Categories
мэдээ цаг-үе

МУСТА дуучин Д.Отгонжаргал: Миний уран бүтээл заримдаа цаг үеэсээ түрүүлээд байна уу гэж бодогддог

МУСТА дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.


-Таны өвөө алдартай уртын дуучин байсан гэж нутгийнхан тань ярьдаг юм билээ. Энэ тухай дурсахгүй юу?

-Ээж маань Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул. 18 настай байхдаа аавтай ханилаад Баянхонгорт ирж амьдарсан. Аав маань намайг таван настай байхад бурханы оронд заларчихсан юм. Ээжийн маань аавыг цагаан гарт Тэрбиш гэдэг аймагтаа алдартай эмч хүн байсан. Өвөө эмч хүн мөртлөө маш гоё дуулдаг, суманд болж буй найр хурим манай өвөөгүйгээр эхэлдэггүй байсан гэдэг. Хожим намайг дуучин болоход манай ээж өвөөгийн тухай ярьж өгсөн. Манай аав ч сайхан дуулдаг. Залуу байхдаа Баянхонгор аймгийн театрт дуучин байсан гэсэн. Ингээд бодохоор хоёр талаасаа удамтай. Гэхдээ намайг яг дуучин болох шийдвэрийг гаргахад гэр бүл маань нааштай хүлээж аваагүй. Урлагт зүтгэх хүнд хүчир болохоор тэр биз. Гэвч нагац ах нарынхаа дэмжлэгтэй СУИС-д орж дуучин болох алхмаа эхлүүлсэн. Тэд өвөө, аав хоёрыг сайхан дуулдгийг мэддэг учраас ийн дэмжсэн байх.

-Энэ жилийн наадмын тоглолтод дуулах уу?

-Наадмын тоглолтод оролцохгүй. Харин уран бүтээлээ дүрсжүүлэх, цомгийнхоо ажилд анхаарлаа хандуулж байна. Цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байгаа тул урлагийнхан ер нь амралтын байдалтай байна.

-Дуугаа клипжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ. “Миний ээж тэмээчин” дууны клип олонд их хүрсэн шүү дээ.

-“Миний ээж тэмээчин” дууг хоёр жилийн өмнө клипжүүлсэн. Клипийг хоёр он дамнаж хийсэн. Миний уран бүтээлүүд цаг хугацааны хувьд харьцангуй удаж гардаг. Уран бүтээлүүддээ дэндүү хайртай учраас дуулсан дуу болгоноо клипжүүлэх хүсэл ихтэй. Одоо хоёр уран бүтээлийнхээ клипний ажлыг зэрэг явуулж байна. Энэ намраас ардын дууны хоёр сайхан клипээ олон түмэндээ өргөн барина. Клип хийхэд судалгаа шинжилгээнд ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулж байна. Одоогоор нэг клип нь 80 хувьдаа орсон. Ерөнхийдөө олсон орлогоосоо өөрийн гэсэн уран бүтээлийн архив үүсгэдэг л дээ. Ингээд архиваасаа цаашдын уран бүтээлээ санхүүжүүлж клипнийхээ ажлыг хийж байгаа.

Энэ жил цар тахалтай холбоотой ямар нэгэн урлагийн үйл ажиллагаа хязгаарлагдсан ч зүгээр суулгүй хоёр дахь цомгоо өлгийдөн авах гэж буйдаа сэтгэл өег байгаа. Би ерөнхийдөө ганц цомогтой дуучин шүү дээ. Энэ удаад 10 дуунаас бүтсэн хоёр дахь цомгоо гаргана. Цомог маань хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг нь, цэвэр ардын дуу болон бэсрэг уртын дууг классик буюу поп опера хэлбэрт оруулсан. Ардын дуу болон бэсрэг уртын дууг яаж классик дуулах юм бэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Нөгөө хэсэг нь,зохиолчтой. Ийм уран бүтээл л хийх юмсан гэж хүсч, зорьж олон жил бодсон уран бүтээлүүдээ оруулсан байгаа. Одоог хүртэл ард түмэнд хүргээгүй, нэг ч сонсгоогүй уран бүтээлүүд надад бий. Одоо гарах цомгууд яг л миний хүссэн уран бүтээлүүдийн цомог болж байгаад маш их баяртай байгаа. Заримдаа би арай хэтэрхий цаг үеэсээ түрүүлж, сонсогчид магадгүй 10 жилийн дараа сонсоод ойлгох бүтээлүүд хийгээд байна уу даа гэж хардаг. Ингээд хэлбэл буруудах болов уу яадаг бол /инээв/ .Ганц нэгийг нь туршиж үзэхээр хүн ойлгохгүй ч юм уу, гайхаад аягүй их юм бодоод иймэрхүү тохиолдлууд их ажиглагдаж байсан.

– Та гадаадад хэдэн жил сурсан бэ. Хэлний мэдлэг уран бүтээлийн тань амжилтад ихээхэн нөлөөлдөг болов уу?

-Урлагийнханд олон орны хэлээр дуулах шаардлага их гардаг. Жишээлбэл, Японд уригдаж очоод тэдэнд монгол дуу дуулж өгөхөөс илүү япон дууг яг япон хүн шиг дуулж сурах нь чухал. Дэлхий ертөнц тэр чигээрээ глобалчлагдаад дор хаяж хоёроос гурван хэлтэй байна шүү дээ. Тэгэхээр урлагийн хүн учраас англи хэлнийхээ мэдлэг боловсролд анхаарал хандуулъя гээд Английн Лондон хотод нэг жил амьдарсан. Энд чамлахааргүй эрдэм мэдлэгт суралцсандаа баяртай байгаа. Мөн тухайн орны урлаг соёлоос гадна тэр орныг хөгжүүлж буй соёл гэгээрлийн бүхий л гайхалтай зүйлүүдтэй танилцсан. Энэ бол ганцхан хэл ус сурахдаа биш, миний хувьд амьдралын том соёлын түүвэр байсан. Англид нэг жилийн хугацаанд сурахдаа дотоод ертөнцөө таньж мэдсэн.Тэндээс ирээд л миний уран бүтээлүүд хүмүүст их хүрсэн гэж боддог. Монгол ардын “Хун галуу” дуу 400 гаруй жилийн өмнөөс гаралтай.Англид байхад “Хун галуу”-г хоёр морин хуурч тоглохыг сонсож байсан. Тэр үед ийм дуу байдаг бол дуулах юмсан гэж хайж хүртэл үзсэн. Ингээд л энэ уран бүтээлийг эх орондоо очоод дуулъя гэсэн санаа төрсөн юм. Тэр үед би өөрийгөө яг хун галуу болгоод хувиргаж бодсон юм. Хэрвээ би хээрийн зэрлэг хун шувуу байсан бол дуртай газар руугаа нисээд нүүж, нүүдэллэж явна шүү дээ. Бид хүний нутгаас гэр бүлээ санах бүрийдээ нисээд очоод байж чадахгүй шүү дээ. Хун галуу болоод эх нутагтаа очиж буйгаар өөрийгөө маш их төсөөлсөн. Сэтгэлийн гүнээс урсан, ундарсан уран бүтээл учраас энэ дуу хүмүүст маш их хүрсэн болов уу. Ээж маань урлагийн өндөр мэдрэмжтэй. Тиймээс ч ээждээ анх “Хун галуу” дууг сонсгоход маш их эмоци, сэтгэл хөдлөлтэй хүлээж авсан. Тухайн үед аавыг л их бодсон байх даа.

-“Voice” хамтлагт дуулж байсан үеэсээ дурсаач…?

-Манай “Voice” хамтлаг 2007 онд байгуулагдсан. Хамтлаг 12 жил хамт байсан. Хамгийн сүүлд бид 2018 онд Осака хотод бүрэн бүрэлдэхүүнээрээ том хэмжээний тоглолт хийж байсан. Манай А.Эрдэнэжаргал маань одоо Герман улсад ажиллаж амьдарч байгаа. Хамтлагийн ахлагч маань буюу МУСТА С.Баттулга Монгол Улсын филармоны ерөнхий даргаар очсон. Миний бие яг цэвэр уран бүтээлээрээ дагнан явж байгаа. Бидний амьдралд маш их үр өгөөжийг өгсөн хамтлагтаа баярлаж явдаг. Хамтлагаараа бараг зуугаад уран бүтээл хийсэн. Монгол хүний ур ухаан, авьяасаас төрөн гарсан уран бүтээлүүд байсан

-Урлагийнхан сэтгэл хөдлөл ихтэй байдаг шүү дээ. Таны хувьд?

-Миний сэтгэл хөдлөл маш өндөр. Зарим хүмүүсийн сэтгэл хөдлөл дундаж түвшинд хэлбэлздэг, уурлах баясах нь далд шүү дээ. Миний хувьд тийм дундаж түвшний эмоци бараг байдаггүй. Нэг бол маш өндөр, нэг бол маш гутранги болчихдог.

-Та эрүүл мэнддээ анхаарахад хэр их цаг зав зориулж байна вэ ?

-Ууланд алхах дуртай. Өвөл, намрын улиралд ууланд алхдаг. Хавар зун бол алхдаггүй. Өвөл, намар долоо хоногтоо нэг юм уу, хоёр удаа заавал ууланд алхана. Бүр тогтсон заншил хобби болчихсон. Урлагийнхан завгүй байдаг болохоор өөр бусдаар хобби гээд байх юм байхгүй. Зун бол нар шараад хөлс их гардаг учраас сэвхтэх магадлал өндөр, их гүн сэвхтээд хаширсан. Хавар бол шуурга салхи ихтэй учраас гарах дургүй. Ер нь сэрүүн улиралд дулаан хувцаслаад гарахад агаар цэвэр, маш сайн хөлөрдөг. Энэ нь эрүүл мэндэд тустай. СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан байхдаа яг бүтэн жил зөвхөн ногоон хоолтон байж үзсэн, бясалгал хийгээд. Мах, өндөг, гурилан бүтээгдэхүүнийг нэг ч удаа хэрэглээгүй бүтэн жил ногоон хоолтой байж үзсэн. Одоо ч махны хэрэглээ багатай. Загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэсээр сурсан. Тэгсэн мөртлөө эсрэгээрээ таван цул гэж ярьдаг чанасан гэдэст маш дуртай.

-Их хичээнгүй оюутан байсан гэж дуулсан?

-Оюутан байхдаа бүжиг, йогоор голдуу хичээллэдэг. Өөр илүү дутуу юманд явах цаггүй байсан. Номын сандаа хононо, ангидаа төгөлдөр хуураа давтах гээд хонодог байлаа. Зургаан жил сурахдаа би маш их хичээл зүтгэл гаргасан. Намайг яг яаж сурч байсныг тухайн үед сурч байсан оюутан сурагч, багш нар маш сайн мэддэг. Байнга номын санд сууж, дандаа хичээлээ давтаж, үргэлж чихэвчтэй CD-ны хөгжим сонсоод дуугаа давтаад явж байдаг охин байсан. Тэр бүгдийн маань хүч нөлөө өнөөдөр гарч байгаа гэж би боддог. Залуучууддаа захиж хэлэхэд оюутан цагийн ширээнд сууж байхдаа л бүх юмаа маш сайн төгс гүйцэтгэлтэй л сурах хэрэгтэй. Төгсөөд гарсны дараа ажилд ордог, ажиллаж байхдаа гэр бүлтэй болдог. Гэр бүлтэй болоод дахиад сурна гэсэн ойлголт ховор. Бүгдийг маш сайн тооцоолж, сурах ёстой цаг хугацаандаа л сайн хөдөлмөрлөх хэрэгтэй.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *