Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хэлэлцлээ

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг яг одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажилласан. Түүнчлэн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг даалгасан билээ.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва: “Оюутолгой компанийн татварын ачаалал Монгол Улсын татварын ачаалал тав дахин байгаа. Энгийн хувьцааг өмчлөх гэдэг үгийг хэрэглэсэн боловч “Дубай”-н гэрээгээр өмчлөх гэдгийг эзэмших гэдгээр засчээ. ТЭЗҮ-ийг эрхзүйн хувьд заавал мөрдөх баримт биш гэж “Дубай”-н гэрээнд өөрчлөлт оруулсан нь Монголын талын үр ашгийг бууруулах үндэс болжээ.

Нөөцөд суурилсан тооцооллоор Монголын талын 34 хувийн хувьцааны өр хүүгийн хамт 1.4 тэрбум ам.доллар бөгөөд ирээдүйд ногдол ашгаа суутгасаар 2039 онд нэг тэрбум ам.долларын өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй байна.

Далд уурхайн санхүүжилтэд авах зээлийн барьцаанд “Оюутолгой” төслийн А лиценз, бүхий л эрхүүд, үл хөдлөх хөрөнгийг барьцаалагдахыг зөвшөөрсөн байна. Энэ нь Монгол Улсын орд, баялгийг барьцаалж авсан зээл боловч хөрөнгө оруулагчдад давхар хүү төлөхөөр болсон нь шударга бус болжээ.

Хөрөнгө оруулагч тал одоогоор Монголын талын 34 хувиас бусад “Оюутолгой” лиценз, өмч хөрөнгө, ирээдүйн мөнгө гүйлгээ зэрэг бусад зүйлийг барьцаанд тавьсан төслийг цаашид үргэлжлүүлэхэд эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл эрсдэл гарлаа гээд хөрөнгө оруулагч тал гарахад бэлэн байна.

Дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангана гэсэн гэрээ хангагдаагүй. Монголын талын хүртэх үр ашиг 31 хувь байхаар төсөөлөлтэй байна. Гэтэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр Монголын талын хүртэх ашиг 53 хувь байхаар заасан.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд УИХ, Засгийн газрын чиглэлийг баримталж ажиллаагүй байна. Дахин тодолтгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Дубайн гэрээ холбогдох зүйл заалтыг зөрчсөн учир нягтлан судалж, хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна” гэлээ. Ингээд Д.Тэрбишдагва гишүүний дүгнэлтийг сонссоны дараагаар асуулт хариулт үргэлжлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *