Categories
мэдээ нийгэм

Найман аймагт хуванцар хог бутлагч, пресллэгч машин хүлээлгэж өгөв

БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төслийн хүрээнд 8 аймагт хуванцар хог бутлагч, пресллэгч машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэж өглөө. Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгуудын БОАЖГ-уудын дарга нар нь энэхүү машинуудыг хүлээж авсан бөгөөд төсөлд шалгарсан “Мог пластик” ХХК-ийнхан менежментийг нь хариуцаж ажиллах юм байна.

Бутлагч машин нь 1 цагт 300 кг хуванцарыг бутлах хүчин чадалтай бол преслэгч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай юм байна. Эдгээр машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг УБ-т үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхий болгон нийлүүлэх юм.

Улаанбаатарт хуванцар дахин боловсруулах 13 үйлдвэр байдаг бөгөөд жилд 30 мянган тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай ч түүхий эдийн дутагдлаас болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Харин энэхүү машинуудыг 8 аймагт хүлээлгэж өгснөөр түүхий эд тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Нөгөөтэйгүүр иргэдийг хогоо ангилж хаях дадалд сургах томоохон түлхэц болно гэж тооцоолж байгаа юм.

Улаанбаатарт ус, ундааны сав дахин боловсруулах “Мог пластик”, “Од пластик”, “Сан-Оргиу”, “Пластик центр”, “Ганган-Анд”, “Жин хургуй”, “Ти Эм Эл” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *