Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбилэг: Чөлөөлөх дайнд БНМАУ оролцсон нь тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх бодлого байсан

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙД


Чөлөөлөх дайны 75 жилийн ой есдүгээр сарын 2-нд тохионо. Монгол, Зөвлөлтийн цэргийн давшилтаар эхэлсэн Ази дахь чөлөөлөх дайн 1945 оны есдүгээр сарын 2-нд Япон улс бууж өгснөөр төгсгөл болсон байдаг.


Энэ дайны тухай түүхийн ухааны доктор Б.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

-Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ сэдвийн талаар судалгаа хийдэг судлаачийн хувьд сүүлийн үеийн судалгааны ажлаасаа сонирхуулахгүй юу?

-Юуны өмнө төрийн тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал алхам болсон Чөлөөлөх дайны ялалтын ойн мэндийг “Өдрийн сонин”-ы эрхэм уншигчдадаа хүргэе. Миний хувьд 2018 онд “1945 оны чөлөөлөх дайн ба БНМАУ-ын Улсыг аюулаас хамгаалах байгууллагын үйл ажиллагаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш энэ сэдвийнхээ судалгааг үргэлжлүүлэн нэгэн сэдэвт бүтээл болон хэд хэдэн судалгааны өгүүлэл гаргалаа. Энэ онд тохиож байгаа ялалтын ойд зориулан “Тусгаар тогтнолын дайн. /1945 оны чөлөөлөх дайн/” нэгэн сэдэвт бүтээлээ нийтийн хүртээл болгоход бэлэн болсон.

Судалгааны ажлаараа дамжуулан залуу үедээ монголчуудын тусгаар тогтнолын тэмцлийн түүх, төлсөн төлөөс, дэлхийн геополитекийн шатрын нүүдэлд хэрхэн өртөж өнөөдрийн тусгаар тогтнолыг авч үлдэж, хоёр их хөрш, цаашлаад дэлхийн бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлсэн хийгээд энэ нь ямар их үнээр олдсоныг түүхийн баримтаар нотлон ойлгуулахыг зорьж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өнөөдрийн тусгаар тогтнолын түүхийн талаарх ойлголт бүдгэрч, залуу үе тусгаар тогтнолын үнэ цэнэ, ач холбогдлыг төдийлөн анхаарахаа больсон мэт санагддаг.

-Японы эзэгнэлээс Ази, Номхон далайн орнуудыг чөлөөлөхийн тулд чөлөөлөх дайныг эхлүүлсэн гэдэг?

-ХХ зуунд аж үйлдвэржин шинээр хүчирхэгжин гарч ирсэн их гүрнүүдийн дэлхийг дахин хуваах, өөрсдийн нөлөөний хүрээг тогтоох, эд баялаг эзэмших бодлогын харгайгаар түүхэнд хүн төрөлхтөн энэ зуунд хоёр их дайны хөлд нэрвэгдэж, асар их хэмжээний хохирол үзсэн. Ялангуяа 1939-1945 онд өрнөсөн дэлхийн II дайн бол урьд өмнө үзээгүй их хор хөнөөлийг авчирсан. Дэлхийн II дайны төгсгөл үе буюу түүх бичлэгт “Ази, Номхон далайг Японы милитаризмаас чөлөөлөх дайн” гэж нэрлэгдсэн энэхүү дайныг Германы фашизмын эсрэг холбоотон гүрнүүдийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ зүүн хойт Азийг чөлөөлөх, АНУ Номхон далайн зүүн өмнөт хэсгийг Японы эзэгнэлээс чөлөөлөх үүднээс эхлүүлсэн байдаг.

Дэлхийн II дайны явцад эргэлт гаргасан чухал уулзалтууд бол Холбоотон гүрнүүд болох ЗХУ, АНУ, Их Британийн удирдагчдын уулзаж байсан Тегеран, Ялта, Потсдамд болсон уулзалтууд байсан. Эдгээрээс Монголын тусгаар тогтнолын асуудлыг хөндсөн түүхэн чухал уулзалт бол Ялтын хэлэлцээр байгаа юм. 1945 оны хоёрдугаар сард Холбоотон гүрнүүдийн Крымийн Ялтад болсон уулзалтаар Герман үг дуугүй буун өгч, Европт дайн дууссанаас хойш 2-3 сарын дараа ЗХУ холбоотны талд орж, Японы эсрэг дайнд тодорхой болзолтойгоор орохоор тогтсон. Эдгээр болзлын нэгдүгээр зүйлд ЗХУ-аас тавьсан саналын дагуу БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудал байсан. Мэдээж үүний дараа ЗХУ-ын эрх ашигт нийцсэн Курил, Сахалины арлуудыг буцаан авах, Хятадад онцгой эрх авах зэрэг асуудлууд багтаж байсан.

АНУ Ази дахь Японы түрэмгийллийг богино хугацаанд хүн хүч, эдийн засгийн хохирол багатайгаар зогсоохын тулд ЗХУ-ыг дайнд татан оролцуулахдаа И.В.Сталины ямар ч болзлыг хүлээн авахад бэлэн байсан бөгөөд тэр нь Зөвлөлтийн Алс Дорнод дахь алдсан газар нутгаа эргүүлэн авах сонирхолтой нийцсэн тул талууд хурдан хугацаанд тохиролцоонд хүрч чадсан байдаг.

-Чөлөөлөх дайнд Монгол Улс оролцсон нь улс төрийн маш чухал ач холбогдолтой байсан гэцгээдэг шүү дээ?

-Монгол Улс тэртээ 1911 онд Манж Чин гүрнээс салан тусгаарлаж, өөрийн тусгаар тогтнолыг тунхаглан зарласан боловч эрх зүйн хувьд баталгаажуулж олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадалгүй явсаар 1945 оныг хүргэсэн байдаг. Мэдээж үүнд хоёр их хөршийн бодлого нөлөөлж байсан.

Японы эсрэг явуулах чөлөөлөх дайнд БНМАУ-ыг оролцуулах тухай асуудлыг И.В.Сталин нарын ЗХУ-ын удирдлага 1945 оны долдугаар сарын эхээр БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсаныг Москвад урьж авчран, Зөвлөлт-Хятадын хэлэлцээний тухай мэдээлсний дараа Японы эсрэг дайнд Монгол ямар хэлбэрээр оролцох тухай хэлэлцэн тохиролцсон байдаг. Х.Чойбалсаныг Зөвлөлтөд очиход Зөвлөлтийн тал өндөр хэмжээний айлчлалын хэмжээнд угтан авсан нь БНМАУ-ыг тусгаар тогтносон улс бусад орны дипломатууд болон ДИУ-ын төлөөлөгчдөд харуулах ЗХУ-ын удирдагчдын дипломат бодлого байсан.

Зөвлөлт-Хятадын хэлэлцээр 1945 оны 6-8 дугаар сарыг хүртэлх хоёр сар орчмын хугацаанд есөн удаа хуралдсан бөгөөд хэлэлцээр сунжирсан гол асуудал нь БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудал байв. И.В.Сталины Монголын тусгаар тогтнолыг Гоминьданы Хятадын талд хүлээн зөвшөөрүүлэх хүчин чармайлтын үр дүнд сар гаруй үргэлжилсэн уг хэлэлцээрийн үр дүнд хоёр тал БНМАУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцсон.

Уг хэлэлцээрийн дараа Гоминьданы Хятадын Засгийн газраас “Монголын ард түмэн тусгаар тогтнолоо хадгалан байх гэсэн хүсэл эрмэлзлээ бүх нийтийн санал хураалтаар баталбал БНМАУ-ын тусгаар тогтносон байдлыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрөн хүлээнэ” гэж мэдэгдсэний дагуу чөлөөлөх дайны ялалтын дараа 1945 оны аравдугаар сарын 20-нд БНМАУ-д тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт явагдаж, Хятадын талаас Засгийн газрын төлөөлөгчид ирж санал хураалтын явцыг ажигласан байдаг. Гоминьданы Хятадын Засгийн газар Монголын ард түмэн төрийнхөө тусгаар тогтнолын төлөө нийтээр 100 хувь саналаа өгсөн дүнтэй танилцаад, 1946 оны нэгдүгээр сарын 5-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. 2000 онд Монгол Улсад явагдсан санал асуулгаар тусгаар тогтнолын төлөөх санал хураалт ХХ зууны хамгийн ач холбогдол бүхий 10 үйл явдлын нэгээр нэрлэгдсэн байдаг.

-Тэгэхээр чөлөөлөх дайн бол монголчууд тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх гол ач холбогдолтой байжээ?

-БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхаглалд тавьсан зорилгоос үүдэн “Чөлөөлөх дайн” хэмээн нэршсэн уг дайнд БНМАУ оролцсон нь цэрэг дайны ажиллагаа гэхээсээ илүүтэй БНМАУ-ын хувьд тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх алсын хараатай улс төрийн чухал ач холбогдолтой бодлого байсан. Үүнийг хожим 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагад элсэх өргөдөл дээр “Нийтийн дайсныг устгах” үйл хэрэгт оруулсан БНМАУ-ын хувь нэмэр нь НҮБ-д элсэхэд нэгэн шижим болохыг дурдаж байсан нь энэ бодлогын илрэл байсан.

Их гүрнүүдийн геополитикийн хайчинд өртөж, тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадаагүй байсан монголчууд чөлөөлөх дайнд ЗХУ-ын бодлого, шатрын нүүдлээр оролцож, ЗХУ ч өөрийн эрх ашгийн үүднээс Монголын асуудалд хандаж, Монголын тусгаар тогтнолыг их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, тусгаар тогтнолоо хөрш улсууд болон бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх тэрхүү түүхэн үйл явдлын үндэс суурийг тавьсан Чөлөөлөх дайны түүхийг судлан нийтэд хүргэх нь хойч үед тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүхийн сургамжийг ойлгуулах чухал ач холбогдолтой болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *