Categories
мэдээ цаг-үе

70 настай монгол “Жордан”

“Жордан” өвөө хэмээн хүүхэд залуусын дунд танил болсон О.Сандаадорж гуайтай ярилцлаа. Түүнийг нэгдүгээр хорооллын Жордан өвөө гэхээр сагсан бөмбөг сонирхогчид анддаггүй. Жордан өвөөгийн гэр Нарны хороололд нүүж ирсэн бөгөөд өчигдөр түүнийг хорооллынхоо гадаах талбайд сагсан бөмбөг тоглож байхад нь ийнхүү уулзсан юм.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Дундговь аймагт төрж өссөн. Lakers багийг дэмждэг. Би өөрийгөө гудамжны сагсчин гэдэг. Өглөө, оройдоо сагс тоглодог. 70 настай. МСҮТ-ийн багш байхдаа Төмөрбаатар гэсэн нэртэй байсан. Ард түмний өгсөн нэр нь Бандгай, бацаануудын өгсөн нэр “Жордан өвөө”.

-Та сагсан бөмбөгөөр хичээллээд хэдэн жил болж байна вэ?

-Спорттой холбогдоод 47 жил болж байна. Цэрэгт байхдаа сагсан бөмбөг тоглодог байлаа.

-Ам бүл хэдүүлээ вэ?

-Гэр бүл, дөрвүүлээ. Хүү маань сагс тоглодог. Харин охин тоглодоггүй.

-Ач зээ олон биз?

-Би ганцхан зээтэй. Нарны хороололд ирээд жил болж байна. Ноднин 12 дугаар сард ирсэн, Цагаан сарыг үзэх гээд л байж байна даа.

-Нэг удаа тоглохдоо хэдэн цаг тоглодог вэ?

-Ямар ч халаалт байхгүй гүйж ирээд л тоглож байна. Тоглохдоо төдөн цаг тоглоно гэж төлөвлөдөггүй, хоёр гурав гараад л болчихдог. Би чинь Монголын супер од шүү дээ.

Замын-Үүдэд 1973-1976 онд орос цэргүүдтэй тоглодог байлаа. Тэрнээс хойш 47 дахь жилдээ тоглож байна.

Би сургуульд байхдаа муу тоглодог хүүхэд байсан шүү. Сүүлд л сайжраад байгаа.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Цэрэгт тогооч , зуухны инженер хийж байсан. Орос, англи, төвөд хэлтэй. Мөн хуучин монгол бичигтэй. Аав маань багш байсан юм.

-Та хотод орж ирээд хэдэн жил болж байна?

-Дундговиос хотод шилжиж ирээд 20 жил болж байна. Ирэн очин л байдаг.

-Тантай ямар насныхан ихэвчлэн сагс тоглодог вэ?

-Би чинь гудамжны сагсчин. Багаас эхлээд томчуултай, бүгдтэй нь тоглоно шүү дээ. Тэд намайг настай хүн учраас их хүндэлдэг дээ. Хүйтрээд жаахан тоглож чадахгүй л байна.

-47 жил сагсан бөмбөг тоглоно гэдэг урт хугацаа шүү?

-Хэлээд юу гэх вэ. Замын-Үүдэд байхаасаа л тоглож эхэлсэн. МСҮТ-ийн цахилгааны багш байхдаа идэвхтэй тоглож эхэлсэн. 1981-1990 он хүртэл тоглосон. Түүнээс хойш одоог хүртэл тоглоод солгой, зөвгүй шиддэг болчихоод байна.

-Та лам гэсэн. Хэзээнээс эхлээд лам болсон бэ?

-Манай аав лам байсан. Манайх чинь гурван үеэрээ лам. Манай ах одоо 94 настай хүн. Хийдэд сууж байгаа.

Дундговь аймгийн Луус суманд ард түмэнтэйгээ нийлж 21 суваргатай хийдийг 2016 онд босгосон. Би өөрөө МСҮТ-ийн цахилгааны багш хийж байгаад лам болсон юм. Ер нь номоо үзээд л яваад байсан.

Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *