Молхи миний сэтгэлдээ үргэлжид хайрлан санадаг хүмүүний нэг бол Бадарч ах билээ сэн. Буурал найрагчаа бодох бүрийд сэтгэл зөөлөн дулаан болдог. Сүүеэгээ, Долгорын Нямаа ахыгаа санах ахуйд уйлмаар ч юм шиг болоод гуниг баярт зэрэг автдаг нулимст хором минь Бадарч ахыг бодохоор тунгалагшаад цэлмээд ирдэг юм. Ам цагаан хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинэдийн эл өдрүүдэд Монголын яруу найргийн уянгын оргил түүнийг сэтгэлдээ багтааж халуун дулаан үгтэй ном бүтээлийг нь сөхсөн шигээ жаргалтай нь аргагүй сууна. Түрүү жилийн намар, наймдугаар сарын хорьдын нар асгарсан сайхан өдөр Халх голын 80 жилийн ойд зориулсан яруу найргийн өдөрлөг Зайсан толгойн хажуу бөөрөнд боллоо. Зайсан хилл цогцолборын урд талбайд ёслол төгөлдөр болсон. Тэрхүү яруу найргийн баярыг Халхын голын дайнтай нас чацуу буурал найрагч маань эхлүүллээ. Дандар баатрын дурсгалд зориулсан шүлгээ унших байсан ч яг тайзнаа гараад сэтгэл нь хөдөлсөн үү, яасан, эс бөгөөс гар дор ойр юм гэж бодсон уу “Эхийн сэтгэл” шүлгээ уншсан. Найрагчийн хайрт охин Бүжин “Аав буруу шүлгээ уншлаа. Дандар баатраа уншина гэж бид хоёр тохирсон юмсан” хэмээн үзэгчдийн дунд зөөлнөөр инээмсэглэн байж билээ. Буурал найрагчийн араас миний бие босч есөн жилийн өмнө “Залуу жанжин” хэмээн алдаршсан Монгол Улсын баатар Жамъянгийн Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан шүлгээ дуудлаа. Тэрхүү найргийн өдөрлөгт Халх голын дайнд оролцсон баатруудын үр ач зээ нар нь ирсэн байв. Лхагвасүрэн жанжны хүү нэрт дипломатч Лхагваа гуай тэргүүн эгнээнд сууж харагдсан. “Залуу жанжин” шүлгээ уншаад тайзнаас буухуйд Бадарч ах баяр хүргээд “Лхагвасүрэн жанжны сүр сүлдийг миний хүү дахин тунхаглалаа” гээд намайг үнсэхэд хичнээн сайхан санагдсан гэж бодно. Харин найрагч нөхөд минь “Булганыхан аргагүй булагналаа” гэсэн утга бүхий үг хэлцгээж намайгаа цаашлуулж наашлуулж байсан сан. Залуу жанжин бол анхдагч алдартнуудын өлгий Булган хангайн хүү гарцаагүй мөн л дөө. Уг шүлгээрээ 2010 онд чөлөөлөх дайны 65 жилийн ойн “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын тэргүүн шагнал хүртсэн юм.
“…Мөнхийн залуу насаа орхисон Халхын гол сэтгэл дундуур урсахад
Мөр зэрэгцэн тулалдаж явсан анд нөхдөө үгүйлсэн харуусал тань алчуур болон хөвнө
Цаг үргэлж, ардынхаа сэтгэлд дээдийн өндөрлөг болон од адил гялалзан туяарах
Цаг хугацааны алтан хуудас, буурал түүхийн шарласан хуудас – Залуу жанжин минь” гэж төгссөн шүлэг минь тааруу болсон юм болов уу, сүүлд гаргасан яруу найргийн хоёр номын алинд нь ч багтаагүй юмдаг. Харин Халхын голын түүхт 80 жилийн ойгоор намайг мялаасан хамгийн том шагнал буурал Бадарч ахын үнсэлт байсан. Монголын тусгаар тогтнол, туг сүлдийг авчирсан баатруудын өмнөөс намайг үнссэн гэж итгэнэ. Домогт Халхын голын ой цаашид 90, 100… гээд үргэлжилнэ. Тэр бүрийд өчүүхэн надад буурал найрагчийн халуун дулаан үнсэлт зүрхэнд мэдрэгдэж амьдралын сайхныг гэрчлэх юм шиг санагдана. Би ингэж л гэгээн тунгалгаар боддог.
Хол ойр замд хамт явах, гэрт нь очоод хуучилж суух тэрхүү агшин бүрийг би мартдаггүй. Хожмын амьдралд нөгөө л гэгээ гэрэл, уярал ухаарал, юугаар ч сольшгүй он жилүүд минь болох биз. Тэртээ хоёр мянга дөрвөн оны намар Эрдэнэ-Очир ахыг даган Долгорын Нямаа ах гурвуул буурал найрагчийнд очиж билээ. “Тэнгэрийн хас од” шилмэл бүтээлийнх нь боть гарчихсан мань аварга ёстой л нэг цалгилж угтсан сан. “Би чинь арван зургадугаар жарны шарагчин туулай жилийн өвлийн эхэн сард Төв аймгийн Баянжаргалан, Баян, Баянцагаан гурван сумын зааг нутагт Умбын говийн гүн жалганы дээд буланд эхээс мэндэлсэн хүн. Туулай жилтэн долоон бурхан одны дөтгөөр буюу “тэнгэрийн хас” одны эрхшээлтэй юм байна. Тэгээд би номоо “Тэнгэрийн хас од” гээд нэрлэчихлээ” гэж байсан. Ичинноров эгчтэй анх хөдөө хээр танилцсанаа яриад л, түүнийг нь Нямаа ах бүр егөөдөж өгөөд, харин Ичинноров эгч “Хүүхдүүдийн хажууд дэмий юм ярилаа” гэж өнөө хоёрыг чинь загнаад л. Яруу найрагч хүн ийм байдаг байх нь гэж бодохоор, өөрийнх нь шүлгэнд шигтгэгдсэн “Аргагүй амрагийг дарж дарж орхисон хуур” лугаа уянгатайхан байсан. “Та хэдийг Алтжингийн архиар дайлна аа” гээд “Хайр” нэртэй архи задалж, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дуугаа дуулж, төгөлдөр хуур дарж байгаа мэт ширээн дээгүүр арван хуруугаа бүжиглүүлэн байх тэр л агшинд “Тэнгэрийн хас од” номондоо “Монголын уран зохиолын өвгөд итгэлээ өгье” гэх халуун дулаан үгийг тэрлэн нэг муу шаврай оюутан надад барьж, дотоод их хүчийг өгснийг яахин мартах билээ. Ингэж анх уулзсан цаг мөчөөс хойш өндөр ачаа үүрүүлж, итгэл хүлээлгэн сэтгэл зүрхэнд байраа эзэлсэн юм. Тэрхүү явдлаас хэдэн жилийн дараа хориннэгдүгээр хорооллын өндөр есөн давхар ногоон байранд нь өвлийн жавар тачигнасан орой очиход “Ичинноров даарлаа гэхийн, арга байж үү дээ, халаадныхаа дотуур хар торгон хантаазаа өмсөөгүй байгаа юм чинь” гэсээр манай хоёр угтсан сан.
Түүний дараахан Төмөр замын соёлын ордны хойд талын байранд ирээд байхад нь мөн л очиж, Ичинноров эгчийн нүдийг хариулж байгаад Ама Бямбадоржийн өгсөн сумогийн аяганд виски цүл цүл хийтэл дүүргэн хоёул тулгаж, өдөржингөө хуучилж билээ. “Сэрэл мэдрэмжийн гэрэлт шувууг сэтгэл зүрхэнд нисгэсэн Монголын дархан хилд би хайртай” гэж яг л шүлэг шиг хэлсэн. “Алагийн уулан дээр, эх орныхоо торгон хилийн зурвас дээр, алтан соёмбот баганынхаа дэргэд зогсохуйд өнөө шүлэг найргийн албин минь хөдөлж, тусгаар тогтнолоороо бахархаж омогшоод, гэргий хүүхдээ санаж уяраад, сүлдэт баганынхаа цаадах газар нутгийг хүний юм даа гэж гуниад, юм юм л боллоо доо. Тэгээд дархан хилийнхээ баганын дэргэдээс хоёр ширхэг чулуу авч хармааллаа. Эх орныхоо хил дээр анх ирсний дурсгал гэж бодсон хэрэг л дээ. Орой бид заставтаа буцаж ирлээ. Сэтгэл нэг л тогтож өгсөнгүй. Шөнө дүл ч боллоо, нойр хүрсэнгүй. Өнөө хоёр чулуугаа дэргэдээ тавьж байгаад шүлэг бичиж билээ.
“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардыи итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий…” гэж биччихээд өмнийн говийн одот шөнөөр цээж дүүрэн алхаж байсан даа” хэмээн хуучилж суусан юм. Тэрээр Өмнөговийн Овоотын отрядад гурван жил алба хаахдаа “Эх орны хилээс”, “Нулимст борхон болжмор”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Саруулхан шөнийн дуу”, “Цэрэг орны дууль” зэрэг олон бүтээл туурвисныг мэдэх юм. Тиймдээ “Сэрэл мэдрэмжийн гэрэлт шувууг сэтгэл зүрхэнд минь нисгэсэн Монголын дархан хилд би хайртай” гэж эмзэг яруухан хэлдэг юмсан.
Түүний яруухан туурвилуудаас миний дуртай бүтээл үүдийн нэг “Пагмадулам”. Наяад оны дундуур “Болор цом”-ын тайзнаа анх уншигдсан уг шүлэг цээжинд хөндүүр авчрах нь бий.
“Хайрлам сайхан залуу насандаа
Нацагдоржтой минь учирсан
Харуусаж барамгүй хайраа цуулж
Нацагдоржоос минь хагацсан
Шанзны эгшигнээс тасарсан
Дусал хар нулимс
Ханзны халуунд хавчуулагдсан
Ширхэг цагаан сувд
Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам
Галуутайн хөх нууранд цэнгээгүй
Азгүй цагаан хун чи
Гал шиг найргийн илчинд цэцэглээгүй
Эзгүй бор лянхуа чи
Мөхлийн харурсгалд үйсэн
Халбагахан цагаан сүү чи
Мөнхийн ариун найрагт унасан
Балгахан хар ус чи
Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам…” гэж сэтгэлдээ хөндүүртэй, нүдэндээ нулимстай туурвижээ. Зүрхэнд ёгхийтэл хэлсэн энэ шүлгийг хааяа хааяахан уншиж бодлогошроод өөрийн эрхгүй “зуу” татмаар болдог сон. Тэгээд Бадарч ах руу утсаар холбогдон ганц “юм” ганзагалж очоод ярьж суух сайхан байдаг сан.
“Сонгинын шар шугуй” шүлгийг Эрдэнэ-Очир найрагч нутгийнхаа тэнгэр дор дуулгаж байсан сан. 2004 оны намар Ээгий ах хотоос дуудан төрсөн нутаг Улаанбадрахаараа арав гаруй хоног дагуулж явахдаа зам зуурт юу эсийг ярилцахав дээ. Эргээд бодох нь ээ, Бадарч. Цоодол, Нямаа, Догмид, Сүрэнжав, Нямдорж, Жагдалын Лхагва нарыг ярьж явжээ. Намрын шөнийн оддын дунд Эрдэнэ-Очир найрагчийн хэлсэн “Сонгинын шар шугуй” шүлгийн эхний дөрвөн мөрийг би савлхийвэл унших гээд байдаг. Тэгж л тарни мэт хоногшжээ.
“Сонгинын шар шугуй
Солонгын долоон өнгөтэй
Cop мөнгөн намартаа
Согоо уйдам салхитай…”. Сүүлийнх нь мөр бүрчиг зэвүүн. Яаж ингэж онож хэлж байна аа гэж бодохоор. Уран зохиолын хичээлийн семинар дээр Дулмаа багш нэг удаа буурал Бадарчаа урьж авчирсан юм. Тэгэхэд мань хүн “Өвгөн би сүүлийн үед ийм л шүлгүүд бичих боллоо. Зөнөж байгаагийнх юм болов уу даа” хэмээн оюутнуудын инээдийг хүргээд
“Мал хүнгүй зүс алдсан
Улаан гангийн нурманд
Малгайн чинээ үүл гэнэтхэн гарч
Гуравхан дусал унагах шиг
Гурван үг хэлье
Дээдсийн догшин хар сүлдний
Гурвалсан алтан гилбэр мэт
Дэлхийд ганцхан шүтээнээ дуудан
Ээж гэхэд ордог гурван үсэг шиг
Гурван үг хэлье
Арвижих баяжихын бэлгэдэл
Ам цагаан хулганы хишиглэсэн
Чандмань эрдэнэ шиг гурван үг хэлье
Өндөр цэн тогорууны гурван өндөг
Өвсөн дэвсгэр ч үгүй саарал үүрэндээ
Өөдлөх гэж өөрөө хагарах шиг гурван үг хэлье
Наргил ургал моддын дундахь
Галбарваасан шиг тансаг
Намиа хумиа жигүүртний дундахь
Өдөөн дэлгэсэн тогос мэт тунсаг
Наян живаа оддын дундахь
Тэргэл cap шиг ханьсаг
Гурван үг хэлье
Би чамд хайртай” гэж уншаад биднийг алмайруулчихсан. Тэр бол ийм л тансаг, хайлган сэтгэлийн найрагч. Хэн нэгнийг мөрөөсөх, цаг улирал солигдох, намрын сарны гэгээ асгарч, урьхан хонгор салхин энгэр цээжийг алгадан сэтгэлийг үймүүлэхэд түүний шүлгүүдийг уншдаг даа.
“Дундговь гэхлээр
Дугараа хундага мэлтэлзэнэ л
Дуу хуур цангинана л
Духандаа сорвитой
Дооров минь санагдана л, гунигтай яа…” гэж хоёр мянга нэгэн онд Дундговьд очихдоо Дооровтоо зориулсан шүлэг нь ингэж эхэлдэг юм. Мандалговийн тэнгэр дор алхах бүрийд уг шүлгийн мөрүүд санаа сэтгэлд ёс юм шиг бууж, амьдралдаа барааг нь хараагүй хэрнээ хүд хүд инээд нь чихэнд сонстоод байдаг өнөө Дооров нь бодогдон цээж хөндүүрлэх нь бий. “Сүрэнжав бол баясах гуних хоёр далавч нь ямагт дэвээстэй явдаг эмзэгхэн сэтгэлтэй найрагч. Аль нэг далавч илүү дэвээд ирвэл тэнцүүлж өгдөг хүн нь хайрт хань, номхон бор гүндүүгүй ч тэндээ эрхэмсэг Цэнд хатан мөн” хэмээн Бадарч ах нэгэнтээ бичсэн. Тэгвэл тэр жил Сүүеэгийнд очиход тэрээр “Би одоо “Жараад оны яруу туульс” ном бичиж байна. Тэр номонд орох Бадарчийн хөргийг чамд уншиж өгье” гээд Хэрлэн мөрний унага, буурал Бадарчийгаа хөрөглөн бичсэнээ “Би тэнгэрийн хүү, та нарын дунд ирсэн юм” гэх шүлгээ уншиж байгаа мэт галтайхан дуудаж билээ. Монголын утга зохиолд мөр зэрэгцэн орж ирсэн найрагчаа Сүрэнжав нь ёстой нэг зурах шиг болсон байж билээ. Саяхан Бадарч ахын “Найз нөхөд ховордоод, уулзах хүнгүй болоод ирэхээр энэ амьдрал хаашаа ч юм бэ дээ” гэж хэлсэн нь надад Сүрэнжавыгаа ямар их санаж байгаа бол доо гэхээс өр зурагдах шиг болсон.
Юмны учрал тохиол гэж сонин. Аливаад ерөөл бэлгэшээлийг боддог миний бие тэр жил “Болор цом” авчихаад болор цомоо өвөр дээрээ тэвэрч, найрагч ах нар, найрагч андууд минь Янжинлхам бурханыг хуйлаад өвөр дээгүүрээ тэгнүүлээд тавьчихсан нэгдүгээр сарын есний орой гэрээдээ баяр хөөр болон явахдаа Бадарч ахын “Цэцэгчний хүслэн”-г бүгдээрээ дуулж “Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм …” хэмээн гэрийнхээ босгоор алхталаа уянгалуулж явснаа үл мартнам. Тэр дууны аялгуу бүхэн миний сэтгэл рүү асгарсан их хайр, асгарсан их нулимс алин болохыг би мэддэггүй. Дарханы театрын залуухан гавьяат Энхбатын дуулснаар “Цэцэгчний хүслэн”-г сонсох бүртээ би уйлдаг юм. Бадарч ахынхаа тухай бодоход ийм л сайхан, очоод үнсүүлнэ гэж бодохоос бүр чиг сайхан.