Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас Төсвийн тухай хуулиар “Аймаг, нийслэлийн Засаг дарга төсвийн төслийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтын дагуу арваннэгдүгээр сарын 25-нд аймгийн 2021 оны төсвийн төслийг ИТХ-ын дарга Д.Даваадоржид өргөн мэдүүллээ. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Энэхүү төсвийг боловсруулахдаа 2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлтэй уялдуулсан. Удахгүй 2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг аймгийн ИТХ-д өргөн барина. Эдгээрийг боловсруулахдаа Говь-Алтай аймгийн ард иргэд, Нутгийн зөвлөл, бизнес эрхлэгчид болон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн намуудаас санал авлаа. Ингэснээр ард иргэдийн өмнө тулгамдсан бэрхшээлүүдийг шийдэх ажлууд мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан. Тухайлбал, боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, газар тариалан буюу жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх алим, жимс жимсгэнэ хөтөлбөр, сумын төвийн шинэчлэл түүний хөгжил, аймгийн төвийн гэр хорооллыг дэд бүтцэд холбох, орон нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлээд байна” гэсэн байна.
Categories