Categories
мэдээ цаг-үе

Х.Азжаргал: Хөл хорионы үеэр ахуйн хүрээн дэх архидалт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл 34 хувиар өссөн

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай ярилцлаа.


-Оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзэхэд 34.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. “Ковид-19” халдварын үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, тодорхой хэмжээнд хүмүүс гэрийн хорионд байна. Хүүхдийн тусламжийн утсанд ирсэн дуудлагад дүгнэлт хийхэд ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл нэмэгдсэн, мөн хүүхдээ үл хайхарсан, хараа хяналтгүй байлгах явдал их байгаа. Өдрийн цагаар ажилтай гээд хүүхдээ орхичхож байна. Цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээнд архидах явдал ихэссэн талаар мөн мэдээлж байгаа.

-Ямар асуудлаар холбогдож байна вэ?

-Хүүхдийн тусламжийн утсанд хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллээс гадна сурагчид, эцэг эхчүүд холбогдож теле хичээлийн талаар, мэргэжил сонголт, анги дэвших улсын шалгалтын талаар, гэр бүлийн харилцаа, зөрчлийг хэрхэн шийдвэрлэх зэрэг олон асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авч байна. Манайхан урьд нь теле хичээл үзэж байсан дадлага байхгүй шүү дээ. Үүнтэй холбоотойгоор төгсөх ангийн сурагчид, тэдний гэр бүлийнхэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авч байгаа.

-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Ажлын 60 орчим хувь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг.

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд анхан шатанд үйлчилгээ үзүүлж байгаа хамтарсан багийг чадавхжуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог чадавхжуулах зэрэг ажлуудыг явуулж сургалт зохион байгуулж ажиллаж байгаа.

Мөн хүүхэд, гэр бүл, залуучууд руу чиглэж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сургалт, зөвлөмж мэдээллийн хэлбэрээр явуулдаг. Улсын хэмжээнд залуучуудын хөгжлийг дэмжих 32 төв ажиллаж байна. Тус төвөөр өсвөр үе, залуучуудыг дэмжих, амьдрах ухааны боловсрол олгох, зөвлөгөө мэдээллүүдийг өгөхөөс гадна ажил хөдөлмөрт зуучилдаг.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих 14 төв улсын хэмжээнд ажиллаж байна. Энэ төвүүдээр дамжиж гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагааг явуулна. Илүү эрсдэлтэй байж болзошгүй, архины хамааралтай гэр бүл рүү чиглэж хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэхээс өмнө тухайн гэр бүлийн зан үйлийг засах, сайн дурын сургалтад хамруулах ажлуудыг хийдэг.

Бүх шатны боловсролын байгууллага, хүүхдийн зуслан, ордны үйл ажиллагаагаар дамжуулан урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг тасралтгүй явуулж ирсэн.

Үүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг сурталчилж ажиллаж байгаа.Хүчирхийлэл хаалганы цаана далд үйлдэгддэг учраас хүмүүст таньж мэдүүлэх нь чухал. Хүүхэд, өсвөр үеийнхэн рүү чиглэж хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхдийн биед хэн хүрэх ёстой, хүүхдийн биеийн аюулгүй байдал гэж юуг хэлж байгаа тухай мэдээллийг хүргэж хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл цахим орчин, олон арга хэмжээ үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг зохицуулсан. Бид эдгээр орчинд үйлдэгдэж байгаа хүчирхийллийг илрүүлэх, хуулийн дагуу аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авсан хүүхдийн 80 гаруй хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэлд өртөж хохирсон байдаг. Улсын хэмжээнд хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 түр хамгаалах байр, 10 нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна. Эдгээр төвүүдийг арга зүйгээр хангах, төвөөр үйлчлүүлсэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн болон нийгмийн ажил үйлчилгээ үзүүлж нийгэмд даан амьдрах чадварт сургахад анхаарч ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, Хүүхэд хамгааллын тухай хуулиар мэдээллийг хүлээн авах, илрүүлэх шалгах үйл явцаас нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих холбон зуучлах, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээний үе шатыг хуульчилсан, энэ дагуу үйлчилгээ төлөвлөгдөж, хэрэгждэг. Гэр бүлийн нөхцөл байдал сайжирсан, эрсдэлийн түвшин буурсан, хүүхдийн аюулгүй байдал хангагдсан гэж үзвэл гэр бүлд нь эргэн нэгтгэдэг. Эргэн нэгтгэсний дараахь хяналт тавих, дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтарсан баг, аймаг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд зохион байгуулж ажилладаг.

Хэрэв эцэг эхийнх нь зан үйл өөрчлөгдөхгүй хүүхдээ удаа дараа хүчирхийлж байгаа нөхцөлд бид хуулийн байгууллагад хандаж эцэг эх байх эрхийг түдгэлзүүлэх гэх мэт ажлууд хуулийн хүрээнд хийгддэг.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмзэг байдаг. сэтгэл зүйн дарамтад байгаа хүүхэд хаана хандахаа ч тэр бүр мэддэггүй шүү дээ.Тэр бүрт хүрч ажиллаж чадаж байна уу?

-Анхан шатанд ажиллаж байгаа хамтарсан баг мэдээлэл зөвлөгөө өгөх, судалгаа тандалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Эрсдэлтэй өрх гэрийг хяналтдаа авах, хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг мэдсэн тохиолдолд яаралтай шуурхай анхан шатны үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн мэдээллийг хүүхэд өөрөө 108 утсанд хандаж мэдээлэх, гэр бүлийн гишүүд, ангийн багш, хөрш айл, иргэдийн зүгээс мэдээлэл дуудлага өгдөг. Сүүлийн гурван жилд хүүхэд мэдээлэх байдал тасралгүй өсч байгаа.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв 2018 шуурхай үйлчилгээний багтай, автомашинтай болсон. Улаанбаатар хотод хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийн дагуу хүүхэд хамгааллын шуурхай тусламж үйлчилгээг үзүүлж байна. шаардлагатай тохиолдолд Цагдаагийн байгууллага руу дуудлагыг давхар шилжүүлж аюулгүйн зэргийн үнэлгээг нь хийлгэнэ. Шуурхай тусламжийн багийн нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээг хийж хүүхдийг хүчирхийлэлтэй орчноос тусгаарлаж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ рүү холбон зуучилж ажилладаг. Хөдөө орон нутгаас 108 утсанд холбогдоход харьяа аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэс, цагдаагийн байгууллагаруу дуудлагыг шилжүүлж, холбон зуучилж ажиллаж байна.

-“Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага”-д байрлаж байгаа иргэд хүчирхийлэлд өртдөг тухай мэдээлэл гарч л байсан. Сая тус төвийн тэргүүн Г.Загдааг баривчиллаа. Тус төвийн ажиллагаанд танай байгууллагаас хяналт тавьж зөвлөмж хүргүүлж байсан уу?

-Бид “Зөв амьдрах ухаан” төвд 2018 дөрөвдүгээр сараас хойш мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч тодорхой шаардлага тавиад ажиллаж байсан. Засаг даргын захирамжийн биелэлтийг хангаж хүүхдүүдийг төрийн байгууллага хяналтдаа аваад үйлчилгээ үзүүлээд явж байна. Хүүхдүүдийг тус төвөөс аваад түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлж байна. Цаашид хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлтэй нь ажиллах гээд ажлын төлөвлөгөө өргөн хүрээнд гаргаад ажиллаж байна. Хүүхдүүдийг богино хугацаанд нөхөн сэргээх, нийгмийн амьдралд бие даах итгэл бий болгох чиглэлээр ажиллана. Мөн боловсролын хувьд хоцрогдсон байсныг нөхөн олгох гээд олон ажлууд төлөвлөж эхлүүлсэн байгаа.

-Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч тэр бүр илчилж хуулийн байгууллагад ханддаггүй шүү дээ. үүний үр дагаврын талаар сэрэмжлүүлэхгүй юү?

Эмэгтэйчүүдэд “Би эргээд дарамтад өртөж магадгүй, дахиад л хүчирхийллийн хохирогч болно, төрийн байгууллага хамгаалж чадах уу” гэсэн эргэлзээ байдаг. Хүүхдээ бодоод тэвчээд явах тохиолдол бий. Зөвхөн нөхрийн зүгээс дарамт үзүүлэхээс гадна нөхрийнх нь ах дүү, хамаарал бүхий этгээдүүдийн зүгээс дарамт ирэхээс айдаг.

Хүчирхийлэл гэдэг далд хэлбэрт байх тусам л даамжирдаг. Магадгүй хэн нэгэн нь амь насаа алдах аюул эрсдэлтэйг бүх насны хүмүүс ойлгох нь чухал.

Иймээс энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагад хандах нь чухал.

Холбогдох мэргэжлийн байгууллагууд хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл давтагдсан, даамжирсан зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол хуулийн хүрээнд шалгах ажлууд хийгддэг.

Гэр бүлийн маргаан, үл ойлголцлоос үүдэлтэй зөрчлийн үед гэр бүлтэй ажиллаж зөвлөгөө, сургалтад хамруулах, зан үйл, харилцаа хандлагыг өөрчлөх чиглэлийн ажлуудыг хийдэг.

Манайд эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж үг байдаг. Эхнэр нь нөхөртөө удаа дараа хүчирхийлүүлээд илчилж чадахгүй тохиолдолд хажуу хөрш нь мэдээлэх, туслах нь чухал байна. Ялангуяа хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд иргэн хүн “заавал мэдээлэх” үүргийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн байдаг.

Сүүлийн үед иргэдээс хүчирхийллийн тухай мэдээллийг хуулийн байгууллагад мэдэгдэж тусалж дэмжих хандлага сайжирсан. Үүний үр дүнд далд байсан хүчирхийллийн илрүүлэлт нэмэгдэж байна. Илрүүлэлт сайжрахын хэрээр бид дараа дараагийн учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, үйлчилгээ үзүүлдэг. Иймд иргэн та Хүүхдийн тусламжийн 108 утас, цагдаагийн байгууллагын 102 утас руу, эсвэл хамтарсан багт заавал мэдээлээрэй.

-Та гэр бүлийн хүчирхийллийг бууруулах арга замыг хэрхэн харж байна вэ?

-Хүчирхийллийг зөвхөн архидалттай холбож авч үзэж болохгүй. Тухайн хүний төлөвшил боловсрол, зан үйл, харилцаа сэтгэц эмгэгийн байдал нөлөөлдөг. Мэдээж ажилгүйдэл, эдийн засгийн байдал ч, нийгмийн бусад хүчин зүйл ч нөлөөлж болно.

Суурь шалтгааныг арилгах, хүнийг зөв хүн болгож төлөвшүүлэх ажлыг боловсролын системээр, амьдрах ухааны хөтөлбөрөөр, гэр бүлийн боловсролоор дамжуулан хүүхэд ахуй наснаас нь эхлэн хүргэх нь чухал. Үүнийг боловсролын системээр нь өгөх ёстой гэдийг эрдэмтэд тогтоосон байгаа. Бусад оронд нь ийм жишиг бий.

Бид хүнийг төлөвшүүлэх чиглэлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг боловсролын системээр дамжуулж олгож байна. Цаашид улс орны эдийн засаг сайжраад, ажилгүйдлийн түвшин тодорхой хэмжээнд буурч, хүн рүү чиглэсэн үйлчилгээ илүү сайжирч, нийгэмдээ хүргэх төрийн үйлчилгээний чанар илүү сайжирсан үед хүчирхийлэл гэдэг зүйлийг бодитойгоор бууруулж чадна. Хүнээ хөгжүүлэх механизм илүү сайжирна гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *