Categories
мэдээ цаг-үе

Балжирын Сэмбээжав: Үйлдвэрчний эвлэлийн дарангуйллын зэвсэг Хамтын гэрээний хуулийг өөрчлөх ёстой

ХААИС-ийн мал аж ахуйн биотехнологийн сургуулийн багш, нүүдлийн соёл иргэншил судлаач Балжирын Сэмбээжавтай ярилцлаа.


-УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал энэ өдрүүдэд хэлэлцэгдэж байна. Уг хуулийг олон жил судалж, ялангуяа малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар бараг 30 орчим жилийн өмнөөс ярьж бичиж байсан таны саналыг сонсох гэсэн юм?

-1992 онд батлагдсан “Хөдөлмөрийн тухай” хуулийг “МҮЭ-ийн эрхийн тухай хууль”… Хамтын гэрээний хуулийн хавсарга гэж нэрлэж байсан. Энэ үзэл бодлоосоо өнөөдөр ч ухраагүй байгаа. Энэ бол үгүйсгэл биш. Аливаад үнэн бодитой баримт хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн гэрээ” гуравдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно гэж заасан. Үүнд, нэгд ажлын байрны буюу албан тушаалын нэр, хоёрт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, гуравт, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, дөрөвт хөдөлмөрийн нөхцөл гэсэн дөрвөн асуудлаас бусдыг нь МҮЭ-үүдийн эрхийн тухай хууль болон Хамтын гэрээний тухай хуулиар зохицуулахаар “хийж”, энэ хоёр хуулийг Хөдөлмөрийн тухай хуулиас дээгүүр тавьсан нь Засгийн газар, эздийн байгууллага, МҮЭ-ийн дарангуйлал дор оршиж, өнөөгийн нийгмийн эмх замбараагүйдлийг буй болгох, Монгол Улс ялангуяа хувийн хэвшлийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг саатуулагч хүчин болгохын үндсийг бүрдүүлсэн юм. Хөдөлмөрийн гэрээ бол ажил олгогч, аж ахуй-үйлдвэрийн эзэн, ажил авагч хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тэр хүрээнд гарсан аливаа эерэг сөрөг асуудлыг зохицуулахад баримтлах хууль эрх зүйн үндсэн баримт бичиг.

Үйлдвэрлэл хөдөлмөрийн хоёр харилцааг боловсронгуй, ил тод болгох, үйлдвэрлэл, хөдөлмөр технологийн сахилгыг бэхжүүлэх, үйлдвэрлэл, хөдөлмөр, ажлын байрны соёлыг дээшлүүлэх, тэдгээрийг тогтвортой хөгжлийн хүчин зүйл болгохын үндсийн үндэс нь Хөдөлмөрийн гэрээ байдаг. Хамтын гэрээ хэлэлцээрт заасан нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог Хөдөлмөрийн гэрээ гэж нэрлэж болохгүй. Үйлдвэрчний эвлэлийн дарангуйллын зэвсэг Хамтын гэрээний хуулийг өөрчлөх ёстой.

-Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуультай болгох талаар 10 орчим жил та зүтгэсэн. Хөдөлмөрийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд таны саналууд хэрхэн тусгагдав?

-2010 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Нэгдсэн чуулганаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль хэлэлцэгддэг юм. Тэр хурал дээр УИХ-ын гишүүн С.Бат-Үүл малчин гэдэг чинь мэргэжлийн хөдөлмөр юм байна. Би сая Германд явж байхдаа мэдлээ гэж ярьдаг юм. 2011 оны хоёрдугаар сард УИХ-ын Байнгын хорооны дарга Балдан-Осор намайг дуудав. Дуудсан даруйд миний бие Балдан-Осор даргад бараалхав. Балдан-Осор “ Би маргааш Герман яваад долоо хоноод ирнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиас болоод УИХ гацчихаад байна. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн нэр томьёоны тайлбар хийгээд байж бай” гэж надад үүрэгдэв. Өөртөө олдсон боломжийг ашиглан Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг нэр томьёоных нь тайлбартай хамт хийснээ Балдан-Осор даргад өргөн барив.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль долоон бүлэг, 33 зүйлтэй. Энэ хуульд миний бичсэн санаанаас ганц үг орсонгүй. Малчин гэж “Мэргэжлийнхээ хөдөлмөр эрхлэгчийг хэлнэ” гэсэн нэр томьёоны тайлбарыг маань малчин гэж “Мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг хэлнэ” гэжээ. Жилдээ 350-450 сая хүртэл төгрөгийн үйлдвэрлэл борлуулалт хийдэг малчин өрхийг хэлнэ гэснийг малчин өрх гэж бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч хэмээн засамжилжээ.

-Та МҮЭ-ийн тухай ярина гээ биз дээ?

-МҮЭ-ийн холбоо ч, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод ч ялгаагүй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн харилцаанд оролцогч үйлдвэрчний эвлэлийн гишүүд дээр оршин тогтнож байгаа нь эдүгээ ил тод болсон. Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүнчлэлийн тоог мал аж ахуйн салбарт хөдөлмөрийн харилцаанд оролцогч 380 мянган хүний тоотой харьцуулахад Улаан номонд бичмээр 0.008 хувь буюу 120 дахин бага буюу мал аж ахуйн салбарт хөдөлмөрийн харилцаанд оролцогч 120 хүний нэг нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж болох үгүй ч байж болох магадлалтай байна. Энэ нь хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хөдөлмөрийн харилцаанд оролцогч үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг төлөөлж эрх ашгийг нь хамгаалж ирсэн нь тодорхой байна.Төр нийгмийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж өмч хөдөлмөрийн цоо шинэ харилцаа нийгмийн бүх давхаргыг хамарч, аж ахуйн нэгж төр олон нийтийн байгууллага бүхэн өмч хөдөлмөрөө дагаж бие биенээсээ ялгагдах өөр өөр хэв шинжээрээ ондооших, ондоошуулах үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байна. Ондоошил үйлдвэрчний жам ёсоороо хийгдсэнгүй 27 жилтэй золголоо.

-Ардын хувийн аж ахуйтан малчин өрх, хувийн үйлдвэр, хоршоо, нүдний ур, гарын ур, оюун ухааныхаа ураар баялаг бүтээгч хувийн хөдөлмөр эрхлэгчдийг болохоор албан бус хэвшил хэмээн хэлж, бичиж байгаа нь хүртэл их өөр байгааг хувийн өмч, хувийн өмчийг “үзэн ядах муу муухай бүхний эх сурвалж” хэмээн үздэг үзэл баримтлалаасаа салаагүй МҮЭ-д хэн зөөлөн ханддаг юм бэ?

-Төрийн өмчийг бурханчилж, түүнийг өдөр тутмынхаа амьжиргааны хэрэгсэл болгож хувийн болон хоршооллын өмчийг ад шоо үзэж адлаж булшлах биш юм. Эвлэлдэн нэгтгэх арга билэг бүхий экологийн цэвэр үйлдвэрчний эвлэлтэй болохүндэс нь МҮЭ-тэй ёс зүйн хариуцлага тооцож, түүнийг “хувьчилж” хувийн болон хоршооллын өмч хамтын болон хөлсний хөдөлмөрт тулгуурласан аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын “гал зуух, зоогийн ширээ амь ахуйн эдийн засагт суурилсан үйлдвэрчний эвлэл бол эдүгээ цагийн болон ирж буй шинэ үеийн үйлдвэрчний эвлэлийн дээд эрхийг барих уураг тархи залуурдах жолоо нь болох учиртай.

-Таныг уурхайчин залуучуудын 4000 хүний суудалтай биеийн тамирын стадионоо 43 их зохиолчоор нээлгэсэн овжин хүн гэдгийг сонссон юм байна?

-1970 оны намар уурхайчин залуучуудыг биеийн тамирын стадионтой болгох ажлыг хоёрхон сарын дотор байгуулчихаад Монголын зохиолчдын дарга С.Удвал гуайд бараалхав. Уурхайчдын биеийн тамирын стадионтой боллоо. 1970 оны аравдугаар сарын 1-ний бямба гаригт Монголын зохиолчдын хорооны зохиолчдын Уран үгсийн чуулганаар нээх хүсэлтээ танилцуулав. 1971 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 13 цагт С.Удвал, Л.Түдэв, С.Эрдэнэ, Ш.Сүрэнжав нарын зэрэг 43 зохиолч том “шкод” автобусаар ирж зохиол бүтээлээ уншиж билээ. Тэр үед Налайхын уурхай таван жилийнхээ төлөвлөгөөгөө тасалчихсан, Намын хорооны дарга Доржсүрэн, Уурхайн дарга У.Мавлет нар донго багатай үе байв. Харин Монголын зохиолчдын Уран үгсийн чуулган налайхчуудын хүч хөдөлмөрт хөг нэмж, урам зоригийг нь бадрааж Налайхын уурхай 1970 оны жилийнхээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байлаа.

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *