Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын дарга Г.Занданшатар ИЗОУИС-ийн оюутан залуучуудтай уулзаж, илтгэл тавилаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Их засаг олон улсын их сургуульд зочилж, тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан залуучуудтай уулзлаа.

Уулзалтыг Их засаг олон улсын их сургуулийн ректор Н.Ням-осор нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага, түүнтэй уялдуулан Монголын боловсролын тогтолцоонд хийх өөрчлөлт шинэчлэлтийн сэдвээр илтгэл тавив.

Илтгэлийнхээ өмнө тэрбээр Монголын дээд боловсролын тогтолцооны шинэчлэлийн үйл хэргийг ямагт манлайлж, сургалтын үйл ажиллагаагаа дэлхийн жишигт нийцүүлэн, олон улсад магадлан итгэмжлэгдсэн Их засаг их сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулан нийт багш, оюутнуудад баяр хүргэлээ.

Улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл бол инновац юм. 2018 оны дэлхийн инновацын барометрийн тайланг харвал улс орнуудад инновацын гол тоглогч нь жижиг, дунд үйлдвэрлэл, компаниуд байхаа больж их, дээд сургуулиуд болон түүнийг түшиглэсэн судалгааны хүрээлэн, лабораториуд болж өөрчлөгдөж байгаа тухай онцолжээ. Үүнтэй холбоотойгоор боловсролын тогтолцоонд шинэ хандлага шаардагдаж эхэллээ. Инновацыг үр ашигтай хөгжүүлж, нэвтрүүлэх гол хөдөлгөгч хүч нь болсон авьяастай, шаардлагатай ур чадварыг эзэмшсэн боловсон хүчний хомсдолд дэлхий нийтээр орох магадлалтай байна.

Дэлхий дахинд дипломыг биш, авьяас, мэдлэг, ур чадварыг илүүд үзэх хандлага давамгайлж байна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ онцоллоо. Мөн ажлын байрны төлөв байдал эрс өөрчлөгдөж хиймэл оюун ухаан, робот хүч түрэн орж ирж байгааг тэрбээр онцлов. “Бостон консалтинг” компанийн судалгаагаар 2050 он гэхэд АНУ-ын ажлын байрны 50 хувийг хиймэл оюун ухаан, робот хийж гүйцэтгэх аж.

-Ийнхүү хиймэл оюун ухаан, ухаалаг технологи эдийн засгийн бүхий л салбарт нэвтэрч эхэлснээр технологийн 4-р хувьсгал улам эрчимжиж байна. Өнөөдөр мэдлэгийг багш нь оюутанд заах аргаар биш “Багшлахаас суралцахуйд” шилжих аргазүйгээр олгодог болж өөрчлөгдөж байна.

Дэлхий нийтийн энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахын тулд их, дээд сургууль, оюутан залуучууд онцгой анхаарах шаардлагатай боллоо. Төрөөс Боловсролын тухай хуулиудыг шинэчлэх, дээд боловсролын тогтолцоог өөрчлөн, дэлхийн түвшинд хүргэх бодлогын баримт бичгийг батлан гаргахаар төлөвлөж байна. Чанартай боловсрол олгох, авьяаслаг, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар бид бусдын жишигт хүрч, хөгжил дэвшлийг бүтээх болно хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм.

Дараа нь тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн зорилго, агуулын талаар товч мэдээлэл өгч, оюутан залуучуудын асуултад хариулсан юм.

Зарим улс орон хөгжлийн замаар замнаж, иргэд нь баян чинээлэг, аз жаргалтай амьдарч байхад яагаад зарим нь ядуу дорой байдаг вэ гэдэг асуултыг тавьж, энэ нь юунаас шалтгаалж байгааг харуулсан дүрс бичлэгийг тэрбээр эхлээд үзүүлэв. Дараа нь үржил шимтэй газар нутаг, мал сүрэг, эрдэс баялгаар баян, иргэд нь оюуны өндөр чадавхитай Монгол орныг өнөөгийн “чөтгөрийн тойрог”-оос гаргахын тулд парламентын засаглалаа бэхжүүлж, засаглалын хяналт тэнцлийг зохистой болгох, байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэн бүхэнд тэгш шударга хүртээх, шүүх засаглалын шударга, хараат бус байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт болж байна. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг эхлүүлсэн гэдгийг тэрбээр онцолсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл, заалтын талаар тайлбарлаж, оюутнуудын асуултад хариуллаа.

Их засаг олон улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарт Хүндэт доктор цол олгосныг тус сургуулийн ректор, Монгол Улсын гавьяат багш, доктор Н.Ням-Осор уулзалтын төгсгөлд гардуулж, баяр хүргэлээ. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Их засаг олон улсын их сургуулийн үйл ажиллагаа, Инновацийн төвтэй танилцсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *