Лектор Г.Мөнгөний зургаан дансны аргыг анх сонсоод ер итгээгүй. Зугаа цэнгэлийн данс, аяллын данс гэх мэтээр хөрсөнд буухааргүй зүйлс, нөгөө л ном борлуулдаг арга болов уу гэсэн бодлоор “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг уншиж эхлэв. Уг номоос хүмүүс мөнгийг зовж олдог ч зарахдаа нүд ирмэхийн зуур цацаж орхидог. Зарцуулалт нь ямар ч үр өгөөжгүй. Өнөөдөр цалин буулаа, орлого оллоо, маргааш нь халаас хоосон. Нөгөөдөр, түүний цаадах өдөр, ирээдүйд юу болох нь падгүй. Тэгээд мөнгөө дууссаны дараа хэн нэгнээс зээл гуйдаг. Банкнаас ч авах нь бий. Эцэст нь орлогоосоо хэтэрсэн өр зээлтэй, өдөр хоногийг “Мөнгө яаж олох вэ” гэсэн өлөн бодлоор угтаж байдаг. Үнэндээ энэ бол санхүүгийн сахилга баттай болохын дохио юм. Олсон мөнгөө зөв зарцуулах. Дээр нь хадгаламжтай болох ёстой. Заавал шүү. Хадгаламжтай залуус бидний дунд хэр олон бол. Өдрийн одноос ч цөөн гэхэд болно. Яагаад гэвэл бид хадгаламжийн үнэ цэнийг ойлгодоггүй.
Хадгаламж гэдэг нь бидний ирээдүйдээ оруулах хөрөнгө оруулалт. Гэхдээ бизнесийн санааг санхүүжүүлэгч, байрны зээл төлөгч, тавилга авах, машин авах зэргийн төлбөр биш гэж байна. Хадгаламж гэдэг 20, 30, 40 жилийн дараахь эрүүл мэндээ хамгаалах, ажиллах чадваргүй болсон үед амьдралаа сэтгэл хангалуун авч явах нэлээд урт хугацааны, тэгсэн хэрнээ жам ёсоор хүний амьдралд тулгардаг зовлон бэрхшээл, асуудлыг “Мөнгө цуглуулж байх минь яав даа”, “Мөнгөтэй байсан бол өдийд ингэхгүй байсан юм” хэмээн харамсахааргүй даван туулах баталгаа аж.
Үүний тулд олсон орлогынхоо 20-30 хувийг хадгаламжид хий гэж зохиогч зөвлөжээ. Өндөр хувь байгаа биз. Тэр тусмаа сайн гэжээ. Орлогоосоо хадгаламжид хийхэд мөнгө дутагдаж мэдэгдэхгүй байвал тэр бол хадгаламж биш гэж байна. Харин эсрэгээрээ “Яая” гэж дуу алдтал орлогынхоо өндөр хувийг хадгалж чадах нь жинхэнэ мөн чанар болдог аж. Сэтгэлийн хөөрлөөр банкинд нэг данс нээгээд хэдэн төгрөг хийчихээд сар ч хүрэхгүй амьдралын шаардлагаар гээд нөгөөх рүүгээ өнгийх нь олонтаа. Энэ үед тэсвэр тэвчээр зааж байж хадгаламжийн дансаа ангид тусгаарлах ёстойг зөвлөжээ. Мэдээж байн байн хадгаламж руугаа гүйхгүйн тулд үлдсэн орлогоо зөв зохион байгуулж, илүү хэрэглээгээ танаж амьдралын зөв хэвшилд шилжих нь хамгийн гол алхам гэж байна. Энэ удаад бас л тэсвэр тэвчээр, зорилго, тууштай зан чанар шаардагдах нь.
Угаас амьдралдаа сэтгэл хангалуун явъя, ирээдүйдээ баталгаатай амьдралыг бий болгоё гэж бодож л байгаа бол өнөөдөр өлсөж, ядарч, өөрийнхөө тэсвэр тэвчээрийн заагийг тогтоож түүндээ барихаас аргагүй. Зохиогчийн амьдралд яг л энэ жишээнүүд тохиолдож байсныг тэрээр энгийн өгүүлсэн байв. Тэрээр анх 100 гаруй кг жинтэй, өр зээлэнд баригдсан, олсон хэдэн төгрөгөөрөө өр зээлээ дараад ч хүрдэггүй, арга барахдаа банкнаас өндөр хүүтэй зээл авч жижиг зээлүүдээ дарах нэрээр бүр илүү санхүүгийн дарамтад орсон, ажил нь урагшгүй, олон жилийн турш түрээсийн байраар эхнэр, хүүхдээ дагуулж амьдарсан нэгэн байж. Яг л өнөөгийн залуусын дийлэнх төрх.
Харин тэр санхүүгийн сахилга батыг өөртөө бий болгож, хадгаламж харилцах гэсэн хоёр данс ажиллуулж, олсон орлого бүрийнхээ 20-30 хувийг шууд хадгаламж руугаа нүдээ анин шилжүүлдэг болж. Үлдсэн орлогоо амьдралдаа зүй зохистой зарцуулж, өөрөө фитнесст явж жингээ хаяхыг эрмэлзэн, эрүүл хооллолтыг сонгох болжээ. Нэгэнт эхлүүлсэн түүний зорилго үр дүнгээ өгч, 20-30 кг хасан, зах замбараагүй гадуур хооллолт, уулзалт зэргээс татгалзаж эрүүл нэгэн болж чаджээ. Түүгээр зогсохгүй хамгийн гайхамшигтай нь тэрээр жил хүрэхгүйн хугацаанд хуримтлуулсан хадгаламжаараа байрны урьдчилгаа хийн, олон жилийн түрээсийн байрны амьдралдаа цэг тавьснаа бахархан бичсэн байлаа. Үр дүнгээ өгсөн хоёр дансны аргаа улам өргөжүүлж, аялал, гэр бүлээрээ гадуур зугаалах, эхнэртэйгээ болзох зэрэг зугаа цэнгэлийн данс, ипотекийн зээлийн хуримтлалын данс зэрэг зургаан дансыг хөтөлж эхэлсэн байна. Нэгэнт тогтсон санхүүгийн сахилга бат амьдралд шаардлагатай олон зүйлд тусад нь данс нээн хуримтлал үүсгэх нь харин ч зөв алхам гэж номын төгсгөлд бодохоор аж.
Ямартаа ч эхний ээлжинд хадгаламжтай болъё, түүндээ хүрэхгүйгээр үлдсэн мөнгөө амьдралдаа зөв зарцуулдаг санхүүгийн сахилга баттай болъё.
Б.ЭНХЗАЯА