Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний ээлжит уулзалт 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо болов. Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Ханьхуй нар гурван талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов. Уулзалтад гурван улсын ГХЯ болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов. Гадаад харилцааны дэд сайд нар гурван талын транзит тээвэр, гааль, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч буйг тэмдэглэхийн зэрэгцээ хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, бодит агуулгаар баяжуулахын тулд салбарын яамд, байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ГХЯ-дын зүгээс идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Талууд 2019 оны 6 дугаар сард хийхээр төлөвлөж буй Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын бэлтгэл, тус уулзалтын үеэр гарын үсэг зурах боломжтой баримт бичгүүдийн талаар ярилцаж, тодорхой ойлголцолд хүрэв. Гадаад харилцааны дэд сайд нар түүнчлэн бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.