Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Сайжруулсан түлшний талаарх холбогдох албан тушаалтны мэдээллийг сонсож, гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Түр хорооны дарга А.Сүхбат, гишүүн Л.Болд нар “Саяхан зуух дэлбэрсэн асуудал гарлаа. Тэсэрч дэлбэрэх бодис шахмалт түлшинд байдаг уу. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаа юу, шаардлага хангаагүй зуух уу? Хордлогын дуудлага их ирж байна. Шалтгаан нь юунаас болж байна. Сайжруулсан түлшний хангалт ямар байгаа” талаар асууж, тодруулав. Үүнд холбогдох албаны хүмүүс хариуллаа.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа н.Чүлтэмсүрэн “Пийшин дэлбэрсэн гэдэг мэдээлэл яваад байгаа. Манайд ирсэн дуудлагаар ахуйн объектын гал гарсан. Тухайн айл нам даралтын зуух ашиглаж байсан. Гэр нь дотроосоо ахуйн гал гарсан” гэсэн бол “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал н.Ганбаатар “Түгээлтэд 200 орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод үйлчилж байна. Шахмал түлш үйлдвэрлэлийн хангалтын хүчин чадлыг дахин нэмэгдүүлнэ” хэмээн тус тус хариулав.
Нийтдээ угаартсан 471 дуудлагыг нийслэлийн цагдаагийн газар хүлээж авсан байна. Үүн дотор пийшин эвдэрсэн 66, яндан намхан 34, сойлтоо хаасан 64 дуудлага байжээ. Шахмал түлшинд шинэ барьцалдуулагч хийж туршихаар ажиллаж байгаа юм байна.