Categories
мэдээ цаг-үе

Б.Бадамцэцэг: Төрсөн өдрөөрөө бусад хүмүүсийг, хүүхдүүдийг баярлуулах нь илүү гоё байдаг

“Family dent” шүдний эмнэлгийн эмч Б.Бадамцэцэгтэй ярилцлаа. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс өргөмжлөлтэй түүнийг хүмүүс телевизийн олон ангит “Хэцүү анги” уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр нь илүүтэй мэддэг билээ.


-Та саяхан төрсөн өдрөөрөө 40 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж өгчээ. Сайн үйлс хийсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Таны үеийн охид бүсгүйчүүдийн хувьд төрсөн өдрөө тэмдэглэдэг хэв маяг бий. Насныхаа тоог илэрхийлсэн шаар үлээгээд найзуудтайгаа тансаг орчинд, ганган хувцас өмсөж тэмдэглэдэг. Гэтэл та төрсөн өдрөөрөө сайн үйлс хийжээ?

-Төрсөн өдрөөрөө хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг болоод гурван жил болж байна. Төрсөн өдрийн хувьд энэ өдрийг тэмдэглэх арга барил нь хүн хүнд өөр өөр байдаг. Хүн хүний хувьд баяраа хэрхэн тэмдэглэж байгаагаасаа таашаал авдаг нь ч өөр байдаг шүү дээ. Нэг өдрийг байнга уулзалддаг найзуудтайгаа уулзаад бялууны лаа үлээгээд суухаас илүүтэй хэзээ ч уулзаж байгаагүй хүүхдүүдтэй уулзаж, тэднийг баярлуулж, эцэг эхийг нь ч давхар баярлуулдаг.

Өнөөдөр Монголд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөл өндөр байгаа. Хүүхдийнх нь шүдийг нэг удаадаа ингээд эмчлээд өгөх нь ялангуяа залуу гэр бүлүүдэд эдийн засгийн хувьд нэлээд том хөрөнгө оруулалт болж байгаа байхгүй юу. Миний энэ үйлдэл бол “Хүүхдийнхээ шүдийг анхаарах ёстой юм байна” гэдэг ойлголтыг эцэг эхчүүдэд өгөх. Ингэхийн тулд би энэ ажлыг гурав дахь жилдээ хийлээ. Монголд хүүхдийн амны хөндийн өвчлөл маш өндөр түвшинд байдагт эмзэглэж явдаг.

-Хүүхдийн шүдийг эмчлэхэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулна. 40 хүүхдийн шүдийг эмчлэх зардлаа яаж гаргадаг вэ. Хүмүүс тусалдаг уу?

-Үгүй, үгүй. Бүгдийг өөрөө л зохицуулдаг. Эмнэлгийн зүгээс багаж тоног төхөөрөмжөөр хангаж, нэг удаагийн багажнууд өгдөг. Мөн сувилагчид маань хүүхдүүдэд тусалдаг. Эмнэлгийн зүгээс үзлэг хийх цэвэр, ариутгасан орчинг бүрдүүлж өгдөг.

-Төрсөн өдрөөрөө таны хэлдгээр байнга уулздаг найзуудаа дуудаад лаа үлээхээс илүүтэй буян үйлдэж, нийгэм рүү хандсан сайн үйлс хийх нь шинэ үеийн залуусын хандлага болоод байгаа шүү?

-Энэ насандаа, энэ дэлхий дээр нэг л удаа амьдрах юм чинь. Миний хувьд долдугаар сарын 27-ны өдөр бол энэ дэлхий дээр ирсэн өдөр минь. Ирсэн өдрөөрөө ганцаараа баярлах биш, бусад хүмүүсийг, хүүхдүүдийг баярлуулах нь баярлаж байгаа тэр хүмүүстээ ч, өөртөө ч гоё байх юм болов уу гэж боддог шүү дээ. Миний хувьд төрсөн өдрөө нэг их айхавтар сүртэй тэмдэглэдэггүй. Оюутан байхдаа л төрсөн өдрөөрөө ийм гоё үйл ажиллагаа хийж үзэх юмсан гэж их боддог байсан юм. Мэргэжлийн эмч болоод жаахан туршлагатай болоод бие дааж үзлэг хийж, хүүхдүүдэд зөвлөгөө өгөх чадвартай болсон учраас энэ үйл ажиллагааг хийх болсон.

-Энэ жил хүүхдүүд гэртээ, хөл хорионд байсан учир элдэв чихэр жимс, ундаанаас хол, гэрийнхээ хоол хүнсийг идэж байгаа болохоор өвчлөл нь харьцангуй бага байж мэдэх юм. Тан дээр ирсэн 40 хүүхдийн хувьд ямархуу байв?

-Төрсөн өдрөөр минь ирж үнэгүй эмчлүүлсэн хүүхдүүдээс шүд нь цоо эрүүл байсан гэвэл 10 хувь нь л байсан байх шүү. Би “Долоон нас хүртэлх хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ” гэж зар тавьсан. Учир нь эцэг эхийн хувьд хүүхдийн шүд арчилгааг таван нас хүртэл нь хийх ёстой. Энэ бол эцэг эхийн хариуцах ёстой ажил байдаг. Хүүхдийн шүд эрүүл байх эсэх нь таван нас хүртэлх шүд арчилгаанаас нь хамаардаг. Түүнээс цааш эцэг эх нь өөрсдөө хүүхдэдээ шүдээ байнга, тогтмол, зөв угаахыг үлгэрлэж, шүд угаахын ач холбогдлын талаар ярьж тайлбарлаж, ойлгуулах ёстой байдаг, долоон нас хүртэл нь. Тэгэхээр долоон нас хүртэлх хүүхдүүдийн шүд маш хүндээр өвдөж, өвчилж байгаа нь бүгд эцэг эхийн буруу гэж боддог. Үзлэг хийж байхдаа эцэг эхэд нь маш сайн зөвлөгөө өгдөг. Шүдний эмнэлэгт хандаж ирж байгаа үйлчлүүлэгчдийн дунд нэг сонин үзэгдэл бий. Хоёр настай хүүхдээ дагуулж ирээд “Одоо шүдийг нь угаах болсон уу” гэж асуудаг эцэг эхчүүд хүртэл байдаг. Энэ бол нэг хүний асуудал биш. Монголын түвшинд, эцэг эхчүүд, залуу гэр бүлүүд, эмээ өвөө нарын дунд ч амны хөндийн арчилгааны талаар мэдээлэл хомс, мэдлэг муутай гэж би хувьдаа дүгнэдэг.

-Хүүхдийн шүдийг хэзээнээс эхэлж угаах ёстой вэ?

-Дөнгөж төрсөн цагаас нь л эхэлж амны хөндийг нь арчлах ёстой.

-Нярай хүүхдийн хэлний өнгөрийг цэвэрлэдэг. Тэр чинь амны хөндийн арчилгаа хийж байгаа нэг хэлбэр биз?

-Эхчүүд дөнгөж төрсөн хүүхдийн зөвхөн хэлийг нь л цэвэрлээд орхичихдог. Аман дотор нь ганцхан хэл байхгүй шүү дээ. Салст, буйл, завж байна. Бүгдийг нь цэвэрлэх ёстойгоо мэддэггүй. Энэ талаарх мэдээлэл, контентыг телевизүүдээр гаргадаг рекламны завсар зайгаар түлхүү явуулж байвал хүүхдүүдэд, хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй болов уу. Энэ талаар бодсон ажил бий ч одоогоор хүүхдүүд минь жаахан байгаа болохоор хэрэгжүүлэх боломж хараахан олдохгүй л байна.

-Та “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрийг бүтээсэн. Дараа нь миссийн тэмцээнд орж түрүүлж байсан?

-Тийм нэг тэмцээнд орж байсаан, орж байсан (инээв).

-Мисс, жүжигчин бүсгүйчүүд олонд танигдсаныхаа дараа дараа алга болчихдог. Үе үе лайваар бараа зарж л харагддаг шүү дээ. Гэтэл та тэднээс огт өөр. Нийгэм рүү хандсан, нийтийн эрүүл мэнд рүү чиглэсэн ажил хийгээд явж байгаа нь хүмүүсийн талархлыг хүлээж байна?

-Ер нь бол би энэ үзлийн эсрэг байр суурьтай байдаг. Олны танил хүн гэхээрээ яагаад заавал амар хялбараар амьдардаг гэж боддог юм бэ. Дийлэнх хүмүүс тэгж боддог. Миний мэддэг, миний хүрээлэлд байдаг олны танил хүмүүс бүгдээрээ маш хөдөлмөрч. Хөдөлмөрлөж чадаж байгаа хүмүүс далд байгаа. Би ийм юм хийж байна, би ингэж байна гэж ил гарч ирж ярихгүй байгаа л болохоос бүгдээрээ цаанаа хөдөлмөрлөж байгаа. Зарим нь дөнгөж бизнесээ эхлүүлээд үйлчлүүлэгч татахын тулд лайв хийх нь бий. Тэрийг нь хүмүүс буруу ойлгоод “Олны танил болчихоороо л янз бүрийн юм рекламдаад, болсон болоогүй юм хийгээд байна” гэж ойлгодог тархиндаа кодтой болчихоод байна. Миний хувьд үүнийг эрс няцаадаг. Адилхан л хүн, адилхан л энэ Монгол Улсад амьдарч байгаа иргэн хүн. Өөрийн гэсэн чадавхаа ашиглаад хөдөлмөр эрхэлж байгаа л гэж боддог шүү дээ.

-Таныг эмч гэхээсээ илүүтэй “Хэцүү анги”-ийн Гэрлээгийн дүрээр тань хүлээж авдаг хүмүүс олон байдаг байх?

-Манай үйлчлүүлэгчид “Таныг анх хараад юун таньдаг хүн билээ гэж харж байлаа”, “Манай хамаатны хүний охин бил үү гэж бодлоо” гэцгээдэг юм. Их дотно сэтгэгдэл төрүүлдэг юм шиг байна лээ. Мэдээж олон ангит киноны буян байгаа байх л даа.

-Та “Ану хатан” түүхэн кинонд бас тоглосон. Эмч мэргэжлээрээ ажиллаж байгаа ч киноны санал ирвэл тоглоно л биз дээ?

-Залуу насанд ямар ч шийдвэр гаргаж болно шүү дээ (инээв).

-Төрсөн өдрөөрөө хүүхдийн шүд үнэгүй эмчилнэ гэхэд тань хичнээн хүн хандсан бэ?

-Энэ жилийн хувьд хандалт их байсан. Би ганцаараа үзлэг хийх учраас нэг өдөр 40 хүүхэд хүлээж авч үйлчилнэ гэж тооцсон л доо. Бараг 2000-аад хүүхдийн эцэг эх хандсан нь Монголд хүүхдийн шүдний эмчилгээ маш их хэрэгтэй байгаа юм байна гэж бодсон. Уг нь манай ээж аав нар бага насны хүүхдийнхээ шүдийг их эртнээс анхаарах ёстой юм л даа. Дараа жил илүү том хүрээнд, илүү олон хүүхдийг хамруулсан ажил хийе гээд одооноос төлөвлөж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *