Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулиас илүү үйлчлэх хүчин чадалтай органик хуулийн заалт гэж байх ёсгүй

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга асан, хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас эхэлж хэрэгжиж эхэлнэ. Уг нэмэлт, өөрчлөлтийн Засгийн газартай холбоотой зүйл, заалт хэрэгжиж эхлэхээр одоогийн Засгийн газар хэрхэх вэ?

-ҮХНӨ-ийн дагуу Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ҮХНӨ-д заасны дагуу Засгийн газрын гишүүдийг шинээр томилж, давхар дээлтэй гишүүдийн дээлийг тайлна гэсэн үг. Үндсэн хуульд заасанчлан Засгийн газар гэдэг нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болохыг энэ дашрамд хэлэх нь зөв гэж бодож байна.

-Зарим улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлээр энэ асуудлыг зохицуулсан. УИХ-аас баталсан хуваарийн дагуу органик хуулиудыг шинэчлэн батлах хүртэл хугацаанд ҮХНӨ-ийн заалтыг дагаж мөрдөхгүй гэж тайлбарласан байсан…

-Эрх зүйн актын эрэмбэ дараа, тогтсон дэг жаяг, онол ном гэж бий. Товчхондоо улс орны дээд хууль болох Үндсэн хуулийн заалтаас илүү үйлчлэх хүчин чадалтай органик хуулийн заалт гэж байх ёсгүй. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна гэж хатуу хуульчлан тогтоож Мэдэхтүн, Сахихтун хэмээн төгсгөсөн байдаг. Үүнийг санах хэрэгтэй. Нөгөө талаас, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан ҮХНӨ-ийн зургадугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө гэж заасан. Дагаж мөрдөхгүй юм бол юунд ийнхүү хугацаа заав. Тэгэхээр ойлгомжтой байгаа биз дээ. Ер нь Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал нь органик хуулиар бус, Үндсэн хуулиар тухайлан зохицуулагддаг онцлогтой шүү. Үүн дээр маргах нь тусгүй.

-Засгийн газрыг эмхлэн байгуулах харилцааг органик хуулиар бус, Үндсэн хуулиар зохицуулдаг гэлээ. Засгийн газрын тухай хуульд энэ тухай юу гэж заасан бэ?

-Бараг бүх улсад парламент, Засгийн газар, шүүх гэсэн төрийн гурван салаа эрх мэдлийн суурь зохицуулалтыг Үндсэн хуулиар бий болгодог тул тэгж хэлэхээс аргагүй. Харин манай Засгийн газрын тухай хуулийн хувьд 1993 онд батлагдсан, маш ойлгомжтой, тодорхой, сайн бичигдсэн хууль шүү дээ. Манай хуучны мундаг хуульчид болох гавьяат хуульч Б.Чимид, Б.Цэрэндорж, Ш.Солонго гэх мэт хүмүүс бичиж, гол ажлыг нь нугалсан гэдэг. УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц (яамд) бүрэлдэхүүн (Засгийн газрын гишүүн), сайд нарын чиг үүрэгт өөрчлөлт оруулахад энэ хуульд бага сага нэмэлт, өөрчлөлт ордог юм. Сүүлд Ц.Нямдорж сайд өөрчлөх гэж нэг үзээд үнэхээр сайн бичигдсэн хууль байна гэж хэвлэлд нэг яриа өгсөн байх шиг байсан. Үнэхээр ч тийм юм. Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам гэж Үндсэн хуулиас эш татсан хоёр хэсэг заалт, 23 дугаар зүйлд сайдыг томилох, чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотой нэг заалт бий. Энгийнээр хэлбэл, гурван өгүүлбэр. Энэ гурван заалтыг ҮХНӨ-тэй нийцүүлэх гэвэл тэр өгүүлбэрүүдийн Үндсэн хуулиас эш татсан заалтын дугаар, ганц хоёр нэр үгийг солих хэрэгтэй болно. Цаг хугацаа аваад байх хэцүү ажил ч бас биш дээ. Дээр нь нэмээд ҮХНӨ-өөр сайд нар УИХ-ын өмнө тангараг өргөдөг болж байгаа. Энэ тангаргийн үгийг тодорхой болгож хуульд заах нэг ажил бий. За бусдыг нь Үндсэн хуульд тодорхой заасан тул нийцүүлээд байх зүйл бараг байхгүй дээ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө байгуулагдсан гэдэг утгаараа Засгийн газар тавдугаар сарын 25-наас хойш эрх зүйн чадамжтай байх боломж бий юү?

-Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр энэ хугацаанд хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэр хуулийн хүчинтэй. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх ёстой нь хэн бүхэнд ойлгомжтой. Үндсэн хууль тогтоогчид, ахмадууд маань ч энэ асуудалд онцгой анхаарч, ямар нэг завсар зай гарахааргүй хуульчилж өгчээ. Нөгөө талаас, ҮХНӨ хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан Засгийн газрын тухайд уг хуулийн зохицуулалт хэрхэх талаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд тодорхой заагаагүй. Уул нь үнэхээр ҮХНӨ-ийн Засгийн газартай холбоотой хэсгийг УИХ-ын сонгуулийн дараа хэрэгжүүлнэ гэж бодсон бол 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт болох БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөх шилжих тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан шиг тодорхой зааж болох байсан.

-Тухайлбал?

-1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуульд УИХ-ын сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл хуучин Засгийн газар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Тэгэхээр үүний нэгэн адил дээр дурдсан ҮХНӨ-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тун тодорхой заах ёстой байсан. Түүнээс бус ҮХНӨ-ийг улс орон даяар дагаж мөрдөх хугацаа эхлэх гэж байхад органик хуулиудад өөрчлөлт оруулах хүртэл дагаж мөрдөхгүй, давхар дээлээ тайлахгүй гээд сууж таарахгүй. Тэгээд бас улс орны хамгийн дээд хууль болох Үндсэн хуулийн заалтаас илүү хүчин чадалтай органик хуулийн заалт байж болно гээд Үндсэн хуулийг сахин биелүүлэхээр тангараг өргөсөн УИХ-ын гишүүд, улстөрчид нь батлаад, яриад суух нь буруу даа. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлд шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө үйлчилж байсан хуулиудыг гагцхүү Үндсэн хуульд харшлахгүй тохиолдолд цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөх бөгөөд Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Үндсэн хуульд харшилсан бүх хууль, эрх зүйн акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болно гэж хуульчилсан байдаг. Үндсэн хуулийн зарчим нь тийм юм.

Монгол Улс, манай ард түмэн Үндсэн хуулиа дээдлэн сахиж, эрх зүйт төрийг төлөвшүүлэх гэж явна, төр засаг ч иргэддээ хуулиа мөрд гэж хэлдэг, шаарддаг, шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авдаг. Гэтэл дээгүүрээ дарга нар нь Үндсэн хуулиа зөрчдөг байж таарахгүй.

-Одоогийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч болох уу. Эсвэл огцрох уу?

-Би дээр эхэнд хариулсан даа. Ер нь монголчууд бид Үндсэн хуульдаа 1992 оноос хойш 27, 28 жилийн дараа зарчмын том өөрчлөлт оруулж чадсан. Энэ ажил олон ч УИХ, Засгийн газрыг дамжиж яригдсан. Харин өнгөрсөн онд эрх баригч нам, Ерөнхийлөгч, сөрөг хүчин, эрдэмтэн, судлаачид, ахмад буурлууд, ард иргэд маань идэвхтэй оролцсоны дүнд энэ ажлын ард гарч чадлаа. Хуульд заасны дагуу хоёр хүрэхгүй сарын дараа улс орон даяар дагаж мөрдөж эхэлнэ. Гэтэл УИХ, Засгийн газар нь органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн хоёр, гурван заалтын үг, үсгийг бэлэн байгаа Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилж чадаагүй, амжаагүй гээд ҮХНӨ-ийн гол амин сүнс болсон заалтуудыг хэрэгжүүлэхгүй сууж байж болохгүй. Үндсэн хууль бол дээд хууль. Тогтоосон хугацаанаас эхлэн элдэв саадгүй заавал дагаж мөрдөх ёстой. Зөрчөөд эхэлбэл эрх зүйт төрийн тухай ярих ч хэрэггүй.

УИХ-ын гишүүд давхар дээлнээсээ салахгүй л болов уу даа.

-Тэдний хүсэл зоригийн асуудал биш. Эрх зүйт төр, Үндсэн хуулиа дээдлэн сахин биелүүлэх зарчмын асуудал юм. Төрт ёсны олон мянган жилийн уламжлал, түүхтэй Монголын төр ҮХНӨ-ийн хэрэгжилтийг ямар нэг маргаангүйгээр зохион байгуулж чадна гэж бодож байна. ҮХНӨ-ийн дагуу Ерөнхий сайд мэргэжлийн, нэр цэвэр, чадвартай хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж сонгуульд оролцоход бараг нэмэх оноо ирнэ дээ.

Дахиад хэлэхэд Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна” гэж хуульчилсны дагуу ҮХНӨ-ийн хэрэгжилтийг төрт ёсны уламжлал, дэг жаягаар дагаж мөрдөх хугацаанаас нь эхлэн зохион байгуулах ёстой болж байна.

-Хэрэв давхар дээлтэй байна гэвэл ямар сайд давхар дээлтэй байх нь зохистой вэ?

-Хэнийг танхимдаа авч ажиллуулах нь Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх. Тогтсон уламжлалаас харахад үндсэн чиг үүргийн яамдыг удирддаг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд болон Засгийн газрын ажлын албыг удирддаг ЗГХЭГ-ын дарга зэрэг албан тушаалд УИХ-ын гишүүдээс томилох нь бий.

-Дэд сайд нар сонгууль болтол сайдын үүргийг гүйцэтгэж болох уу?

-Боломжгүй. Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд юм. Дэд сайд гэж Үндсэн хуулийн субьект Засгийн газрын гишүүн биш. Тийм ч учраас сайдын түр эзгүйд сайдын чиг үүргийг дэд сайд бус, харин Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу аль нэг Засгийн газрын гишүүн хариуцаж ажилладаг журамтай. Товчхондоо дэд сайд нь харьяа байгууллагын үйл ажиллагааг сайдаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу түүний өмнө хариуцаж ажилладаг албан тушаалтан даа.

-Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Хойшлуулах нөхцөл байдал бий болчихсон уу?

-Хөнөөлт тахлын эсрэг засаг төр боломжоороо сайн ажиллаж байна. Иргэний хувьд энэ ажлыг хариуцан ажиллаж байгаа бүх хүмүүст, тэр дундаа эмч, цагдаа, онцгой байдлын алба болон бусад байгууллагын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Чухам сонгууль хойшлуулахын тухайд хэлэх зүйл алга. Үнэхээр иргэд, олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэлтэй, аюултай гэж мэргэжлийн албад үзэж байгаа бол сайн нягталж үзээд эрх бүхий хүмүүс нь шийднэ биз дээ.