“Үүдэл эсийн эмчилгээний өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал” олон улсын хурал өнгөрсөн баасан гаригт болсон юм. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, хүний гавьяат эмч П.Батчулуунтай ярилцлаа.
-Үүдэл эсийн эмчилгээний төлөв байдлыг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна. Үүдэл эсийн эмчилгээний хөгжил манай улсад ямар хэмжээнд байна вэ?
-Та бүхэн мэдэж байгаа. Донорын тухай хууль батлагдсантай холбоотойгоор Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг 2018 онд байгуулсан. Бид Олон улсын үүдэл эсийн нийгэмлэг, “Эрүүл дөрвөн улирал” байгууллагатай хамтарч олон улсын хурлыг зохион байгуулж байна. Хуралд зургаан орны эрдэмтэд, манай 10 гаруй байгууллагын 100 орчим эмч мэргэжилтэн оролцож үүдэл эс гэж юу вэ, үүдэл эсийг хаанаас нь яаж авах вэ, юунд ашиглаж болох вэ, одоо ашиглаж байгаа эмчилгээнүүд юу байна вэ гэдэг талаар сонирхолтой мэдээллийг солилцож байна.
Монгол Улсын хувьд анх ясны чөмөгнөөс үүдэл эс ялгаж аваад цусны хавдартай хүмүүсийг эмчлэх эмчилгээг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дээр ардын эмч Н.Оюундэлгэрээр ахлуулсан хамт олон 10-аад жилийн өмнөөс эхлүүлсэн. Цусны хавдартай 17 хүнд энэ төрлийн хагалгааг хийсэн, өнөөг хүртэл 100 хувийн үр дүнтэй, өвчтөнүүд маш сайн байгаа. Хагалгаа яагаад ийм цөөхөн хийгдэж байна вэ гэвэл үнэ өртөг өндөртэй эмчилгээ. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дээр элэг, бөөр, Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгаж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр арьс нөхөх эмчилгээг маш амжилттай хийж байна. Үүдэл эс буюу эс, эдийг нөхөн сэргээх, орлуулах эмчилгээ хийх асуудал маш чухал болоод байна.
-Тэгвэл олон улсад энэ салбар хэрхэн хөгжиж байна вэ?
-Дэлхийн улс орнуудад хүйн цус, хүйн цусны банк, эд эсийн банкууд үүсгэж байна. Ингэх нь тухайн улс орны үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Орчин үед олон төрлийн өвчин дэгдэх, халдварт өвчин, байгалийн гамшгийн үед хадгалсан хүйн цусны банкнаас ард иргэдээ эмчилж, хамгаалдаг болжээ. Хүйн цусны банк нь дэлхий дээр хоёр янз байдаг. Нэг нь хувийн хэвшлийн байгууллагуудад, нөгөө нь public буюу улсын мэдэлд байдаг. Манайх шиг хүн ам цөөтэй улс оронд хувийн банк байх боломж тааруу. Учир нь маш өндөр өртөгтэй, байнгын зардал шаарддаг. Тэгэхээр бид улс эх орны ашгийн үүднээс бодох юм бол төрийн бодлогоор үүдэл эс, хүйн цус, хүйн цусны банкуудыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Манайх ясны чөмөгнөөс үүдэл эсийг ялгаж цусны хавдартай хүмүүсийг эмчилж байна гэлээ. Цаашид нэвтрүүлэх шаардлагатай ямар эмчилгээ байна вэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр одоохондоо ясны чөмөгнөөс үүдэл эсийг нь ялгаад цусны хавдартай хүмүүсийг эмчилж байна. Энэ маань дөнгөж нэг алхам. Дараа, дараагийн маш олон алхмыг хийх хэрэгтэй. Энэ алхмуудыг хийхийн тулд бид гадаадын эрдэмтдийг авч ирээд тэдний туршлага, хийж байгаа судалгаанаас суралцахын тулд энэ хүмүүсийн илтгэлийг сонсож байна. Манайд бас боловсроод гадаад дотоодын орнуудад доктор хамгаалаад ирсэн чадалтай хүүхдүүд байна. Тэдний эрдэм мэдлэг, бололцоог бас ашиглая. Ингээд энэ салбарыг хөгжүүлье гэсэн үндсэн дээр энэ хурлыг хийж байгаа юм. Энэ салбарыг маш том ирээдүй хүлээж байна. XXI зууны эрүүл мэндийн салбарын хөгжил бол үүдэл эс.
Хүн 210 гаруй төрлийн 60-100 триллион эс, эдээс бүрддэг. Эдгээр эс, эд дотор ердөө 50 тэрбум нь л үүдэл эс. Үүдэл эс хүүхэд дөнгөж төрөхөд хүйн цусанд, эхийн ураг буюу эхэс дотор байдаг. Хүн төрсний дараа хамгийн их үүдэл эс байдаг нь ясны чөмөг, захын цус, элэг, арьс, өөхөнд бий. Эрдэмтэд 1980-аад оны сүүлээр 90-ээд оны эхэн үеэр үүдэл эсийг олж тогтоосон. Stem cell буюу үүдэл эсийн нэр нь бүх юмны үүдэл гэсэн санаа. Түрүүн хэлсэн хүнд байдаг 210 төрлийн 100 орчим триллион эс, эд бүгдээрээ өөр өөрийн функц, үйл ажиллагаатай, хүлээсэн үүрэгтэй байдаг. Гэтэл үүдэл эс нь ямар нэгэн үйл ажиллагаа, үүрэг даалгавар хүлээж аваагүй, ямар нэгэн дифференциацад ороогүй байдаг. Тиймээс ийм үүдэл эсийг ялгаж аваад программчлаад хэрэгцээтэй үүрэг даалгаврыг нь өгөхөд хүнд байгаа эмгэг, согог, элдэв янзын өвчнийг эмчлэх бололцоотой. Би бол юу гэж хэлдэг вэ гэвэл хүн эхээс төрөхдөө, байгалиас заяахдаа өөрийнхөө нөөц “запас”-тай ирдэг. Эрдэмтэд энэ “запас”-ыг олж тогтоож буцаагаад өвчин зовлон тохиоход хэрэглэж болох юм гэдгийг тогтоосон.
-Олон улсын хурал дээр БНХАУ, Вьетнамын эрдэмтэд өөрийн орны үүдэл эсийг ашиглах салбарын хөгжлийг танилцуулсан. Тэдний ярьж байгаа хамгийн чухал санааг та юу гэж харж байна вэ?
-Олон улсад энэ салбар аль хэдийнэ манайхаас хол тасарчихсан. Вьетнам улсад л гэхэд үүдэл эсийн эмчилгээ 1995 оноос эхэлсэн. Дэлхийд энэ салбар маш эрчимтэй хөгжиж байна. Тэгэхээр бид үүнээс хоцрохгүй байхын тулд л ажиллах хэрэгтэй. Эрдэмтдийн хэлж байгаагаар эмчлэгдэхгүй байсан маш олон өвчнийг эмчилж болж байна. Олон төрлийн хавдар, эдгэрдэггүй аутизм, паркинсон, альцгеймерийн өвчнийг эмчилж болно. Одоогоор 40 гаруй өвчнийг эмчилж болдог нь батлагдаад явж байгааг онцолж байна.
-Дэлхийн эрдэмтэд хамгийн сүүлд ямар туршилт судалгааг хийж байна вэ?
-Туршилтууд бол хаа сайгүй л хийж байна. Үүдэл эсийн туршилт судалгаа бол улс орны эдийн засаг, санхүүтэй нэлээд холбоотой. Тухайн орон хэдий чинээ хөгжилтэй, хэдий их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байна, тэнд л судалгаануудыг хийнэ. Тийм учраас танай сониноор дамжуулан төр засгийн бодлогоор XXI зууны анагаахын салбарын хөгжлийг дэмжих хэрэгтэй. Тэгэхгүй бол олон монгол хүн хохирсоор, гадагшаа маш их мөнгөний урсгал гарсаар байх болно. Саяхан эрхтэн шилжүүлэх эмчилгээ хийлгэнэ гээд хэдэн арван хүн гадаад руу явж хэдэн зуун сая долларын урсгал гарсан. Үүдэл эсийн эмчилгээ гараад ирэхээр Монголын иргэд гадны юм сонирхдог зангаараа гадагшаа эмчилгээнд явна гээд маш их хэмжээний мөнгөн урсгал гарахад бэлэн болчихсон байна. Миний хамгийн сүүлд авсан мэдээллээр БНСУ-д очоод хүйн цус хадгалуулах газарт монголчууд аль хэдийнэ очоод цусаа хадгалуулж хэдэн арван мянган доллар төлсөн байна.
Б.ЗАЯА
Б.АМИНА