорхой эрсдэлүүд бас бий гэдгийг судалгаагаар хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах болон нэгэнт тархсан худал мэдээллийг хянах маш хэцүү гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл худал мэдээлэл, гүтгэлэг нийгмийн сүлжээнд хурдацтай тархахаас сэргийлж, эрсдэлүүдийг багасгах зохицуулалтууд шаардлагатай. Тухайлбал, Австралид сонгуулийн үед улс төрийн маркетингийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн мэдээллүүдийг Face­book хянаж, блоклох эрхтэй болсон Германд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн Face­book хаягуудыг баталгаажуулах шаардлага тавьсан гэх мэт олон туршлагуудыг бид харж, суралцаж болно.

Олон нийтийн сүлжээнд ч мөн адил олон дагагчтай л бол нийтэд нь хавтгайруулсан зохицуулалт хийж, цензур тавихаас улс орнууд аль болох татгалзаж байгаа. Харин улс төрийн холбогдолтой мэдээллийг түгээх, оруулах, улс төрийн болон сонгуулийн мартекинг хийх зэрэгт нэгдсэн шаардлагуудыг тавьж, тухайн мэдээллийг түгээж буй платформуудад хязгаарлалт тавьж өгч байна. Өөрөөр хэлбэл, бид урт хугацаанд олон нийтийн мэдээлэлд хандах хандлага, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх боловсролын асуудал, богино хугацаанд бол агуулгын хязгаарлалтуудыг хийж өгөхөөс өөр сонголт байхгүй гэж харж байна.

Р.ЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *