Кристоф Фонтэйнь
Европын болон Францын гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан сэтгүүлчдэд зориулсан ажлын айлчлалаар Франц орныг зориод ирлээ. Өглөөнөөс орой болтол хуваарийн дагуу жирийлгэсэн тун сонирхолтой томилолт байлаа.
Явсан айлчлалын сэдвүүд маань тогтвортой хөгжил, эрчим хүч, хот төлөвлөлт, хог хаягдлын зөв менежмент зэрэг манай хотод тулгамдаад байгаа асуудлууд их байсан юм.Томилолтын эхний өдөр “Айрпариф” гэдэг компаниар зочиллоо. Тус компани төрөөс магадлан итгэмжлэгдсэн байгууллага ба агаарын бохирдлыг хэмжиж, урьдчилсан төлөв байдлын талаарх мэдээллийг Франц улс болон Европ, олон улсын нийтийн эрүүл мэндийн нормативын дагуу тогтмол авч байх үүрэг хүлээсэн байгууллага юм байна.Европын том хотуудад агаарын бохирдол хамгийн өргөн сэдвүүдийн нэг билээ.Айрпариф компани хот суурин газрын агаарын бохирдол хүүхэд багачууд болон насанд хүрэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг юм байна. Тэрч байтугай гэрийн тэжээвэр амьтдад сөрөг нөлөө нь хэрхэн тусч байгаа зэргийг нарийн судалдаг. Тус байгууллага хэмжилтээ хотын төв болон хотын зах хэсгээр тогтмол хийж, ямар улиралд агаарын бохирдлын хэмжээ ихсэж багасдагийг судалж өмнөх онуудтайгаа харьцуулж үздэг. Компаний гол зорилго нь агаарын бохирдлыг хэмжиж улс орон даяар мэдээллэх үүрэгтэй ба орон нутгийн болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагтай нягт хамтарч ажилдаг аж. Мөн агаарыг бохирдуулагч хиймийн элементууд нь байгальд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг олж тогтоож төр засагтаа дуулгаж арга хэмжээ авахуулдаг олон жишээ дурьдсаны нэг нь агаарыг хордуулагч ямар нэгэн бодис орсон бараа бүтээгдэхүүнд оногдуулах татварын хэмжээг нэмдэг эсвэл орц найрлагыг нь түргэн шуурхай сольдог юм байна.
Үүнээс гадна агаарын бохирдол хэвийн байх хэмжээнээсээ ихэссэн бол улс орон даяар аюулын дохио хүртэл зарладаг гэж байгаа. Бохирдлын хэмжээг бууртал ард иргэддээ дизель хөдөлгүүртэй авто машин унахгүй байхыг уриаж, аль болох хайбрид эко авто машинтай замын хөдөлгөөнд орохыг зөвлөдөг. Мөн ундаг дугуй унахыг дэмжиж хямд үнээр дугуй худалдан авах боломжуудыг санал болгодог бол, хүүхэд хөгшчүүдийг нийтийн тээврээр зорчихыг уриалж төлбөрийн нөхцөлийг төрөөс хямдруулж хамтран ажилладаг байна.
Агаар бохирдуулагч хүчин зүйлүүд нь нийгмийн хөгжлөө дагаад хувирч өөрчлөгдөж байдаг гэнэ. 1770 оны дундуур Парис хотын оршин суугчид гудамжиндаа хог хаягдлаа ихээр шатааж агаар орчноо бохирдуулдаг байсан бол 1889 оны сүүлчээр аж үйлдвэрийн үед агаарын бохирдол нь илүү аюултай түвшинд хүрч байжээ. 2019оны байдлаар Европын орнууд агаарын чанарыг хэмждэг станцуудаа голдуу хурдны замын хажуугаар байршуулдаг болсон гэж байна. Авто машинаас ялгарч буй азот халуунд ууршиж алга болдоггүй учир хурдны замуудын орчны агаарын чанарыг байх ёстой хэмжээнээсээ хэтэрчих вий хэмээн үргэлж хянаж байдаг гэнэ. Ямар ч үед том хотуудын агаарын чанарыг сайжруулдаг хүчин зүйл нь хүчтэй салхи эсвэл бороо цас л байдаг ажээ.
Танилцуулга хийсэн Айр париф компанийн мэдээллийн ажилтан инженер хатагтай Шарлотт Сожер аж үйлдвэр хөгжих хэрээр сөрөг тал нь ийнхүү бий болсоор байна хэмээн өгүүлснээр лекц маань өндөрлөсөн юм.
Манай сэтгүүлчдийн баг цааш хөдөлж “GUAPO” буюу Дэлхийн Хотуудын Агаарын Чанарыг Хянах Төв гэдэг байгууллага дээр ирлээ. Уг байгууллагын гол зорилт нь дэлхийн хотуудын агаарын чанарыг хянаж, сөрөг тал дээр нь мэдээлэл солилцож хамтарч ажилладаг. Хүн ам ихээр төвлөрсөн хотуудын агаарын чанарт муугаар нөлөөлж байгаа хордуулагч бодис нь юунаас гарч байгааг судалж, туршлага солилцож мөн агаарын чанарыг хэмжигч орчин үеийн техник хэрэгсэл болон мэргэжилтэн, шинжээчээ илгээж хамтарч ажилладаг аж. Мэдээж тухайн улс орны удирдлагууд өөрсдөө хүсэлт тавьсны үндсэн дээр хамтарч ажилладаг гэнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол их байдаг, тиймээс манай хотын удирдлагуудтай хамтарч ажиллах санал тавиад байгаа. Энэ оны 11 дүгээр сараас эхлээд Улаанбаатар хот тус байгууллагын гишүүн хотоор элсэж байгааг агаарын чанарыг хянах төвийн захирал хатагтай Элса Мартаян бидэнд хэлсэн юм. Мөн тэрээр “GUAPO”ын гишүүнээр элсэж орсноор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл тусламж болон санхүүгийн хувьд дэмжлэг авдаг давуу талуудтайг онцолсон билээ.
Айчлалын дараагийн өдөр “MEDEF” буюу ажил олгогч эздийн холбоогоор зочиллоо. Тус холбоо нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг болон явуулах хүсэлтэй дотоодын 75 мянга гаруй компанитай хамтарч ажилдаг мөн гишүүн компанийнхаа эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага юм байна. Франц-Монголыг хариуцсан зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Кристоф Фонтэйнь хэлэхдээ манай хоёр орны харилцаа сайн ч эдийн засгийн хувьд хүссэн хэмжээндээ хүрч чадахгүй байгаа. Тэрээр 2020 он гэхэд ахиц гарна гэж найдаж байгаагаа хэлээд хоёр тал илүү хичээж ажиллах хэрэгтэй байгааг онцолж хэлсэн юм.
Үүнээс гадна Францын компаниуд Монгол оронтой сайн танилцаж амжаагүй байгаа болохоор ирэх жил Улаанбаатарт Францын хориод том аж ахуйн нэгжийг урьж авчрах том амбицтай байгаагаа дурдсан юм.
Хоёр орон уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, тээвэр, дэд бүтэц, хот дахин төлөвлөлт, ундны усны зөв хэрэглээ, хог хаягдлын менежмент зэрэг салбарт эдийн засгийн харилцан ашигтай хамтарч ажиллах ирээдүй их байгааг ярьж байна лээ. Хувийн хэвшлээс гадна Парис хот болон Улаанбаатар хотуудын удирдлагуудыг хооронд нь холбож өгч хотуудын холбоонд нэгдэж орохыг урина гэв.
Улаанбаатар хотод агаарын бохирдол, e-governer буюу ухаалаг хот, дүүжин гүүр зэрэг төслийг санал болгох юм байна. Тэрээр Монголд арав гаруй удаа ирж байсан, одоо ажиллаж байгаа Монгол улсын Ерөнхийлөгчтэй сайд байхад нь ирж уулзаж байснаа дурсан ярьсан юм.
Ноён Фонтэйнь Монголд ирэх их дуртай гэнэ, Монголчууд бол Хятад, Солонгос, Япончуудаас шал өөр, илүү баруунжсан үндэстэн, ядаж л хоолоо идэхдээ савх хэрэглэдэггүй, хутга сэрээ хэрэглэдэг, тийм ээ гээд бидний өөдөөс инээж байна. Мөн тэрээр Монгол Улс бол ардчилсан орон, гэхдээ ардчилсан орон сайн талтай ч тогтвортой байж чадахгүй байна, хүмүүс нь байнга солигдоод байхаар компаниуд эрсдэлээсээ айгаад шууд хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгааг учирласан юм. Хуваарийн дагуу цааш хөдөлж ус, хог хаягдлын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “SUEZ” компаниар орлоо. “SUEZ” групп бол 160 жилийн түүхтэй, 90 мянга гаран ажилчин албан хаагчтай дэлхийн таван тивд үйл ажиллагаа явуулдаг, 32 сая хэрэглэгчтэй том байгууллага юм байна.
Голдуу том хотуудын аж үйлдвэр, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэр, цэвэр усны хэрэглээ, хот тохижилт зэргээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн удирдлагууд Улаанбаатар хотод хоёр ч удаа очиж ажиллаж байжээ. Эрдэнэт хотын ундны усны дахин боловсруулах үйлдвэрийн өргөтгөлийн шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм байна. Группын гол зорилго нь байгалийн баялгаа зохистой хэрэглэхэд нь хамтарч ажилладаг гэнэ.
Улаанбаатар хотын ундны усны нөөц болон хөрсний бохирдол, хот дахин төлөвлөлт зэргээр нийслэлийн байгаль орчны газартай хамтарч ажиллах хүсэлтэй байдаг гэдгээ уламжилсан юм. Мөн манай улсын байгаль орчны сайд хүртэл ирж уулзаж хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Дараагийн уулзалт бол ямар нэгэн хувийн хэвшил биш улс төрийн зүтгэлтэнтэй уулзахаар цаг товлосон байлаа. Замын түгжрэл гэх зүйлгүй давхисаар Франц улсын Үндэсний ассамблэйн гадаа товлосон цагтаа ирж амжлаа. Францын Үндэсний ассамблэй 570 гишүүнээс бүрддэгийн 38 хувь нь эмэгтэй квот эзэлж байгаа аж. Нийт найман өөр намын 17 төлөөлөл орсон Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Стэфань Бауду бидний хэдэн сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан юм. Тэрээр бүлгийн даргаар сонгогдоод 10 сар орчим болж байгаа ч Парис дахь Монголын Элчин сайдын яамтай нягт хамтарч ажиллаж байгаа гэнэ. Ирэх жил буюу 2020 оны 4 дүгээр сард хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоор Монгол Улсад очих төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн юм. Мөн тэрээр хоёр орон соёл урлаг болон хүмүүнлэгийн чиглэлээр маш идэвхтэй хамтарч ажилдаг мөн Францын засгийн газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутны тоог нэмэх талаар шаргуу ажиллаж байгаа хэмээн сүүлийн 10 сар орчим хийсэн ажлаа товчхон тайлагнасан билээ.
Ирсэн зочидоо Үндэсний Ассамблэй хурлын танхим болон номын сангаар оруулж танилцууллаа. Бүлгийн дарга маань Парис 2024 оны зуны Олимпод манай баг тамирчдыг идэвхтэй оролцож өндөр амжилт гаргахыг ерөөсөөр ордны үүдэнд үдэж өгсөн билээ. Нэг уулзалтаас нөгөө уулзалт руу жирийлгэсээр нэг мэдэхнээ буцах хугацаа маань ирсэн байлаа. Бидний сүүлчийн өдөр уран олборлох салбарт дэлхийд тэргүүлэгч “Орано” группээр орсон юм.
Тус компани 16 мянга орчим ажилчинтай, цөмийн эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит үндэстэн дамнасан том компани билээ. Орано групп Франц, Канад, Казакстан зэрэг оронд уран олборлолт хийдэг, мөн олборлосон уранаа баяжуулна, түлш болгоно.
Хариуцлагатай уул уурхайг дээдэлдэг Орано компанийг дэлхийн хэвлэлүүд уул уурхайн нөхөн сэргээлт хийдгээрээ үлгэр жишээ гэж онцолдог билээ. Энэ бол нөгөө манайхны мэддэг Арайвагийн толгой компани аж.
Тус компанийн олон нийттэй харилцах албаны ажилтан ноён Брюно Гэрэн биднийг Бэссинь дэх нөхөн сэргээлт хийсэн уурхайн талбайдаа дагуулан очлоо. Анх 1948 онд уран байгааг нь олж тогтоож. Үүнээс хойш 1975 оноос 1992 он хүртэл олборлолт хийсэн байна. Тэгээд 1993 оноос 1998 он хүртэл нөхөн сэргээлтийн ажил хийж. Уул уурхайн ашиглалтын дараах газар нутгийн асуудал хариуцсан ажилтан гэж байдаг аж. Тэр мэргэжилтэн нөхөн сэргээлтийн ажлаа хянана мөн сар болгон ирж хөрс, ус, модноос дээж авна. Шинжилгээ хийнэ.
Одоо бол цэвэр байгалийн төрхөндөө орсон, анх байсан ан амьтан, ургамал ногоо бүгд хэвийн болсон гэж мэргэжилтэн хатагтай Каролинь Бэнэстон ярьсан юм. Үнэхээр ч нөхөн сэргээлтийг сайн хийжээ. Ирсэн сэтгүүлчдээс сонирхсон асуулт байвал асууж болно гэхээр нь анх олборлолт хийхэд нутгийн иргэд хэр зэрэг эсэргүүцсэн бэ гээд асуугаад авлаа. Тэгтэл нутгийн иргэд ажиллах ажлын байртай боллоо гээд бөөн баяр хөөр байсан гэнэ, харин уурхай хаагдах үед ажиллаж байсан нутгийн иргэд ажлын байргүй боллоо гээд жоохон үймсэн юм байна.
Уул уурхай болон уран олборлолтоо стандартын дагуу ном журмаараа ашиглавал байгаль дэлхий хүн амьтанд ямар ч аюулгүй гэдгийн тод жишээ болсон Бэссинь дах нөхөн сэргээлтийн газар удахгүй аялал жуулчлалын шинэ төв болох бололтой.
Энэ нийтлэлд дурдагдсан компаниудтай холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо барьж болно.
М.БАЯНБУЛАГ