Categories
мэдээ цаг-үе

Б.Баярсайхан: Бид улс орны хөгжлийн талаар олон бодлого ярьж байсан ч хүний хөгжлийн асуудлаа орхигдуулсан

УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.


-Ард иргэдийнхээ төлөөлөл болж төр түшилцэх хариуцлагатай албанд томилогдлоо. Маш хариуцлагатай энэ цаг үед хэрхэн ажиллах вэ?

-Монголын нийт ард иргэдийнхээ итгэлийг алдалгүй шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхийн тулд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Хөгжил, дэвшлийг хурдасгах, Засгийн газраас гарч буй бодлого шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Бидэнд тулгамдаж буй зүйл нь ёс суртахууны доройтол байсан. Энэ дутагдлыг арилгавал Монголын нийгэм цэвэршинэ гэх хүлээлт байна. Ард түмэн шударга ёс, ёс зүйт байдлаар “цангаж” байна. Тиймээс төрийн түшээд болон төрийн албан хаагчид сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, авлигагүй, хувийн ашиг сонирхолгүй, хүнд сурталгүй байвал ард иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ. Энэ бол улс орон хөгжих үндэс юм.

Ялангуяа Завхан аймагт төрийн бүх шатны үйл ажиллагаанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Засгийн газраас гарч байгаа бодлого шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Хамгийн гол нь манай улсад ёс суртахууны асуудал хөндөгдөх боллоо. Үүнийг бид бүх шатанд анхаарч, нийгмээ цэвэрлэх цаг болжээ

-Та Соёлын яам байгуулагдсаныг хэрхэн харж байгаа вэ?

-Дэмжиж байгаа. Сүүлийн 30 жилийн хөгжлийн түүхийг ард иргэд маань үнэлж, дүгнээд хэдийгээр салбар болгонд бид хөгжил ярьж ирсэн боловч, хүний хөгжлийн асуудлыг орхигдуулсан гэдэг дээр санал нэг байгаа. Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт хүний хөгжлийн бодлого тусгагдаж орж ирсэн. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт хүний хөгжлийн бодлогыг суурь бодлогоо болгож оруулж ирсэн. Би нийгэм, соёлын салбарт ажиллаж байсны хувьд эдгээрт ач холбогдол өгч, анхаарч ажиллана. Нийгмийн бодлого хүний хөгжлийнх болж өөрчлөгдсөн. Энэ маш зөв бодлого. Өнгөрсөн хугацаанд бид улс орны хөгжлийн талаар олон бодлого ярьж байсан ч хүний хөгжлийн асуудлаа орхигдуулсан байжээ. Хүний хөгжлийн бодлогыг суурь бодлого болгон оруулсан. Үүнд би гар бие оролцож ажиллана.

-Коронавирусийн үеийн эдийн засгийн хүндрэл болон бондуудын өр төлбөрийг төлөхөөс эхлээд амаргүй дөрвөн жил хүлээж байна…

-Иргэд бидэнд итгэл хүлээлгэн сонгосон учраас энэ амаргүй нөхцөл байдлыг бид даван гарах ёстой. МАН элгээрээ хэвтсэн эдийн засагтай, саарал жагсаалтад орох болзлоо хангасан Засгийн газрыг 2016 онд хүлээж авсан. Ингээд өнгөрсөн дөрвөн жил 8.2 их наядын өр төлсөн байна. Мөн эдийн засгийн өсөлтөө 7.1 хувьд хүргэсэн. Зөв бодлогоор ажилласан учраас манай нам дахин олонх болсон. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалж, эдийн засаг хүнд байдалд орсон. УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд чухал хариуцлагатай цаг үе ирсэн гэж болно. Ирэх дөрвөн жил УИХ-д ажиллах гишүүдэд санхүүгийн сахилга батыг чанд сахих, ёс зүйтэй байж хэрэглээгээ хянах, ард түмнийхээ төлөө илүү их сэтгэл гаргаж ажиллах үүрэг, хариуцлага ногдож байна. Иргэдийн итгэлийг алдалгүй улс орноо өөд нь татах ёстой.

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд ажиллахаар боллоо. Энэ чиглэлд хэрхэн ажиллах вэ?

-Завхан аймагт Их, дээд сургууль болон коллеж, МСҮТ цөөнгүй бий. Тухайлбал, МУИС-ийн харьяа Завхан их сургууль гэж байдаг. Эдийн засгийн чиглэлээр хүний нөөц бэлдэж байсан энэ сургууль өнөөдөр бараг оюутангүй болжээ. Тэгэхээр суралцагчдын тоо, хөтөлбөрийн агуулгыг нэмэгдүүлэхэд анхаарч, баруун бүсийн төв сургууль болгох зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийг зорих хөдөөгийн нүүдлийг багасгаж, орон нутагт сайн мэргэжилтнүүд бэлтгэдэг болмоор байна. Зардал, мөнгөний хувьд ч хэмнэлттэй шүү дээ. Хоёрдугаарт, зургаан настнуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. Орон нутагт бага сургуулийн сурагчдын байдал хүнд байна. Зургаан настай хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй.

Бас нэг хэрэгжүүлэх ёстой ажил бол орон нутагт модон жорлонг халж, сургууль, цэцэрлэг, дотуур байрны дэд бүтцийг шийднэ. Тэр тусмаа модон жорлонгүй дотуур байр, сургуультай болгох нь хамгийн эхний зорилт болоод байна. Хүүхдүүдийг аюулгүй, сайхан орчинд сурч, боловсрох нөхцөлийг хангахад анхаарч ажиллана.

-Ямар хуулийн төслүүд санаачлах вэ?

-Манайд хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан гээгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдээ багшид даатгаад хаядаг болчихжээ. Гэр бүлийн хүмүүжил, ёс суртахуунтай иргэн бэлтгэх, суурь хүмүүжил олгох, хүн байх гэдгийг мартаж эхэлсэн байна. Энэ чиглэлд анхаарч, хууль дүрэм санаачлах, ажлын хэсгүүдэд манлайлан оролцоно. Дараагийн ажил төрийн албаны сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах хуулиудад ажиллана. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг мэдлэг туршлагатай байхаас гадна ёс зүйтэй, чин сэтгэлээсээ ханддаг, үүнд хариуцлага тооцдог байх зарчмыг баримтална. Ингэснээр төрийн алба ёс зүйтэй тогтвортой ажилладаг болно. Мөн би орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд малчдын эрүүл мэнд аж, амьдралыг дээшлүүлэхэд анхаарна. Тэднийг тухтай амьдрахад ямар хууль журам хэрэгтэй байна, түүнийг санаачилна. Миний дээр ярьсан хүний хөгжлийн цогц бодлого дотор хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар тодорхой туссан. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал нийгмийн маш чухал сэдвийн нэг. Хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн жендерийн асуудалд анхаарах ёстой. Мөн хөдөө орон нутагт хийх ёстой ажлын нэг нь иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, анхаарах. Хөдөөгийн иргэд хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь ажиглагдлаа. Түүнчлэн орон нутагт ээж нь хүүхдүүдээ хараад сумын төв бараадаж, аав нь хөдөө малаа малладаг. Энэ бүхнээс үүдэж сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдэх болжээ. Тиймээс бага ангийн хүүхдүүдийг дулаан тохилог, дэд бүтцийг нь шийдсэн дотуур байранд амьдруулах, орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *