Серикжан Билаш гэж хэн бэ? Тэрээр “Атажурт” хөдөлгөөний тэргүүн бөгөөд Шинжаан Уйгарын автономит дүүрэгт төрж өсөөд хожмоо Казахстаны иргэн болсон аж. Тэрээр Хятадад оршин суудаг казах иргэдийн эрхийг хамгаалдаг гэдгээрээ алдартай юм байна. Түүний удирддаг “Атажурт” байгууллага нь хүний эрхийг зөрчиж байгаа талаарх мэдээллийг тараадаг бөгөөд лалын шашинтнуудыг “хүмүүжүүлдэг” лагерийн талаар ч мөн бичдэг гэнэ. С.Билашийг үндэстэн хоорондын мөргөлдөөнийг өөгшүүлсэн хэмээн буруутгасан учир долоон жил хоригдох ял сонсож болзошгүй юм байна. Гэвч тэрээр энэ бүхнийг үгүйсгэж энэ нь улс төрийн шинж чанартай гэж нэрлэжээ. Шүүх хурлын танхимд түүнийг дэмжигчид ирж “Эрх чөлөө” хэмээн казах хэл дээр хашгирч байсан гэж “Эрх чөлөө” радио станц мэдээлэв. Хүний эрхийг хамгаалагчдын үзэж буйгаар Казахстаны засаг захиргааныхан Хятадтай харилцаагаа сайн байлгах үүднээс Билашийн эсрэг арга хэмжээ авч байна гэжээ. С.Билашийг гуравдугаар сард Алма-Ата хотод баривчилсан бөгөөд хожмоо Нур-Султан хотод авчирч гэрийн хорионд байлгасан аж. Мөн “Атажурт” байгууллагын оффист нэгжлэг хийсэн байна.
Т.БҮРЭН