Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон бүхний пролетари нар аа, тарагтун!

УНИВЕРСАЛ ЛООЗОН

Улс орноо хөгжүүлнэ гэхээр шалихгүй нэг юм дутаад байдаг. Яг юу нь мэдэгддэггүй. Энэ л юм бол уу гээд хийхээр биш байдаг. Эрээд л, сонгоод л солиод л… юу эсийг хийв дээ. МАХН-ыг буулгаад үзлээ, болдоггүй. Ардчилсан намыг арчаад үзсэн, бүтдэггүй. Аль алийг нь холиод зуурсан, бүрддэггүй. Бодоод байхнээ сайхан уриа, лоозон дутаад байгаа юм биш үү? Нэг тийм, хийморь бадрааж, цөс хөөргөсөн лоозон л үгүйлэгдээд байх шиг.

Дээр үед баяр болгоноор Намын төв хороо уриа гаргадаг байж. Намын уриаг хамт олноороо жагсан байж ангинаа хийстэл бархираад харихад бие хөнгөрөх шиг болдогсон. Судлаачид, “Олноороо парад хийнгээ уриа хашхирахад хүн бясалгалын байдалд ороод бохирдсон кинетик энерги нь хийсэн гарч индэрт суугаа Улс төрийн Товчоонд шингээд оронд нь тэнгэрээс цоо шинэ потенциал энерги буун бүхий биеийг цэнэглэх ба дараагийн баяр хүртэл зай нь дуусдаггүй” байсан гэх юм.

Индэрт зогсдог улс төрийн товчоо муу энерги авсаар байгаад 1990 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, цогтой уриа хашхиран цэнэглэгдсэн ард түмэн засгийн эрх авсан түүх энэ бөлгөө. Ингээд хойшдын амьдралд хэрэг болох төдийгүй аль ч баяраар хашхирч, потенциал энергиэ нэмж болох уриа бодсоноо та бүхэнд толилуулъя.

Уриаг бичихдээ “МАХН-ын Төв хорооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр Майн-1-нд зориулан гаргасан уриа”, “МАХН-ын Төв хорооноос аугаа их Октябрийн хувьсгалын 60 жилийн ойд зориулан гаргасан уриа” зэрэг бүтээлийг өргөн ашиглалаа. МАХН ард түмнээ эрх чөлөөгөөр гацааж байсан боловч хоосон атлаа хоол болмоор амттай лоозон, бүтэхгүй ч гэсэн бодоход сайхан мөрөөдлөөр цангаагаагүй юм шүү.

1. Орон бүхний Пролетари нар аа, тарагтун!

3. Эх орны нүд, чих мөн хамар болсон Цагдаа нар аа, хийсэн хэрэг, хавтаст хэрэг хоёрын зөрүүг аль болох багасгагтун.

4. Бурхан багшийн суурин төлөөлөгч болсон Лам хуврагууд аа, эх болсон зургаан зүйл хамаг амьтны мөнгийг гамнагтун.

5. Бусдын төлөө “төрсөн” Улстөрчид өө, одоо өөрсдөө аятайхан байгтун.

6. Юмхнаас эхлээд юмыг хүртэл заадаг багш сурган хүмүүжүүлэгчид ээ, хүүхэд насныхаа алдаатай дахин уулзахдаа бүү үзэн ядагтун.

7. Их хурлын гишүүд ээ, ажлын ширээ хоолны ширээ хоёроо бүү андуурагтун.

9. Хайрт Хүүхнүүд ээ, нөхрөө араар нь бус өврөөр нь тавигтун.

10. Хайрт Хадмууд аа, чам руу үглэдэг хүний тоог цөөлж, өөр лүү гал дуудсан хүргэнүүддээ талархагтун.

11. Томчуудын багачууд аа, хар тамхиа бага татаж, улаан тамхиа тааваараа хэрэглэгтүн.

12. Иргэний хөдөлгөөний зүтгэлтнүүд ээ, иргэдэд амар заяа үзүүлж, яс амраагтун.

13. Яруу алдарт Сонгуулийн ерөнхий хорооны дарга аа, сонгуулийн дүнг өмнө нь биш дараа нь гаргах нь зохистойг ухаарагтун.

14. Гандан бууршгүй Статистикчид аа, зарим нэг үнэн тоо баримтыг нэрэлхэлгүй ашиглаж байгтун.

16. Гэрэл дохионы найдвартай орлогч болсон Замын хөдөлгөөний зохицуулагчид аа, машинууд уулзвар дээр зогсох гэж ирдэггүй, харин уулзварыг нэвтрэх гэж ирдгийг санаж дохигтун.

17. Эх орны үзэг, тосон бал болсон Сэтгүүлч нөхөд өө, үнэнийг бичихээ больж зөвхөн болсон явдлыг бичиж хэвшигтүн.

18. Оюун ухааны сүүтэй үнээ болсон Эрдэмтэд ээ, шинжлэх ухааныг мөрөөр нь байлгагтун.

19. Социализм байгуулахаа больсон Малчид аа, хонио чононд идүүлэхээр өөрөө идэж байгтун.

20. Нотолгооноос илүүтэй панаалаар зэвсэглэсэн Зохион бүтээгчид ээ. Мөнхийн хөдөлгүүр хийхийн оронд ядахнаа ажилладаг хөдөлгүүр бүтээгтүн.

21. Эх орны үнэрч болсон Мэргэжлийн хяналтын нөхөд өө, бараа бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэж, идэж туршихаа багасгагтун.

22. Хэнтэй ч, хэзээ ч үзэхэд бэлэн Тэмцэгчид ээ, өөрөө юм хийхээ байг, хүн юм хийхэд саад бүү хийгтүн.

23. Шинэ юманд ч амар заяа үзүүлдэггүй Шинэчлэгчид ээ, ямар ч намыг яаж ч өөрчилсөн МАХН болчих гээд байгааг анзаарагтун.

24. МАН-ын гишүүд ээ, муу гишүүдээ хөөх, хорихоо зогсоож нам бусчуудын эгнээ болон үндэсний шоронгуудын ариун байдлыг хамгаалагтун.

25. Ардчилсан намын гишүүд ээ, ардчилдаггүй намаас суралцахаа зогсоогтун.

Жич: Дээр үеийн сайхан лоозонгуудад байсан “яруу алдарт”, “ашид мөнхийн гавьяа”, “мандан бадарч байна” гэхчлэнгийн яруу үгсийг хэрэглэх олигтой жишээ олдсонгүй. Иймд та өөрөө цааш нь үргэлжлүүлэн зохиогоод хамт олноороо баяр ёслолоор лоозон хашхирах боломж байгааг дуулгахад таатай байна.

2008 оны 3 сарын 6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *