Нийслэлийн Онцгой комиссын дансанд төвлөрсөн хандив, тусламжийн мөнгөнөөс дарга нар өөрсдийгөө шагнасан баримт дэлгэгдэж, нүдний булайгаа чирч байна. Энгийн иргэд, тэтгэврийн хөгшид, номоо зарсан хүү хүртэл аймшигт цар тахлын эсрэг өөрт байгаа тав, арван төгрөгөө илүүчилж хандивласан. Албан байгууллагууд ч хөрөнгө чадлынхаа хэрээр хандивын дансанд мөнгө өгсөн. Ингэж цугласан мөнгөнөөс өөрсдийгөө шагнаад сууж байгаа дарга нар үнэхээр өлөн юм. Энэ өлөн сэтгэлгээ, хомхой байдал зэвүүн харагдаж байна. Хотын захиргааныхан ийм сувьдаг, ёс суртахуунгүй гэдгээ харууллаа. Мөнгөний их бага, авсан өгсөндөө асуудал байгаа юм биш ээ. Ёс суртахуунгүй, хөгийн зан гаргасанд л учир байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сард ковидын үед хэрхэн ажиллах талаар Чингэлтэй дүүрэгт нэг өдрийн турш хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийсэн юм. Үүнийг сайн зохион байгуулсан, илүү цагаар ажилласан гэж хотын удирдлагууд дарга нараа шагнасан юм байх. Үнэндээ хэдэн цагдаа, онцгойгийн ажилтнууд л өдөржин гудамжинд зогсож харагдсан. Халуун цэг дээр нь ажилласан тэднийгээ биш өөрсдийгөө шагнажээ, манай дарга нар. Өнгөрсөн парламентын үед баахан гишүүд албан тушаалаараа далимдуулан ЖДҮ-ийн сангийн мөнгөнөөс хувийн компаниуд руугаа шилжүүлж авцгаасан нь өнөөдрийн дарга нарт бахархан дагах үлгэр дуурайл болжээ гэмээр. Гэхдээ онц байдлын үеийн хандив тусламжаар биенээ шагнасан дарга нар “ЖДҮ-ийнхэн 950 сая төгрөг авсан. Тэрний хажууд бид дөнгөж нэг сая төгрөг авсан, сүртэй юм биш” гэсэн хандлага гаргаж байна. Тооны хувьд ингэж харьцуулан барьцаж болох ч энэ нэг сая төгрөг бол ёс суртахууны хувьд асар өндөр шийтгэл ногдуулах ёстой хулгай юм. Дайны хүнд хэцүү үед цэргийн хүнс хулгайлсантай ижил үйлдэл боллоо. Авлигач түшмэдтэй улс орон дайны үед цэргийн хүнснээсээ хулгайлж зараад баяждаг. Ард нь өлсгөлөн цэргүүд байлдах нь бүү хэл өлбөрч, тэр улс тусгаар тогтнолоо алдсан үй түмэн жишээ уран зохиолын болон түүхийн сурах бичигт байдаг. Өвчин зовлон, цар тахлын улмаас улс орон даяараа онцгой байдал зарласан, хөл хорио тогтоосон, эдийн засгийн хязгаарлагдмал байдалд орсон ийм үед хандив тусламжийн мөнгөөр дарга нар бие биенээ шагнана гэдэг ёс суртахуунгүй байгаагийн томоос том, тодоос тод илрэл. Тэдний барьцаад байгаа ЖДҮ-ийн сангийн мөнгөнөөс хувьдаа завшигчид бол бас л жигшмээр хулгай дээрэм мөн. Гэхдээ ЖДҮ-ийн хулгайчдыг тайван цагт хулгай хийсэн юм гэж арай зөөллөж байгаа болохоос төрийн мөнгийг хоосортол нь хамдаг манай дарга нарын төлөөлөл гэдгийг мартаж болохгүй. ЖДҮ-ийн сангаас мөнгө хувьдаа авсан гишүүдийг шийтгэх шийтгэл ч инээдтэй юм болсон доо. Таньдагуудаа авч үлдэж дарга сайд болгоод, дургүй хэдээ л шоронд явуулсан байдаг.
Ийм л сувдаг, дэнэмгий, өлөн дарга нарын тухай нийгмээрээ шуугьж байна. Тэд бол одоогийн хотын даргын ажлыг орлож байгаа Ж.Батбаясгалан, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Тамгын газрын дарга Ц.Уртнасан болон нийслэлийн газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар, Д.Дашдорж, нийтлэг үйлчилгээний газрын дарга Х.Эрдэнэбилэг, Шуурхай удирдлагын газрын дарга Ч.Ган-Очир, нийслэлийн цагдаагийн дарга Д.Ядамдорж, дэд дарга И.Гантөгс, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа нар юм. Энэ хүмүүст ёс суртахууны хариуцлага хүлээлгэж, цаашид улс төрийн болон олон нийтийн албанд ажиллахыг хориглох ёстой. Цаашид ийм жишиг тогтоохгүй бол “их, бага нь хамаагүй идэж л байвал болно” гэсэн зарчимтай хүмүүс төрд олшрох нь. Бас болоогүй ээ, ичсэн хүн хүн ална гэгчээр “Манай дарга нар дандаа шагнал урамшууллаас хоцордог болохоор шагнасан юм” гээд өөрсдийгөө өмөөрч байна. Тэднийг ийм ажил хий гэж төрөөс илүү сэтэр зүүлгэж, эрх мэдэл олгож, ямба эдлүүлж байгаа. Хэн ч тэднийг албадаж, хүчилж албан тушаалд чирч аваачаагүй.
Нээрэн, дэнэмгий гэдэг үгийг мэдэх үү. Юу ч гололгүй хулгай хийдэг, цөлмөдөг, нүүрэмгий, эрээ цээргүй хүнийг хэлдэг юм.
О.ТУЯА