Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар:Ойрын хавьтлын тандалтыг эцэслэн тогтоож дуусаагүй учир хөдөө орон нутгийн иргэдийг гаргахгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар голомтын бүсэд иж бүрэн ариутгал хийх, хяналтыг чангатгах, улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мөн түлш эрчим хүч, дулаан усан хангамжийн хомсдол үүсгэхгүй байх чиглэл өглөө.

Хурлын үеэр Шадар сайд Я.Содбаатар “Олон нийтийн арга хэмжээнд хөдөө орон нутгаас ирсэн 500 гаруй хүн байна. Үүнээс гадна хувиараа ирсэн хүмүүс гацчихсан байна. Энд хүмүүс уужуу хандаасай гэж хүсэж байна. Ойрын хавьтлын тандалт хийж дуусаж байна. Халдвар илэрсэн 12 хүн байгаа. Сэлэнгэд гурав, Улаанбаатарт 9. Энэ хүмүүст ойрын хавьталд 250 хүн байна. Хөдөө орон нутгаас ирсэн ойрын хавьтал байж байгаад тэр хүмүүсээ явуулчихсан тохиолдолд дахиад тэр аймагт хөл хорио тогтоох шаардлага гарна” гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Одоогийн байдлаар Улаанбаатарт есөн батлагдсан тохиолдол, Сэлэнгэд гурван батлагдсан тохиолдол байна. 255 орчим ойрын хавьтал үүссэн. Дам хавьтал 5300 орчим гарсан. Одоогийн байдлаар эрүүл мэнд, цагдаа, тагнуулын газрын албан хаагчид 4200 буюу 89 хувийг нь илрүүлсэн. Мэдээллийг нуусан болон бусад асуудлыг судалж үзээд нэмж хавьтлыг нэмэхгүй байхын тулд 14 хоногийг сунгахаас өөр аргагүй болж байна. УБ, Сэлэнгээс гадна дахин голомт гаргахгүйн тулд сунгахаас өөр аргагүй. Монгол Улс даван туулж буй хамгийн амжилттай улс хэвээр байгаа” гэж мэдээллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Иргэдийн махны хомсдол үүсгэхгүй байх үүднээс нөөцийн мах гаргаж байна. Зохион байгуулалт дээр тал талдаа асуудал байна. Маргаашнаас эхлээд нөөцийн мах худалдаалах цэгийг нэмнэ. Иргэддээ хандаж хэлэхэд битгий сандралдаач ээ. Нөөц хангалттай байгаа. Тал талдаа дэглэмээ зөв сахих хэрэгтэй. 14 хоногтоо махны болон хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй. Халдвар хамгааллын дэглэмээ зөв барья. Эрсдэлтэй үйлдэл битгий хийгээч гэж уриалах байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *