Categories
мэдээ улс-төр

Сумдад төрийн цахим үйлчилгээ нэвтрүүлэхэд 23 тэрбум төгрөг төсөвлөнө

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа, Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан гэдгийг тодотгов. Ирэх 2021 онд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрөл олгох процесс, нийгмийн халамж, төрийн албаны хүний нөөц, цалин хөлсний удирдлагыг цахимжуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг онцоллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд сумдад төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор нийт 23 тэрбум төгрөгийн өртөгтэй Хур системийг нэвтрүүлэх, дижитал Эрдэнэт, хөдөөгийн алслагдсан багуудыг холбоожуулах, зарим сумдыг шилэн кабелиар холбоход нийт 13.4 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт зургаан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус төсөвлөөд байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Төсвийн хуулийн төслүүдийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Мэдээллийн технологи, цахим шилжилттэй холбоотой зардалд 2021 оны нэгдсэн төсвийн төсөлд 30.1 тэрбум төгрөгийн зардал төсөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 50.3 хувь буюу 10.1 тэрбум төгрөгөөр их байгааг дурдав. Тухайлбал, Үндэсний дата төв нь төрөөс хэрэгжүүлж буй цахим системүүдийн төсөл хөтөлбөрийг дэмжин дэд бүтцийг хариуцан ажиллахаас гадна ДАН, ХУР, Тоон гарын үсэг, Үндэсний цахим шуудан зэрэг суурь системийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байгааг тодотгоод, систем тоног төхөөрөмжийн лицензийг сунгах, хамгаалах систем сайжруулах зайлшгүй шаардлагатайг онцлов. Тиймээс мэдээлэл технологи, үйлчилгээний зардалд 2.9 тэрбум төгрөг төлөвлөсөн байгааг дурдав. ТЕГ Глобал форум болон “BEPS”-ээс тавьсан олон улсын “ISO27000” цуврал стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангасан орчин бүрдүүлэх шаардлагатай системийн зардалд 1.7 сая төгрөгийг төсөвлөжээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж цахимаар гүйцэтгэлийг хянаж санхүүжих болсонтой холбогдуулан “Uptodate” цахим системийг нэвтрүүлэхэд 6.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Системийг нэвтрүүлснээр иргэд аль ч эмнэлэгт очсон хамгийн оновчтой эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилгээ, үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж үзсэнийг онцлов.

Үндэсний аудитын газраас нэгдсэн төсвийн төсөлд хийсэн дүгнэлтэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн ч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй гэж дурджээ. Мөн төрийн байгууллагын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, цахимжуулан татварын орлогыг нэмэх, төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжид үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олгох, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна гэж үзсэн байна. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулах төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ж.Чинбүрэн, Г.Дамдинням, Т.Доржханд, Г.Амартүвшин, Б.Саранчимэг, Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авлаа. Гишүүд шинжлэх ухааны суурь судалгаандаа хөрөнгө төсөвлөсөн хэвээр байгаа эсэх, эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулах инноваци технологийн агуулга шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг болох хөрөнгө төсөвлөсөн эсэх, салбарын яам энэ асуудалд ямар бодлого баримталж байгааг сонирхож байлаа. Мөн сүүлийн 10 гаруй жил ярьсан цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах ажил ямар шатандаа явааг тодруулсан.

Боловсрол, шинжлэх ухааны Дэд сайд Г.Ганбаяр хариултдаа, Өнгөрсөн долоо хоногт Сайдын зөвлөл хуралдаад инноваци технологио дэмжихэд төсөв, хөрөнгө оруулж чиглүүлэхээр шийдвэрлэсэн. Яам дээр Инноваци технологийн газартай болоод ажлыг нь өргөжүүлээд байна. Төсөвт 12 тэрбум төгрөг суулгасан. Цаашдаа төсөвлөсөн хөрөнгийг инновацид чиглэсэн, гарааны бизнесийг дэмжсэн ажилд чиглүүлнэ гэж байлаа.

Ажлын багаас, Ерөнхий сайдын захирамжаар цахим хөгжлийн багц хуулийн гурван төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар хамтран боловсруулж байгааг тодотгоод УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж нэмж тайлбарлав.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Харилцаа холбоо мэдээлэл, технологийн бүтцийн өөрчлөлт, орон тоог нэмэхтэй холбоотой урсгал зардлыг нэг тэрбум 1.5 сая төгрөгөөр нэмэх, төсвийн төслөөс ТЭЗҮ хийгдээгүй төсөл, арга хэмжээг хасах замаар эх үүсвэр гаргах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Ингээд уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *