“Бэрүүд” олон ангит уран сайхны киноны ерөнхий найруулагч Д.Отгонзаяатай ярилцлаа.
-Таныг “Мартагдашгүй намар 2” киноны найруулагч гэдгээр хүмүүс сайн мэдэх байх. Өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?
-Манай аав Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Халтарын Дамдин гэж олон ч сайхан кино найруулсан хүн. Тэртээ дөч гаруй жилийн өмнө аав маань “Мартагдашгүй намар” киног хийж байсан. Би арван жилийн дараагаар тэр киноны орчин үеийн хувилбарыг нь хийсэн л дээ. Тухайн үед аав маань амьд сэрүүн байлаа. Би аавынхаа мэргэжлийг өвлөж үлдсэндээ их баярладаг шүү. Кино урлагийн дээд сургуулийг 2000 онд төгсөөд UBS телевизд “UBS CHILD” хүүхдийн сувагт найруулагчаар ажиллаж эхэлсэн. Цаашлаад программын найруулагч, албаны дарга, ерөнхий найруулагч гээд л олон алба хашиж байна даа. Миний хувьд “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мартагдашгүй намар 2” кинонуудад найруулагчаар ажилласан. Сая “Бэрүүд” 20 ангит уран сайхны кинонд ерөнхий найруулагчаар бажиллалаа. Кино маань ч үзэгчдийн хүртээл болоод эхэлсэн.
-UBS телевиз урьд нь “Эзэнгүй айл” киноноос эхлээд олон кино төсөл хэрэгжүүлж байсан. Энэ удаагийн “Бэрүүд” киноны сэдэв, санааны талаар яриагаа үргэлжлүүлье?
-UBS телевиз бол 27 жилийн түүхтэй телевиз. Энэ хугацаанд өөрсдийн төслүүдийг ч хэрэгжүүллээ. Манай ерөнхий захирал Л.Балхжав өөрсдийнхөө контентуудыг бүтээе гэсэн зарчмыг илүү баримталж ажилладаг. Тийм ч учраас 2009 оноос эхлэн “Universe Best Songs” шоуг тасралтгүй 10 жил зохиосон. Цаашлаад “To be or not To be”, “Хогондоо” гээд л олон сайхан телевизийн шоунуудыг санаачлан бүтээсэн. Кино төслийн тухайд 1994 онд телевизийн түүхэндээ Ч.Гомбо гуайн зохиолоор “Эзэнгүй айл”, 2009 онд “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мартагдашгүй намар” гээд олон сайхан кино бүтээсэн. Ингээд саяхнаас бид киноны талаар ярилцахад манай зохиолч Г.Онон “Бэрүүд” гээд олон ангит киноны санаа байгаа гэж хэлсэн. Бид хэд нэр нь хүртэл ямар онцгой юм бэ, тэгвэл энэ киногоо эхлүүлье гэж анх санаа маань гарч байсан. Ингээд Г.Онон зохиолч маань тодорхой хугацаа аваад зохиолоо бичихээр явсан.
-Киноны зураг авалт “Сонгино” амралтанд гуравдугаар сараас эхэлсэн гэсэн. Одоогоор зураг авалт, монтаж бүгд дуусчихсан уу?
-Бүгд дууссан. 2019 оны 3 дугаар сараас анх зураг авалт эхэлсэн. Нэг сар гаруй хугацаанд Даш гэдэг айлыг сонгоод павильон засаад зураг авалтаа дууссан. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр монтажны бүх ажил дуусаад үзэгчдэдээ өргөн барьж байна даа.
-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ. Мэргэжлийн бус жүжигчид ч байсан?
-Жүжигчдийн хувьд зохиолынхоо дагуу хэн байвал зүгээр вэ гээд ярилцсан л даа. Дан ганц мэргэжлийн жүжигчид байхаасаа илүүтэйгээр залуу уран бүтээлчдээ дэмжье гэсэн саналтай байсан. Жишээлбэл, Сийлэн гэдэг дүр бүх л зүйлээрээ төгс төгөлдөр охины дүр л дээ. Тэгэхээр энэ дүрд нийгэмдээ нөлөөтэй, хүсэл мөрөөдөлтэй тийм охидоос сонголт хийсэн. Ингээд Т.Батцэцэг маань шалгараад тэнцсэн. О.Амгаланбаатарын хувьд урьд нь UBS телевизийн олон бүтээлд ажиллаж байсан. Гантогоогийн хувьд киноныхоо дууг дуулуулах сонирхолтой байсан. Гэхдээ ярьсаар кинонд маань дүр бүтээвэл ямар вэ гэхэд өөрөө баяртай хүлээж авсан. Ингээд Тэмүүжин гээд бизнесмэн залуугийн дүрд Гантогоог тоглуулсан.
-Бодит амьдралаас сэдэвлэсэн кино шүү дээ. Тэгэхээр бүх дүрүүд өөөрийн гэсэн санаа, үзэгчдэд хүргэх мессэжтэй байгаа байх?
-Ер нь бол кинонд гарч байгаа бүх л дүр амьдрал дээр байдаг бодит дүр. Энэ киногоороо бид юу хэлэх гэсэн бэ гэвэл халуун дулаан уур амьсгал, гэр бүл элэг бүтэн байна гэдэг ямар сайхан юм бэ гэдэг санаа юм. Жишээлбэл, жүжигчин Мөнхсоёлын тоглосон Хонгор бол эсрэг дүр. Гэхдээ нийгэмд ийм дүр маш элбэг байгаа. Хүмүүс энэ дүрийг хараад хэрвээ өөрөө ийм бол нэгийг бодоосой. Гэхдээ хамгийн чухал нь хүүхдийн өссөн төрсөн орчин. Үүнээс улбаалаад эцэг эхчүүд хариуцлагатай байгаач гэдэг санааг хэлэх байна. Ирээдүйн Хонгорыг хэн бүтээж байна, эцэг эхчүүд өөрсдөө л бүтээж байна.
-Кино “Зүрхний тал”, “Хайрын өргөө” гэсэн хоёр дуутай. Дууны үгийг хэн бичсэн бэ?
-UBS телевизийн захирал Л.Балхжав энэ кинон дээр ерөнхий продюссер, хөгжмийн зохиолчоор ажилласан. Харин хоёр дууны үгийг яруу найрагч нь UBS телевизийн санхүү маркетингийн захирал Б.Нармандах гэж бүсгүй бичсэн. Дуучин С.Сарантуяагийн “Тэр намайг дурсдаг болов уу” гэх мэт маш олон хит дуунууд бичсэн хүн шүү дээ. Ер нь UBS телевиз дотроосоо л уран бүтээлээ төрүүлдэг онцлогтой. Харин “Зүрхний тал” дууны санааг нь киноны найруулагчийн хувьд би Б.Нармандахд хэлсэн. Амьдралд алддаггүй хүн гэж хаана байхав. Хоёр дахь амьдралаа олж байгаа, тэр тухай хайрын дуу байж яагаад болохгүй гэж гээд кинотойгоо холбоод бичсэн. Хүн хүнээ дүүргэж амьдардаг юм байна. Битгий салаасай, биентэйгээ дандаа хамт байгаасай гэсэн санааг хэлээд яг хоёр дүрд маань тааруулаад Б.Нармандах маань маш сайхан үг бичсэн.
-Кино бүтсэн түүх бол хамгийн дурсамжтай нандин үе шүү дээ. Ер нь кино багийн хувьд ямар хамт олон бүрдсэн бэ?
-Мэдээж амархан ажил гэж байхгүй. Кино зураг авалт гэдэг ямар олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг урлаг билээ. Мэдээж тэр зарчмаараа 3 дугаар сарын дундуур Сонгины амралтад зогсолтгүй ажилласан. Янз бүрийн саад бэрхшээлүүд гарсан л даа. Гэхдээ тэр саад бэрхшээлийг ажрахгүй бүгдээрээ энэ киногоо дуусгая гэсэн зорилготой хамт олон бүрдсэн. Хамгийн сайхан зүйл нь яг нэг гэр бүл шиг байж чадсан. Павильонд байрлаад л шөнө өдөргүй зургаа аваад явсан. Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Мягмар, хоёр ихэр хүүхдүүд гээд л нас насны хүмүүсээс бүрдсэн халуун дулаан уур амьсгалтай баг бүрдсэн. Кинонд маань тоглож байгаа хамт олон их зөв хүмүүс байсан. Буруу, муу зуршилгүй. Амгаа тэнд төмөр өргөөд л бяцхан фитнесс хичээллүүлэх жишээтэй. Гэх мэтчилэн халуун дулаан уур амьсгалын дундаас кино маань төрлөө.
– Эмээгийн дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Мягмар гуай тоглосон. Эмээгийн дүрийг нэлээн ганцаардмал байдлаар гаргасан байсан. Тэгэхээр энэ дүрийн онцлогийн талаар ярихгүй юу?
-Энэ Монголд байгаа бас л нэг амьдрал дээр байдаг дүр шүү дээ. Хөгшин настай ээж, аавыгаа тоодоггүй, ойшоодоггүй, хөөрхий байж л байдаг, байхаар нь өө та цайгаа уусан уу, хоолоо идсэн үү гэж асуугаад л өнгөрдөг. Гэтэл тэр хүнд ямар их амьд харилцаа хэрэгтэй байдаг юм бэ. Бид өдөр шөнөгүй хичээл, сургууль, ажил төрөлдөө явчихдаг. Хөгшчүүл минь харилцааг үнэхээр их хүсдэг, маш их ганцаарддаг юм байна. Тэгэхээр залуучууд минь хөгшин ээж, аавыгаа анхаараач ээ гэсэн санааг Мягмар эгчийн дүрээр гаргахыг хичээсэн. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг. Наанаа болоод л байгаа мэт харагддаг зүйл чинь цаанаа том уршиг дагуулж байдаг юм байна л гэсэн санаа. Ер нь хүн хөгшрөхөөрөө өөрийгөө нийгэмшүүлэхээ больчихдог, үглээд хүүхдүүдийн амьдралд гай болчихвий гэсээр байгаад өөрийгөө хүрээнд оруулчихдаг юм байна. Түүнийг үр хүүхдүүд нь төдийлөн анзаардаггүй.
-“Бэрүүд” олон ангит киноны солонгос, хятад олон ангит киноноос ялгарах зүйл нь юу юм бэ?
-Ялгарах онцлог бол ердөө л монгол ахуй шүү дээ. монгол эмэгтэй энэ зохиолыг бичиж байна гэдэг монгол ахуйгаа дүрсэлж байна гэсэн үг. Үүгээрээ л онцлогтой байх. Түүнээс биш гадны зохиолыг хуулснаараа муу болно ч гэдэг юмуу тэгж хэлмээргүй байна. Гадны зохиолыг монгол хувилбарт оруулаад хийх нь орчин үед их мода болж байгаа. Үүнийг буруутгах аргагүй. Мэдээж гадны кино бол гадны ахуйг л дүрсэлж байгаа. Солонгос кино гэхэд хувцастайгаа унтах ч юмуу. Гэтэл монгол зохиолч тийм зүйлийг зохиол дээрээ тусгахгүй л дээ.
-Киноноос ямар санааг аваад ямар санааг нь гээгээсэй гэж хүсч байна вэ?
-Мэдээж хорвоо дээр төгс төгөлдөр зүйл байхгүй шүү дээ. Кинонд минь үзэгчид дүн тавина. Түүнээс би хорвоод хосгүй мундаг зүйл хийчихлээ шүү гэж хэлж чадахгүй. Гэхдээ киног маань үзээд, кинон дээр гарч байгаа шиг зан чанартай хүн байвал нэгийг ойлгож ухаарч, тэндээс дүгнэлт хийгээсэй гэж хэлэх байна. Мөн гэр бүл гэдэг ямар чухал юм бэ. Хөгшин, хүүхэд ялгаагүй хайр түгээх хэрэгтэй, харилцаатай, биенээ гэх сэтгэлтэй байх ёстой гэсэн санааг авч чадвал бидний зорилго биелэх гээд байна л даа. Киног маань үзээд нэг их сайхан сэтгэгдэл төрөөд нээрээ би ээж рүүгээ залгаатахъя гэсэн үйлдэл, мэдрэмж гаргаасай. Ямар ч байсан үзэгчид хайран цаг хугацаа, яагаад ийм кино үзчихэв ээ гэсэн харуусал төрөхгүй болов уу гэж найдаж байна.
С.ЛХАМСҮРЭН