УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хэлсэн үг монголчуудын орой руу орж байна. Тэрбээр “Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш, тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна. Асуудлынхаа эрэмбийг олж харъя! Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох нь л чухал байна. Баялаг нь байна, боломж нь байгаа. 80 сая дөхөж байгаа мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн байгаа. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Мөн орлого яаж олох арга замыг нь ч бас чиглүүлж, төрийн бодлогод хэрхэн тусгахыг сануулж байна лээ. УИХ-ын гишүүд маань анхаарч, тогтож сонсоо байлгүй.
Үнэхээр асуудлын голыг олж харж чаджээ. Угаасаа хөгжил бага, эдийн засгийн үзүүлэлтүүд нь тааруу байгаа улс орон маань сүүлийн нэг жил коронагийн аюулаас болж орлогоо алдсаар л байна. Зэс, нүүрс зэрэг экспортын голлох түүхий эдийн үнэ олон улсын зах зээлд савлаж эхэлсэн. Эдийн засгийн гол зүтгүүр үндэсний том компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа. Жижиг, дунд бизнес эрхлэгчид бол амиа аргацаах төдий л байна. Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр, тэтгэмж л ард түмний амьжиргааны эх үүсвэр болсон. Гэх мэтээр дурдах юм бол улс орны хөгжлийн тулгуур үзүүлэлтүүд хасах тийшээ заагаад удаж байна. Ийм үед орлого олох шиг хэрэгтэй юм алга. Энгийн нэг багахан орлогоор улс орон хөл дээрээ босох хэцүү. Ерөнхийлөгчийн хэлдгээр үерийн ус шиг их орлого л эдийн засгийг өсгөх дорвитой хөшүүрэг болно. Ингэж орлого ярьдаг төрийн зүтгэлтэнтэй анх удаа байж үзлээ. Өөрөө мөнгө олж үзсэн, ашиг орлогоо алдвал хэрхэн сүйрч дампуурдгийг мэддэг хүн л ингэж санаа зовж, бусдадаа сануулж, хонх цохидог юм. Түүнийг сэрж мэдэрдэг нь хэд юм, харин. Эрх баригч МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд нэлээн эгцүүцэж байх шиг харагдсан. Энэ нам бол хуучин коммунист угшилтай, тэр үзэл баримтлал нь амь бөхтэй хадгалагдсаар ирсэн. Улс орны жаахан хөрөнгийг ард иргэддээ хувааж өгдөг. Эсвэл хөрөнгө мөнгөтэй арай дөнгүүр сэтгэдэг нэгийгээ барьж хориод хөрөнгийг нь хурааж нийгэмчилж явсан нам. Тэр хөрөнгийг ядууст ч өгсөн юмгүй, өөрсдөө цөлмөдөг жишигтэй. Та анзаарч харсан бол амьдралдаа бизнес хийж үзээгүй дарга нар Монголын толгой баячууд байх жишээтэй. Ийм удирдлагууд улс орноо баяжуулах, иргэдээ орлоготой болгох талаар сонсоод эгдүүцэж байна уу.
Хэд хоногийн өмнө манай сонины нийтлэлч П.Хашчулуун “Монголд хүүхдийн мөнгө өгөхөө больсны дараа юу болохыг таашгүй” хэмээн бичсэн. “Нөхөр бид хоёр ажилгүй. Ажилгүй болохоор хүнсний талон сар бүр авдаг. Таван хүүхдийн 500 мянга сар бүр авна. Дээр нь нөхрийн маань группийн мөнгө овоо нэмэр болно. Ер нь амьдрал дажгүй шүү…” гэх айлын эзэгтэй. Үүнтэй адилхан орлоготой олон гэр бүл хүүхдийн мөнгө өгөхөө болихоор яаж амьдрах вэ? гэсэн нийтлэлчийн эмзэглэл Монголын жирийн амьдралын дүр төрхийг дэлгэсэн юм.
Улс орон орлого гэхээр юмгүй шахуу байж байгаагаа тарааж өгөөд дуусч байна. Ядаж ингэж тараах орлогоо олмоор байгаа юм. Монгол Улс мал аж ахуйн орон гэдэг. 80 сая малтай л гэнэ. Гэтэл махаа олигтойхон экспортолж байгаа юм алга. Хэдэн саяар нь зуданд үхүүлж, бэлчээрээ талхалж, худгийн хэрүүл хийгээд л сууж байна. Малаас гардаг түүхий эдийг гадагш нь гаргах тухай бүр бодох юм биш. Өвөл болохоор уул овоо шиг их арьс шир Эмээлтийн ченжүүдийн хашаагаар дүүрдэг. Хавар нь ихэнхийг нь өмхийрүүлээд хаядаг улс орон биднээс өөр хаана байдаг юм бол. Төмөр замын бүтээн байгуулалтууд, уул уурхайн бодлого яг ингэж явдаг. Нэгнээ хорлох гээд улс орноороо хохироод өнөөдрийг хүрчээ. Энэ олон жил орлого олох ямар нэг алхам хийгээгүй, томхон бүтээн байгуулалтууд цаасан дээр бүдгэрч алга болдог гээд бодохоор монгол хүн Монголдоо, монголчууддаа ямар хүнийрхүү сэтгэлээр ханддаг байгаа вэ.
Орлого, маш их орлого хэрэгтэй гэж Ерөнхийлөгч сануулж байна. Өнөөдрөөс орлого олох гэж хэн хүнгүй сэтгэмээр, ажилламаар байгаа юм. Орлого олох үндэс бол хөдөлмөр. Хүн бүр ажиллаж хөдөлмөрлөх, тийм нөхцөлийг нь бүрдүүлж өгөх л чухал юм. 1960-аад оны үеийн Японы нэг зураг байдаг юм. Ажлаа тараад вагоноор явж байгаа хүмүүс тэр чигээрээ унтаж байгаа зураглал. Япончууд их, багагүй шургаж унаталаа хөдөлмөрлөж байж өнөөдрийн өндөр хөгжилд хүрсэн байдаг. Монголчууд ч гэсэн халамжийн мөнгөнд найдаж суулгүй дээр доргүй ажилламаар байна. Ажлын байр, орлого олох хэрэгслийг нь бодлогоор дэмжих, гарц гаргалгаа олох шаардлагатай байна.
Сүүлийн үед манайханд нэг эвгүй хандлага тогтчих гээд байгаа нь анзаарагддаг. Ажил хийдэг, баялаг бүтээгчид рүүгээ дайрах, хөрөнгө мөнгөтэй нэгнээ нийтээрээ ад үзэж байна. Хийж бүтээж байгаа хүн орлого олдог, хуримтлал үүсгэдэг. Авлигач түшмэдээс бусад хөрөнгө мөнгөтэй нэгнээ бид хүндэлж, бахархан дуурайх ёстой. “Энэ муу яасан их хадгаламжтай юм” гэж атаархахын оронд энэ хүн шиг хөдөлмөрлөвөл би ч бас ийм орлого олж болох юм гэж эрүүлээр сэтгэ. Хөлсөө дуслуулж, хөдөлмөр хийсэн хүн л ийм эрүүл ойлголттой болдог юм.
Маш богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүрсэн Сингапурын туршлагыг бид хуулаад нутагшуулж хэрэглэвэл болохгүй юмгүй мэт санагддаг. “Сингапурын өмнө ямар ч асуудал тулгарсан бай яг ижил асуудлыг хэн нэг нь хаа нэгтээ шийдсэн л байж таараа. Иймд тэр шийдлийг олж хуулаад Сингапурт нутагшуулъя” гэсэн зарчмыг тэд баримталдаг байж. Мөн тэд хэн их танил талтай нь бус хамгийн чадварлаг нь удирдах албан тушаалд томилогддог төрийн тогтолцоог бүрдүүлж, авлигын эсрэг хаалт хийж чадсан юм.
О.ТУЯА