Categories
мэдээ цаг-үе

Олимпод таван удаа оролцсон Т.Мягмаржавынх

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Спортын эв нэгдэл болсон олимпод гар бууны төрлөөр улсаа төлөөлж таван удаа оролцсон ОУХМ Т.Мягмаржавынхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Монгол Улс 1974 онд Азийн наадамд анх удаа оролцож Т.Мягмаржав гуай уг наадмын анхны хүрэл медалийг хүртэж байсан түүхтэй. Тэрбээр Монгол Улсаас анх удаа олимпод оролцож байсан хүмүүсийн нэг. 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимп, 1972 оны Мюнхений олимп, 1976 оны Монреалийн олимп, 1980 оны Москвагийн олимпуудад таван удаа дараалан гар бууны төрлөөр оролцож байсан юм.

Т.Мягмаржав гуайнх Зайсанд байрлах “Анома” хотхонд оршин суудаг аж. Охин нь үүдээ нээв. Гэрийн эзэгтэй гараа гэмтээчихсэн эмнэлэг явчихсан байлаа. Зочны өрөөний ханаар дүүрэн түүх өгүүлсэн зураг дурсгалууд, олимпийн бэлгэ тэмдэг, сувинерууд. Т.Мягмаржав гуай хоймортоо залсан олимпийн бэлгэ тэмдэгүүдийн дэргэд зогсоод “Би таван удаа олимпод оролцож байлаа. Анх удаа олимпод оролцож байсан хүмүүсийн нэг юм даа. 23 насандаа анхны олимпод оролцсон. Тэдгээр улс орнуудын олимпийн дурсгалын зүйлс бүгд надад хадгалаастай. Олимп анх удаа Азид зохиогдож байсан. Монгол Улс анх 1964 оны олимпод оролцсоноос хойш тив дэлхийн тэмцээнүүдэд ордог болсон. Токиогийн олимп манай тамирчдыг дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцох эхлэл нь болж өгсөн дөө” хэмээлээ.

Тэрбээр зургийн цомгоо эргүүлэн би “Говь-Алтай аймгийн Баян сумын хүн. Сум маань одоо Шарга, Халиун гээд хуваагдчихсан. Аав, ээж маань малчин хүмүүс байлаа. 1950-иад оны үед өргөн төмөр зам ашиглалтад орж, ажилчдыг хөдөө орон нутгаас татан авч эхэлсэн юм билээ. Тэр үеэр аав, ээж маань Төв аймгийн Батсүмбэр суманд суурьшсанаар манайх хотын айл болсон. Хүүхэд нас маань хөдөө, говьд өнгөрсөн дөө. Говийн намрын элсний хүйтнийг хэлэх үү. Элсэн дээр гүйхэд хөл их даарна. Үхрийн халуун баас таарвал хөлөө дулаацуулчихаад л гэр лүүгээ гүйчихнэ шүү дээ” хэмээн хөхрөв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Манайх Гачууртад зуншдаг. Бусад үед охиныдоо амьдардаг юм. Охин маань гурван хүүтэй. Өвөөгөөс салахгүй гурван атаман бий. Бид хоёр гурван зээгээ хараад охиныдоо амьдардаг болоод удаж байна” хэмээн хуучлав.

Т.Мягмаржав гуайг буудлагын спорттой хэрхэн холбогдсон талаар асуухад “Би долдугаар ангид орох жилээ сургуулиа хаяж, хотын дэлгүүрүүдийг бараагаар хангадаг газар ачаа зөөгч хийх болсон юм. Тэр үед ангийн маань хүүхэд театрт дагалдан бүжигчнээр ажиллаж байгаа талаараа ярьж хүн шалгаруулж авна гэдэг юм. Ингэж театрт дагалдан бүжигчин хийж эхэлсэн. Театрт ороод жил гаруй хугацааны дараа Ардын ансамбльд бүжигчнээр ажиллаж байлаа. Тухайн үед хөдөө аймгуудаар их явна, төлөвлөгөө биелүүлнэ. Ингэж явсаар нэг өдөр Чихэр боовны үйлдвэрт ажилд орлоо доо. Тэнд ажиллаж байхдаа залуу сайн ажилтан гэж байраар шагнуулсан минь буудлагын спорттой эргэлт буцалтгүй холбосон юм. Эргээд бодоход энэ бүхэн хувь тавилан гэж боддог” гэж яриад цайгаа оочлов.

Т.Мягмаржав гуайн гэр бүлийн хүн нь цагдаагийн дэд хурандаа Ч.Шагдарсүрэн. Одоогийн МУБИС-ийн Түүх газар зүйн багшийн ангийг 1974 онд төгссөн аж. Тэрээр тэтгэвэрт гартлаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллажээ. Хадам аав нь генерал, ээж нь төмөр зам анх нээгдэхэд л ажиллаж эхэлсэн хүн байсан гэнэ. Гэрийн эзэгтэй уулын спортоор хичээллэдэг талаар ч ярив. Тэрээр Гималайн салбар оргилд гурван удаа авирч байж. “Бид хоёр Багшийн дээдэд анх танилцсан” хэмээн залуу цагийн зургаа үзүүлэв. Тэд 1970 онд гэр бүл болж М.Гэрэл, М.Тамир, М.Тайшир, М.Энхсайхан хэмээх гурван хүү, нэг охины ээж, аав болжээ. Гурван хүү нь өөр өөрсдийн хувийн бизнес эрхэлдэг бол охин М.Энхтайван нь өмгөөлөгч хийдэг гэнэ.

Тэрээр хэд хэдэн зургийн цомог дэлгэн үзүүлэв. Зургийн цомог дотор түүх өгүүлсэн эрт цагийн зургууд нүднээ тодхон. Анхлан олимпод оролцож байсан зургаас эхлээд таван олимп дараалан оролцож байсан тамирчдын зургуудыг нямбайлан хадгалсан харагдана. Тэрээр “Би анх 1962 онд буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. Залуу сайн ажилчин гэж 40 мянгатад байраар шагнуулчихаад ням гариг бүр нийтийн тэмцээнд гар буугаар 85 буудаж, гуравдугаар зэрэг биелүүлснээр буудлагын спортод эргэж буцалтгүй хөл тавьсан юм даа” хэмээлээ.

1958 оноос эхлэн манайд буудлагын спорт жигд хөгжиж эхэлсэн үе гэнэ. 1955 онд Бээжинд олон улсын тэмцээний үеэр манайхан анх спортын тусгай буу байдгийг мэдсэн аж. Ихэнх нь цэргийн хүмүүс явсан учраас Батлан хамгаалах яамныхаа бууны захиалганд спортын буу, сумыг оруулснаар манай улс анх спортын буу, сумтай болж байсан гэнэ. 1958 онд тухайн үеийн Батлан хамгаалахын яамны харьяа буудлагын спортын төв клуб гэж байгуулж байжээ. Ингэж л буудлагын спорт үүсэх эх тавигджээ.

Т.Мягмаржав гуай “1963 онд таван хүнтэй буудлагын спорт шигшээ баг гэж байгуулагдаж байлаа. Жилийн дараа анхны олимпод оролцож байсан үе. 1964 он гарангуут бид олимпийн бэлтгэл хийхээр цэргийн амралт руу гарна. Тэр үеийн бэлтгэл гэдэг инээд хүрмээр шахуу шүү дээ” хэмээн хөхрөөд тэр үеийнхээ тухай дурслаа. Өвөл цэргийн палатк барьчихаад зуух яндангаа оруулчихна. Эсгий гутал, хөвөнтэй хүрэмтэй л хүмүүс байлаа шүү дээ. Тэгж л анх олимпийн бэлтгэл хийж эхэлж байсан. Дээхнэ үед говьд зуугуул адуу их. Хилийн наана, цаана гараад явж байдаг. Тэр адуунуудыг агнахаар Жанцанхорлоо, Өлзийбаяр бид гурав явж байлаа. Армийнхан унаагаа бэлдэнэ. Сар гаруй болоход 1000 гаруй адуу устгаж байлаа. Их адуу байсан даа. Нутгийнхан бариад нэмэргүй, нэгээ дагуулаад алга болчихдог гэж хэлж байсан” хэмээн хуучлав.

“1964 оны Токиогийн олимпод оролцохоор Орос руу гарч, цаашаа усан онгоцонд сууж анхлан олимп гэгч зүйлтэй уулзаж байлаа. Дараа дараагийн олимпод басхүү олимп гэгч зүйлийг зах зухаас нь мэддэг болчихсон. Тухайн үеийн хөрөнгөтөн орнууд хөгжлөөрөө биднээс хол тасарчихсан байсан юмдаг” хэмээн нэмж хэлэв.

Биднийг хуучлах зуур охин нь ширээн дээр жимс тавингаа “Аав маань буудлагын талаараа ярих их дуртай. Манай найзууд гэрт ирэхээрээ аав, ээж хоёртой хуучлаад суучихна. Танай хоёртой яриа хөөрөө дэлгэх сонирхолтой байдаг гэж хэлдэг юм” хэмээн зочны өрөөнд байрлах томоо зааныг заагаад аав намайг төрөхөд Тайландаас авчирч байсан гэдэг” гэв.

Т.Мягмаржав гуайгаас эцэг өвгөдөөс уламжилж ирсэн үнэт зүйлсийг нь сонирхоход “Бага наснаасаа зүүж өссөн Лхам бурхан байна” хэмээн шүүгээнээсээ дөрвөлжин хайрцагтай бурхныг гаргаж ирэн харуулав. Мөн дээхнэ үед орос цэргүүд өгсөн зэс халбага хоёр аав, ээжээс минь үлдсэн үнэт зүйл байна даа хэмээв.

Буудлагын спорт техникийн спортын төрөлдөө ордог хэдий ч угтаа сэтгэл зүй, оюун ухааны спорт юм. Сэтгэл жаахан л хөдөлчихөд буудахад маш хүндрэлтэй болдог. Сэтгэл зүйн талаар маш сайн ойлголттой байх хэрэгтэй. Буудлагынхан ер нь сэтгэл хөдлөл багатай хүмүүс байдаг. Энэ спортод сэтгэл зүй маш их нөлөөлнө. Хийн бууны бай ердөө л цэг. Метрт буудаж байгаа нь хумсны толио шиг маш жижиг. Маш нарийн. Нэгэн зэргийн темпээр бууддаг. Сүүлийн үед зүрхний цохилтын хооронд гох дарах хэрэгтэй гэж ярьж байна. Гар бууг удаан хугацаанд хөдөлгөөнгүй бариад зогсоно гэдэг хувь хүнээс маш их тэвчээр шаардана гэж туршлагатай тамирчин зөвлөв.

“Тухайн үеийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэг Хайлаастын аманд задгай тиртэй. Түүнээс өмнө 40 мянгатад подвольд л байрладаг байсан. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дарга, генерал Ургацын Жамьян гэж хүн байлаа. Генерал маань буудлагын спортын клуб, тир барьж өгөх хүсэлт германчуудад тавьснаар би зургийн студээс нэг хүн дагуулан Германд очсон юм. Би тэр үед Буудлага клубийн дарга, ерөнхий дасгалжуулагч гэсэн албан тушаал хашиж байлаа. Тэд хотуудын тирийг үзээд саналаа хэл гэдэг юм. Ингээд өөрийн улсдаа нийцсэн анхны хийн бууны тирийн шавыг тавьж байлаа. Хийн бууны тирийн улаан шугамыг нь татаж иж бүрэн сургалтын төв ингэж баригдсан түүхтэй. Буудлага спортын төв клубийн дарга хошууч Аюуш буудлагын спорт хөгжихөд их нэмэр оруулсан даа” хэмээв.

Тухайн үед спортыг хөгжүүлэхэд Батлан хамгаалахад туслах нийгэмлэг гол үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Буудлага клуб ням гариг бүр нийтийн тэмцээн зохион байгуулж сайн буудаж байгаа хүмүүсийг секцэнд явахыг зөвлөдөг байсан аж. Хөдөө орон нутгуудад ч тир байгуулж, залуучуудыг энэхүү буудлагын спорт руу чиглүүлж байсан талаар дурслаа. Ингэснээр 1976 онд манай улс анх удаа Залуучуудын улсын аваргыг зохион байгуулж байжээ.

Саяхан 1964 оны олимпод оролцсон баг тамирчдыг Асашёорюү Д.Дагвадорж хүлээн авч уулзсан гэнэ. Анх олимпод оролцож байсан хүмүүсээс цөөхөн үлдэж дээ” хэмээн Т.Мягмаржав гуай санаа алдав.

Тэрээр олимпийн талаараа дурсахдаа ширээгээрээ зургуудаа тараачихаад нэг бүрчлэн ярьж байв. 1964 оны Токиогийн олимпод манайхаас хөнгөн атлетик, бөх, буудлага, дугуй гэсэн дөрвөн төрөлд орж байсан. Анхны олимп бидэнд ёстой бүх зүйлд л нүд нээж өгч байгаа юм. 1968 оны олимпод чөлөөтийнхөн маань их сайхан барилдсан. Тэр жил анх удаа манай улс олимпоос медальтай ирж байсан. Ж.Мөнхбат аварга мөнгөн медаль, Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нар хүрэл медаль хүртэж байлаа. Манай багийнхан тэр жил гадуур гарч ойр орчинтой танилцчихаад ирж байтал Ж.Мөнхбат аварга байрныхаа гадаа сууж байх юм. Хэнтэй яаж барилдах вэ гэдгээ л бодоод сууж байгаа юм л даа. Айхавтар хүн байсан шүү дээ. Нарийн тооцоолон бодчихсон байдаг. Х.Баянмөнх аварга нэгэнтээ “Таван удаа олимпод орно гэдэг 20 гаруй жил нэг номерын тамирчин байсан болж таарч байгаа биз дээ гэж хэлж байсан юм” хэмээн инээлээ.

Тэрбээр “Монголын бүх ард түмний II спартикад болж би алтан медаль авсан байдаг юм. 2004 онд 63 насандаа ахин оролцож отгон алтан медалиа авсан. Энэ хоёр алтан медалийг залуучуудтай уулзахдаа үзүүлж, буудлагын спортод нас нөлөөлдөггүй юм шүү гэж хэлдэг юм даа” хэмээснээр бидний яриа өндөрлөв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *