УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.28 цагт эхэллээ. Чуулганаар есөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Тодруулбал, Хэлэлцэх асуудлын жагсаалтад Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэх юм. Түүнчлэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэ үеэр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “УИХ-ын 2018 оны 57 дугаар захирамжаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын баг гаргаж, жил гаруйн хугацаанд ажилласан. Тус ажлын баг ажлаа хэрэгжүүлж дууссан” гэдгийг хэлээд, энэ ажлын багийн санал зөвлөмж, дүгнэлтийг УИХ-аар хэзээ хэлэлцүүлэхийг тодруулав.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Оюутолгойн гэрээ, аудитын дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт авсан. Мөн АТГ-ын дүгнэлт ирсэн. Энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр ЭЗБХ-ны хэлэлцүүлэгт бэлтгэсэн” гэлээ.