Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Э.Буяндулам: Бид ирэх онд анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа


“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан “THE WASABIES” хамтлагийн ахлагч Э.Буяндуламтай ярилцлаа.


-Сүүлд гаргасан “ХАС” дууны клип сансар огторгуйг бодит мэтээр харуулсан нь өвөрмөц санагдсан. Энэ дуугаа хэр удаан бэлдсэн бэ?
-“Хас” дуу маань “Time Machine” цомогт багтсан. Бид энэ цомгийнхоо зөвхөн аудион дээр бүтэн жил төвлөрч ажилласан. Тийм ч учраас шинэ цомгийн дуунууд маань дуулалтын хувьд ч, уран бүтээлийн хувьд ч илүү ахисан гэж бодож байна. Энэ дууны клипийг хийхэд хамгийн том баг бүрэлдэхүүн оролцсон. График дизайны ажил ихтэй байсан учраас “GL” production, “Within” entertainment-ын ах нар бараг хоёр сар клипний ажлыг хийсэн.
-Өөрсдийн дуугаараа хүмүүст юу хүргэхийг зорьдог вэ?
-Хамтлагийн бүх уран бүтээл дээр продюсер Б.Наранзун ах маань ажилладаг. Бид нэг сар, нэг улирал сонсоод мартагддаг биш цаг хугацааг туулах, чанартай уран бүтээл хийхийг хичээж байгаа. Тиймээс аудио продакшны ажилдаа маш нухацтай ханддаг. Тухайн үед мэдэрч байсан мэдрэмжээ сонсогчдодоо тэр хэвээр нь хүрээсэй гэж мэдэрч дуулахыг л хичээдэг. Түүнчлэн дуулсан дуугаараа үзэгч, сонсогчдодоо ямар нэгэн мессэж хүргэхээсээ илүү сонсогчдын жаргалтай үед нь баяр нэмж, гунигтай үед нь гунигийг нь хуваалцдаг уран бүтээл байгаасай гэж боддог.
-Аливаа зүйлд анхны юм бүхэн сайхан байдаг гэдэг шүү дээ. Хамгийн анхны уран бүтээлээ гаргасны дараахь мэдрэмж ямар байсан бэ?
-Хүмүүс яаж хүлээж авах бол, биднийг гарч ирэхийг хүлээж байгаа болов уу гээд их л догдлолтой байсан. Шоу дуусаад гурван сарын дараа анхны уран бүтээл маань цацагдсан учраас маш амжилттай явсан гэж боддог.
-“Wasabies” хамтлаг Монголын Дауны холбоотой хамтран цуврал ном гаргаж байгаа юм билээ. Ер нь сайн үйлсийн аянд хэр оролцдог вэ?
-“The Wasabies” хамтлаг сайн үйлсийн ямар нэг аян хийхийг хүсдэг. Тэгээд хоорондоо ярилцдаг байсан боловч шийдтэй ажил төлөвлөж чадаагүй.
Харин Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг ахтай уулзахад тус холбоотой хамтарч ажиллах боломж байгаа талаар сонссон. “Монголын Дауны Холбоо”-ны элч дуучин болсон нь бидний хувьд маш баяртай үйл явдал болсон. “Nepko Kids”, “Монголын дауны холбоо”-той хамтарч номоо гаргаж байгаа. Мөн хамтлагийн гишүүн бүрийн түүхийг агуулсан дөрвөн цуврал ном гарна. Зохиолын ажил маань дууссан болохоор хэвлүүлэх л үлдээд байна. Энэ номынхоо орлогын гурван хувийг “Монголын дауны холбоо”-нд хандивлана. Тун удахгүй номын нээлтээрээ уулзах байх аа.
-Танай хамтлаг Азид гарах хүсэлтэй гэж байсан. Дэлхийд танигдахын тулд гадаад хэлийг сайн эзэмшсэн байх шаардлагатай. Энэ талын мэдлэгээ хэр дээшлүүлж байгаа вэ?
-Тэгэлгүй яахав. Хамтлагийнхан маань өөрсдийн сонирхсон хэлээрээ суралцаад явж байна.
-Өөр өөрийн зан төлөвтэй охид байгаа байх. Хамтлагаа хэрхэн бүрдүүлж байв?
-Хамтлаг маань “Star academy” шоунаас төрөн гарсан. Өөрсдөө хамтлаг болъё хэмээн нэгдээгүй. Харин шоунд оролцсон өрсөлдөөнөөс тунаж үлдсэн охидууд хамтлаг болсон. Бид өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй учраас “YouTube” дээрх контентуудыг үзэхэд л анзаарагдах болов уу.

-Хамтлагаа яагаад “Wasabies” гэж нэрлэх болов?

-Продюсер Б.Наранзун ах маань хамтлагийн нэрийг өгсөн. Хоолой бичлэгийн үеэр нэрээ ярилцаж байхдаа “Sushi” гэж өгөх үү гээд тоглоомоор хэлж байсан юм. Тэгэхэд Б.Наранзун ах “Wasabi” гэж өгвөл зүгээр сонсогдож байна гэсэн. Энгийн нэг лангуун дээрх wasabi байлгахгүйн тулд “The” article нэмээд wasabi гэдэг үгийг “Wasabies” болгон хувиргаад “THE WASABIES” гэдэг нэрийг уран бүтээл болон бүхий л зүйлээрээ хүчтэй байхыг бэлгэдээд өгсөн.
-“Үгүй” дуу нь Азийн чартад нэлээн дээгүүр бичигдэж байсан санагдаж байна?
-2018 онд “Asian entertainment”-ийн гаргадаг Азийн уран бүтээлчдийн чартад “Үгүй” дуу маань 20 дугаарт бичигдэж байсан. Тэр үед Азийн шилдэг дууны жагсаалтад багтсан анхны монгол эмэгтэй хамтлаг гэж бодож байлаа. Тэр утгаараа илүү их хичээх ёстой юм байна, хариуцлагатай байх ёстой юм байна гэж бодсон.
-Хамтлагийнхаа өнгө төрхийг үргэлж шинэлэг, эрч хүчтэй байлгахыг хүсдэг санагдсан. Дүр төрхөө өөрсдөө бүрдүүлдэг үү. Эсвэл хувийн дизайнертай хамтарч ажилладаг уу?
-Анхны “Girls generation” цомгийн имиж бүрдүүлэлтийг би өөрөө найз залуутайгаа хамт хийж байсан. Бүх зүйлээ шинэлэг, өнгөлөг, өөр өнгө төрхтэй байлгах үүднээс их хичээж ажилладаг. Харин хоёр дахь цомог дээрээ бусад стилистүүдтэй хамтарч эхэлсэн.
-Гэр бүлийнхэн нь та нарыг хэр дэмждэг вэ?
-“The Wasabies”-ын эцэг эхчүүд хүүхдүүдээ харьцангуй дэмждэг. Нэгдүгээрт, урлаг эсвэл боловсрол байх ёстой гэдэг ч юмуу гэр бүлийн өөрийн онцлог байдаг байх. Миний хувьд аль алиныг нь тэнцвэртэй байлгах гэж хичээдэг. Шоу тоглолтоо бэлдэхийн хажуугаар хичээлээ заавал амжуулчихдаг. Их сургуулиа төгссөнөөс хойш зөвхөн хамтлагийн ажилд өөрийгөө илүү их дайчилж байгаа.
-“Wasabies” хамтлагийн хоёр ч гишүүн хамтлаг болохоосоо өмнө “Universe best song” уралдаанд оролцож байсан юм билээ?
-Тэр үед хамтлагийнхантайгаа танилцаагүй байсан учраас бүгдийг сайн мэдэхгүй. Д.Энхгэрэл, Э.Анужин хоёр маань 2016, 2017 онд “Universe best songs” тэмцээнд оролцож хоёулаа дөрөвдүгээр байранд орж байсан гэсэн.
-Залуу хамтлагийн хувьд цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид ойрын хугацаанд “Time Machine” цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Аудио продакшны ажил бүгд дууссан. Мөн 2021 онд “The Wasabies” хамтлаг анхны бие даасан тоглолтоо хийх том зорилго тавьсан.

Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *