Дөрвөн жилийн өмнөөс л өсөх ирээдүйтэй бөх хэмээн мэргэжилтнүүдийн нүдэнд өртсөн, хүчит монгол хөвгүүдийн нэг болох Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны Маэгшира 17 чинсаанд эрэмблэгдэн барилдаж байгаа сумоч Кирибаяма Тецүо Бямбачулууны Лхагвасүрэн одоо 24 настай. 184 см өндөр, 138 кг жинтэй. Сандамэ болон Макүшта зиндаанд тус тус нэг удаа түрүүлж байсан. Энэ нэг сараас макүчи дээд зиндаанд дэвшсэн 26 дахь монгол бөх, гадаадаас 49 дэх нь билээ. Харьяалагдах “Мичинокү” дэвжээ нь Хакуба А.Өнөржаргалаас хойш 10 жилийн дараа цолтой бөх гарч ирж буй нь энэ билээ. Сэрүүн бороо шивэрсэн, ид өвлийн энэ нэгэн өдөр Токиогийн Сумогийн ордоноос холгүйхэн орших “Мичинокү” дэвжээнд нь “Сумо” сэтгүүлийн гэрэл зурагчин В.Даваатай хамт гурвуул сууж ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.
-Токиогийн олимп болох түүхт энэ жилийн анхны башёон зөвхөн хүчтэнгүүд л өрсөлддөг дээд зиндаанд анх удаа барилдах гэж байгаа энэ агшин хором өөрийн тань хувьд онцгой байх. Энэ ялдамд мэргэжлийн сумогийн дээд зиндаанд дэвшсэнд халуун баяр хүргэе. 2015 оноос хойш энэ мөч хүртэл удаан, эсвэл хурдан байв уу?
-Багш маань хурдан байна л гэдэг юм. Миний хувьд арай л эрт дээш гарах ёстой байсан ч юм шиг. Хурууны бэртэл бас өвдөгний шөрмөс тасраад мэс засалд орж, яг эгзэгтэй чухал барилдаануудад унаад чансаа доошилж, эсвэл башёо амарч, ахих хугацаа алдсан.
-Бөх хүний туулдаг олон бэрхшээл зовлонг туулжээ. Бэртэл гэмтэлтэй үедээ шантрах явдал байсан л байх даа?
-Байлгүй яахав. Явж чадахгүй болчихсон. Манайхан бэлтгэлээ хийгээд л. Нүдэн дээр зарим нь чансаа ахиад л. Би зөвхөн хэвтээд, унтаад л. Юутай ч бэртлээ зуун хувь эдгээе гэж бодсон.
-Тэр өдрүүдэд хамгийн их сэтгэлийн тэнхээ өгсөн нь юу байсан бэ?
-Ээж, аав хоёр минь л. Утсаар их ярьдаг байлаа. Дөнгөж сумод орчихоод байтал багш нэг юм хэлэхээр нь за л гэчихэв. Тэгтэл цолтой бөх болтлоо нутагтаа харьж болохгүй шүү гэж хэлэхэд нь за гээд амлачихсан юм билээ. Түрүү жилийн нэг сард цолтой болж л дөрвөн жилийн дараа нутагтаа харьсан.
-Дөрвөн жил эх орондоо хариагүй гэж бодоход л гайхмаар. Хэцүү байсан уу?
-Үгүй ээ. Нэг бодлын зүгээр ч юм шиг. Мөрөөдлийн нэг хэсгээ биелүүлээд очиход бас гоё л юм билээ.
-Хэл мэддэг болчихсон үед багш нь дээрх шиг хэлсэн бол юу гэж хариулах бол?
-Бодох байсан шүү дээ. (Инээв)
Шууд л за гэхгүй байсан байх аа.
-Дөрвөн жилийн дараа харихад эх орон нь ямар санагдаж байв?
-Янзын сайхан. Онгоцноос буунгуут л Монголын минь уур амьсгал нэг их дотно. Өөдөөс хүйтэн агаар үлээж, салхи нь хүртэл нэг л онцгой. Хоёр сард очсон болохоор нэлээн даарсан. (Инээв) Яармаг, Нисэх их өөрчлөгдсөн байсан. Байшин барилга сүндэрлэсэн. Хотын төв рүү ороход ямар ч гоё болчихсон юм. Дахиад дөрвөн жилийн дараа очиход бараг Токиотой адилхан болчих юм болов уу гэж бодсон.
-Хөдөө аймагт аж төрдөг байсан гэл үү?
-Би Дорнод аймгийн Сэргэлэн сумд төрж, өссөн. Ээжийг маань Мандалын Энхгэрэл гэдэг.Сумынхаа хүн эмнэлгийн газар ажилладаг байсан. Аавыг Ядамсүрэнгийн Бямбачулуун гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг байсан. Нэг ах, эмэгтэй дүү хоёрын айлын дундах. Би зун болгон хөдөө хонь хариулж, морь унадаг хүүхэд байлаа. Өвөө минь хонь хариулах хүү минь ирлээ гээд их л баярладаг байсан. Өглөө хониндоо гараад л өдөр нэг ирж хоол идчихээд л орой болтол хонины бэлчээр дээр байлаа. Ганцаараа дуу дуулаад л хонио эргүүлж бэлчээгээд л морио хөтлөөд сайхан байжээ.
-Бага байхдаа барилддаг байсан юм уу?
-Барилдалгүй яахав. Сум, аймгийн наадамд зодог шуудаг өмсөнө. Манай аав, ээжийн тал аль аль нь бөхийн удамтай. Манайх үзэмчин ястан айл. Ээжийн өвөө их мундаг бөх хүн байсан гэнэ лээ. Бие хаа томтой улсууд. Аавын аав болох Ядамсүрэн өвөө маань өвөрмонгол үзэмчин бөхөөр барилддаг байсан. Нутагтаа алдартай нэгэн. Би өвөөгийнхөө амин голын хайртай ач хүү нь байсан. Ач зээ нар нь дандаа охидууд байгаад анхны ач хүү нь би төрөөд жигтэйхэн намайг эрхлүүлдэг байсан. Намайг цэцэрлэгийн жаахан хүүхэд байхаас л бөх болгоно гэж их ярьдаг байсан гэсэн. Би өвөөдөө үргэлж сүслэн залбирч явдаг. Тэд маань намайг үргэлж харж явдаг болов уу. Өвөө минь барилдуулж, эмээ зодог шуудаг оёж байсан. Хамгийн анх цэцэрлэгийн барилдаанд найман настайдаа түрүүлээд шатраар шагнуулж байлаа.Арван жилийн сургуулиа төгсчихөөд “Ажнай” клубт Эрдэнэбилэг багшийн шавь болон жүдогоор хичээллэж эхлэсэн.
-Тэгээд хэзээ сумотой холбогдов?
-Тухайн үед зурагтаар сумогийн тойм мэдээ л үздэг. Дагвадорж аваргыг барилдаж байхад их үзнэ. Больсноос нь хойш бүр үзэхээ ч байсан. Тэр үед Дагваа аваргыг л үзэх гэж сумо сонирхдог хүн их байсан шүү дээ. Би Адьяахүү багшийн шавь болон “Аварга” Биеийн тамирын дээд сургуульд элсээд хоёр, гурван жил сурсан юм. Есдүгээр сарын нэгэнд сургууль дээрээ очтол Адьяахүү багш Японоос нэг багш ирж хүүхэд сумод шалгаруулна гэнэ. Чи нэг ороод үзээч. Аль аль талдаа барилдчих ч юм шиг. Тэнцвэл Япон явна гэлээ. Нэг их ч дуртай байгаагүй юм аа. Багш хэлж байгаа болохоор л зөрсөнгүй. За за л гэлээ. Тэгээд Японоос багш ирэхээ болиод бид нарыг урьж байна гэнэ. Бүх зардлыг нь тэндээс даасан. Далимаар нь тэнд байдаг найзуудтайгаа уулзах боломж гарлаа гэж ч бас бодлоо. Уг нь сумод орох сонирхол байгаагүй юм аа. (Инээв) 2014 онд яг энэ дэвжээндээ гурван хүүхэд, багштайгаа хамт ирж, барилдаад, хоол идээд л шалгаж авах Мичинокү ояагата бидний бэлтгэлийг ажиглаад л байлаа. Бэлтгэлээ хийж, хоолоо идчихээд ойрхон байрлаж байсан буудалдаа очоод л бөөнөөрөө сууж байгаад ярьдаг байв. Больё. Ийм хэцүү бэлтгэлтэй юм байна. Энэ сумог барахгүй юм байна гэж бодсон. Нэг удаа өглөөн бэлтгэл хийгээд л халширсан. Найзууд бас барилдаж байгаа монгол сумоч нараас “Дээшээ гараад цолтой л болчихвол сумо гоё шүү дээ” гэдэг үг санаанд ороод, чихэнд хоногшоод л байлаа. Гэнэт хүчээ үзээд алдъя гэсэн бодол орж ирээд чармайж эхэлсэн. Тэр үед хамт байсан орчуулагч япончууд хүний хичээл зүтгэлийг их хардаг юм гэж сонссоноос хойш ямар нэгэн аргаар багшийн нүдэнд нь өртчих гээд л сургуулилтандаа чармайгаад л. Багшийн нүдэн дээр идэж өгнө. Ингэсээр байгаад буцлаа. Долоо хоногийн дараа хариу ирнэ гэв. Байдаггүй. Бараг сар болох гэж байлаа. Би ч тэнцсэнгүй дээ л гэж бодлоо. Хамт явсан хүүхдүүдээс хамгийн жижиг нь. Гэнэт Адьяахүү багшаас “Тэнцчихлээ. Чи одоо яах вэ? Шууд хариугаа хэл” гэж шавдуулав. Нэлээн тулгамдав. За ээж аав руугаа яриад үзье л гэлээ. Тэд өөрийнхөө амьдралыг өөрөө шийд гэв. Ингээд Япон явсан юм. Нүд ирмэхийн зуургүй л юм болж өнгөрсөн.
-Ояагата нь нэг яриандаа ирж байсан дөрвөн хүүхдээс хамгийн мэдрэмж сайтай нь нь гэж байсан. Ямар учиртай тэгж хэлж байсан бол?
-Би үндэсний бөх, жүдо, бөөрөнцөг шидэлт гээд хэд хэдэн спортоор хичээллэж байсан л даа. Би хүүхдийн бөөрөнцөг шидэлтийн улсын рекорд эвдэж байсан. Одоо хэн ч эвдээгүй байгаа сурагтай. Төдийлөн сайн мэдэхгүй тэмцээнд ороод л нэг шидчихсэн нь рекорд эвдсэн байсан. (Инээв)
-Дэвжээнд нь дээд зиндаанд барилдаж байсан Хакуба А.Өнөржаргал барилддаг байсан. Хэр дотно байв?
-Анх орсон цагаасаа эхлээд л одоог хүртэл хуурай ах дүүс болон явна. Анх хэл мэдэхгүй үед надад орчуулга хийж өгдөг байсан. Жаахан л юм болбол ояагата Өнөрөө ахыг дуудаж орчуулуулна. Хол башёод ч хамаагүй дуудна. Ах барилдааны мэх зааж өгнө. Юм юм л хэлж зөвлөнө. Их тусалдаг байсан. Нэг удаа бэлтгэл хийж байтал гэнэт Өнөрөө ах “Багш чинь чамайг Монгол явуулна” гэж хэлэнгүүт нь дотор палхийгээд явчихлаа. Одоо яана аа л гэж бодлоо. Сүр дуулиантай явсан хүн яаж нутагтаа харина аа л гэж бодлоо. Ингэж намайг хуурч, айлгаж байсан юм. (Инээв)
-Өнөрөө ах нь Сумогийн ордны ойролцоо байдаг “Улаанбаатар” монгол хоолны газрыг ажиллуулдаг. Бараг бүх монгол хүний ганц цуглардаг газар шүү дээ. Дөрвөн жил нутагтаа хариагүй чамд ч их нөмөр нөөлөг, түшиг болж байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Би чинь шинэхэн бөх болохоор хамаагүй гадуур чөлөөтэй явах хориотой. Дэлгүүр яваад ирье гэж хэлчихээд л монгол хоолны газар жирийчихдэг байлаа. Интернэт орж чадахгүй, wifi байлаа ч орой тасалчихдаг байсан юм. Ямар сайндаа анх ирж байсан буудлынхаа wifi-гийн нууц үгийг нь мэддэг болохоор орой тийшээ орж, утсаа үзээд зогсож байтал хүн гаргаж өгч байсан ояагатан гэргий уками сантай халз нүүр тулгарч, дараа нь сануулга авч байлаа. Над шиг азтай хүн байхгүй байх аа. Дэвжээ маань Сумогийнхоо ордонтой ойрхон. Бас монгол хоолны газар хүссэн үедээ хоолоо идэж, цайгаа уучихна.
-Хэл соёл, зан заншил, сумог юу ч мэдэхгүй хүүхэд ирээд л гурван башёон дараа сандамэ зиндаанд түрүүлэхэд багш нь ихэд баярлаж байсан гэдэг?
-Монголд байхдаа өдрийн 12 цаг хүртэл унтдаг байсан болохоор эхлээд энд сумогийн амьдралд дасах гэж хэцүү байлаа. Өглөө болгон таван цаг хагаст боссон байх ёстой. Нэг өглөө унтаж байтал намайг өшиглөөд байв. Дөнгөж үүрийн таван цаг өнгөрч байсан. Хамгийн сүүлд ирсэн шинэ шавь нар хамгийн эрт босох ёстойг тэр үед мэдэж байлаа. Тухайн үед шүд зуугаад л заримдаа яах гэж ирэв дээ ч гэж бодогдоно. Анх чансаагаараа 96-д байсан би яаж дөрөв давахаа л бодсон. Гурав давахгүй бол жёнидани руу бүр уначих гээд. Санаандгүй л Сандамэд азтайгаар түрүүлсэн дээ.
-Ингээд зургаан барилдааны дараа Макүштагийн 30-д дэвшихэд ойр хавийн хүмүүс ирээдүйн аврага төрж байна гэж шуугьсан. Тэр үед ямар санагдаж, юу бодогдож байсан бэ?
-Би жаахан зүрхшээгээд л байсан. Өөрт итгэл төрөхгүй. Макүштагаас өгсөж, уруудах уу гэсэн хоёрын зааг л байдаг. Жүрёогоос огт өөр. Дээрээс унаж ирсэн цолтой бөхчүүд дээшээ тэмүүлээд, доороос хүч түрэн орж ирж байгаа бөхчүүдийн ана мана хүч тулах ширүүн өрсөлдөөн өрнөдөг. Анх барилдаад 12 башёон дараа макүштад дэвшсэн.Макүштагийн 35-д байхдаа зиндаандаа долоо ялж түрүүлсэн. Үүнээс хойш нэг л учраа олчихсон юм шиг санагдаад, бие хаа ч сайхан цэгцрээд байгаа юм шиг болсон.
-Макүшта зиндаанд барилдсан хоёр жил өөрт тань ямар санагдаж байсан бэ?
-Их удсан бол дээшээ гарч чадахгүй байх аа. Хэцүү болгоныг үзсэн гэх үү. Үсрэнгүй хурдан, зовлонгүй дэвшсэнээс тодорхой хугацаанд байсан нь надад их юм ухааруулсан. Тэр сарын башёод л тавин хувиа хийчихвэл дээшээ гарна. Яг дээшээ гарах эгзэгтэй барилдааны өмнө би бараг унтаагүй. Багшийн цолтой болонгуут нутагтаа харьж, амарч болно гэсэн үг, яаж маргааш ялах уу л гэж бодохоос нойр хүрээгүй юм. Тавин хувиа хийчихлээ. Сүүлийн барилдаануудад санаа амарчихсан чинь хоёр уначихав. Тэгээд оноолт, тааралтаар сэтгэл түгшиж байсан ч юутай ч дээш дэвших болсон. Цаг нь ирвэл яаж ч байсан дээшээ гардаг гэдгийг их мэдэрсэн дээ. Мэдээж хариуцлагагүй барилдаанууд бас байна аа.
-Сумогоор барилдаад хамгийн их өөрчлөгдсөн зүйл юу вэ?
-Тэсвэр, тэвчээр хатуужил юм уу даа. Хүний үг сонсох, ах захаа хүндлэх, мэнд ус мэдэхээс эхлээд хүмүүст сайхан хүндэтгэлтэй хандаж явъя гэж боддог.
-Хамгийн өөрчлөгдөөгүй нь юу вэ?
-Багш намайг нэг тийм ширүүн зан байхгүй гэж дандаа хэлдэг юм. Би угаасаа нэг тийм зөөлхөн юм шиг байгаа юм. Уурлаж бухимдаад байдаггүй. Барилдаанд ч нэг тийм зөөлхөн хандаад, хурц ширүүн, дайрч, алгадаж бариад байдаггүй. Энэ л юм болов уу даа.
-Ояагата нь цагтаа Озеки. Нэлээн хөнгөн жингийн бөх байсан. Өөрийн тань хувьд ч мөн адил хөнгөн жингийн бөхчүүлд ордог. Биеийн жин амжилтад маш чухлаар нөлөөлдөг шүү дээ. Энэ талаар хэрхэн анхаарч байна?
-Одоо л жингээ нэмэх гээд зүдэрч байна. /Инээв/ Ананд аваргын дэвжээтэй өнгөрсөн намраас нэгдэж, аваргатай хамт байнга бэлтгэл хийж, хажуунаас нь харж, суралцана гэдэг үнэхээр өөр, гайхамшигтай гэдгийг их мэдэрч байна. Түүнд бүх л сайн сайхан юм цугларсан юм шиг санагдаад байдаг.Аливаа зүйлийг яс хийдэг чанар нь их сайхан. Түүнийг нь дагаад л хийж байна. Хэнтэй ч барилдсан бай зөвхөн өөрийнхөөрөө л барилд. Муу сайн бөх гэж байхгүй. Маргааш ингэж тэгж барилдана гэж сэтгэлээ чилээж, өөрийгөө битгий зовоо. Зүгээр л сайхан өөрийнхөөрөө барилд гэж хэлдэг. Өнөөдөр алдартай Мейжижингү сүмд Аваргын дохёоири ёслол болж, зөвхөн цолтой бөх л хамт үйлдэх өмнө нь явахцүю харай ёслолыг хийсэн. Энэ их сайхан тавилан юм даа. Огт өөр догдлол төрсөн. Сүр төгөлдөр юм билээ. Нэг талдаа өөрөөрөө, нөгөө талдаа аваргаараа ч омогших юм. Ананд аварга ирээд л хоолны тал дээр маш их зөвлөгөө өгч, нүдэн дээрээ гурван аяга идүүлж байгаа. Намрын жүнгёон дараа Кюүшюү башёон өмнө жин 140 кг хүрэхэд бие хаа ч том болоод, хүнд амархан түлхүүлэхгүй, өөрөө ч бас бяр суучихсан юм шиг санагдаад барилдахад ч эвтэй дүйтэй болоод сайхан болж байгааг мэдэрсэн.Энэ жил санякү цолтой болно гээд зорьж байна. Саяхан Хакухо аварга чинсаа тогтоох барилдааны кейко дээр арван хэдэн удаа түлхүүлэх буцкари кэйко хийсэн. Дөнгөж шинэ макүчи бөхтэй тэр болгон бэлтгэл хийгээд байхгүй шүү дээ. Үүгээрээ надад маш их итгэл найдвар өгч байгаа гэсэн үг. Би ч бүүр сүүлдээ хүчрэхээ болиод мөлхсөн л дөө. Бараг л ухаан алдахын даваан дээр эргээд сэхэх бас гоё юм байна аа. (Инээв)
-Найз охин байгаа юу?
-Монголд байгаа.
-Аав ээж минь одоо л 15 хоног намайг зурагтаар харах нь дээ гэж хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан.
-Аав ээжийнхээ ачийг хариулж байгаа өчүүхэн нэг хэсэг юм болов уу даа.
Ярилцсан В.ДАВАА
Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Гэрэл зургийг В.ДАВАА