Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан 19 настай байлдагч А нас барсан хэрэг энэ 2019 оны нэгдүгээр сарын 22-нд гарсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарт холбогдох эрүүгийн шүүх хурал 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 00 минутад улсын яллагч А.Дүүрэнбилэг, хохирогч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Д.Даваадорж, Б.Өлзийцэрэн, шүүгдэгч А.Энхбаяр, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч П.Бадамсамбуу, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Р.Вандлхангаа, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болсон.
Шүүгдэгч Р.Вандлхангаа: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны танкийн ротын 1 дүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан Шүүгдэгч А.Энхбаяр: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан. Шүүгдэгч Р.Вандлхангаа, А.Энхбаяр нар нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч Б.Алтантулгатай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ билүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.Алтантулгын амь насыг болгоомжгүй хохироосон,
Шүүгдэгч П.Бадамсамбуу: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны миномётын бателоны салаан захирагчаар ажиллаж байсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байранд захирагдагч байлдагч Б.Алтантулгатай дүрмийн бус харьцан, зодож, хүч хэрэглэсэн.
Шүүхээс А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, Р.Вандлхангаад эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын ял тус тус оноожээ.