Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Венесуэлийн асуудлаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоотой ярилцлаа.
-Венесуэлийн улс төрийн хямрал хурцадмал байдалд ороод байна. Нөхцөл байдал энэ янзаараа үргэлжилбэл цаашид юу болох вэ?
-Нөхцөл байдал улам бүр л түвэгтэй, тааварлахын аргагүй болоод байх шиг төсөөлөгдөж байна. Харин сонголт сөргөлдөгч хоёр талд аль алинд нь байгаа. Хурцадмал байдал энэ чигээрээ үргэлжилбэл иргэний дайны хэмжээнд хүрчихгүй байгаасай л гэж залбирах үлдээд байна.Нөгөө талаас их гүрнүүд хүсвэл ямар ч улсыг сүйрэлд хүргэдэг гэдгийг нотлох саяхны жишээ байж л байна.
-Тус улс гэрэл цахилгаангүй болоод нэлээд хэд хоночихлоо. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Мадурогийн бодлого харанхуйгаас өөр юу ч авчирахгүй. Хоолгүй, эм тариагүй, одоо цахилгаан эрчим хүчгүй. Цаашлаад Мадуро ч байхгүй болно” гэсэн бол Н.Мадуро улс даяараа цахилгаан эрчим хүч тасалдсан явдалд “Америкийн империализм” буруутай гэж мэдэгдсэн. Үнэхээр АНУ-ын талаас цахим халдлага хийснээр ингэж тог цахилгаагүй болгочихов уу?
-Харин тэглээ, амаргүй л байгаа. Улс төрийн шийдвэрээс л улбаалсан гэдэг нь гарцаагүй. Гэхдээ өөрсдийнхөө алдааг бусдад нялзаах нь хүний түүхийн аль ч үед байсан зүйл. Нэгэн жарны өмнө л эрдэс баялгийнхаа үр шимээр баян тансаг биш гэхэд дунджаас дээгүүр амьдардаг байсан ард түмэн улс төрийн сонголтын улмаас богино хугацаанд өнөөгийн байдалд хүрсэнд харамсаад баршгүй. Эдийн засгийн онолд “баялгийн хараал” ч гэдэг дээ. Одоогийн тогтолцоо нь хэр удаан үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах байх. Байгалийн асар их нөөц баялагтай байх нь хөгжлийн баталгаа биш гэдгийн тод жишээ Венесуэл улс болоод байна.
-Венесуэлд улс төрийн хямрал эхэлснээс хойш эдийн засаг нь асар их доройтлоо. Ер нь энэ улс цахилгаангүй хэдий хүртэл явах нөөц боломжтой вэ?
-Зөвхөн цахилгаан эрчим хүч гэлтгүй бусад түлшээр суучихгүй бол учиртай биз. Ямар ч улс оронд гэнэтийн нөхцөл байдалд хэрэглэх аюулгүйн нөөц гэж байдаг. Гэхдээ венесуэлчүүдийн хувьд арай өөр. Гэнэт учирсан давагдашгүй хүчин зүйл биш сүүлийн хэдэн жил ужгирсан үйл явц учраас хэлэхэд хэцүү юм. Гадагшаа чиглэсэн эх орноосоо дүрвэгсдийн тоо бодит байдлыг илүү ойлгуулах байх. Эрчим хүчний хомсдол нь удаан үргэлжилбэл араасаа хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн эмх замбараагүй байдал, харилцаа холбооны гээд маш олон салбарыг хамарсан сүйрлийн эхлэл болох магадлалтай. Гэхдээ бүр муудахаас өмнө хөрш зэргэлдээ улс орнууд нь дэмжин туслах байлгүй дээ. Хил залгаа хөрш орнуудад амаргүй байдаг учраас дотоодод нь учирсан нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тусалдаг нь аль, аль талдаа ашигтай байх болно.
Товчхондоо бол энэ улс дампуурлын ирмэг дээр ирчихээд байх шиг байна л даа. Эдийн засгийн энэ байдлаас улс төрийн хурцадмал байдал иргэний дайны түвшинд хүрчихгүй бол учир бий.Гуч гаруй сая хүн амынх нь аравны нэг шахам нь сүүлийн хэдхэн жилд гадаад улс орнуудад дүрвэж гарчихаад байна гэхээр байдал ямар болсон нь ойлгогдоно биз. “Цагийн сайханд” гэдэг шиг бензиний үнэ дэлхийд хамгийн хямдад тооцогддог байлаа. Мэдээж тэр нь асар ихээр олгодог байсан татаасны үр дүн байсан гэдэг. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляци гэж ярихаар бол толгой эргэхээр их тоо. Дээр нь маш хурдацтайгаар нэмэгдсээр байгааг нь тоймлож хэлэхэд ч түвэгтэй болоод байх шиг. Үндэсний валют нь цааснаас ялгарахаа больсон газар нутагт итгэл найдвар, гэрэл гэгээ ямар түвшинд байдгийг хэдхээн жилийн өмнө бидний монголчууд тойроогүй, туулаад л гарсан даа. Бид бусдыг шүүх, шүүмжлэх биш, харин тэдний алдаанаас суралцах нь л чухал шүү дээ.
-Популизм ямар аюултайг Венесуэлийн үйл явдал бэлээхэн харуулж байна л даа. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдлаас гарах гарц нь юу байж болох уу?
-Таны хэлээд байгаа популизм гэдэг нэрийг хэрэглэж байгаагүй л болохоос хүн төрөлхтний түүхэнд өмнө нь тохиолдож л байсан үзэгдэл шүү дээ. Цорын ганц гарц гэвэл сөргөлдөгч талууд хэлэлцээний ширээний ард сууж ард түмнийхээ төлөө нэгдэн ажиллахаас өөр сонголт бараг байхгүй байх. Сонирхуулж хэлэхэд 1811 онд тусгаар тогтнолоо зарлаж байсан Өмнөд Америк тивийн анхны төрт улсуудын нэг гэхээр хуучны гэж хэлж болохоор уламжлалтай улс байгаа биз. Одоогийн хүүхэд залуус мэдэхгүй байж магадгүй, биднээс дээш үеийнхэнд “Халтар царайт” гэж телевизийн олон ангит киноны талаарх олон сонирхолтой дурсамж бий. Тэр киноны гол дүрд тоглосон олон жүжигчин манайд тухайн үеийн Холливудын оддоос илүү нэр хүндтэй ирж, бид хөл алдан гүйж байлаа. Оросоос өөр хэлээр дамжуулж аван олон нийтэд хүргэж байсан анхны латин америк кино байхаа. Хэдийгээр уран сайхны тал байгаа боловч кинонд дүрслэгдэж байгаа улс орон нь бас л чинээлэг, эдийн засгийн чадавхтай, бүс нутагтаа өөрийн гэсэн байр суурьтай байсныг илтгэдэг юм. Үнэндээ л тэр үеийн Венесуэл улс одоогийнхтой тэнгэр, газар шиг ялгаатай харагдахаар байдаг. Гэхдээ өнөөдөр бидний авч байгаа мэдээлэл нэг эх сурвалжтай, зарим талаар хэт нэг талыг барьсан гэдгийг мартаж болохгүй.
Нийгмийн сүлжээ хөгжсөн энэ цагт нэг улстөрчийн бичсэн ганц нэг сэтгэгдлээс нь тэр улсынх ашиг сонирхлыг мэдэж болохоор болжээ. Хөндлөнгөөс дотоод хэрэгт нь илт оролцоод байгаа юм шиг харагдахгүй ч гэсэн өөрийн геополитикийн эрх ашгийг тухайн үеийн энгийн иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьж байгааг харин зөвтгөх аргагүй.
-Талууд хэлэлцээний ширээний ард суух сонирхол байна уу. Венесуэл энэ чигээрээ явах нь хэнд хамгийн их ашигтай вэ?
-Харин бусад улс орны түүхэнд тохиолдож өнгөрсөн түүхэн талаас нь аваад үзвэл дотоодын тогтворгүй байдлыг ихэнхдээ гадны бизнесийн бүлэглэл өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж төгссөн байдаг шүү дээ. Аливаа зүйлийг нурааж, бусниулахад амархан боловч хийж бүтээх нь хамаагүй урт цаг хугацаа, мөнгө хөрөнгө шаарддаг нь харамсалтай нь үнэн дээ. Гэхдээ энэ чигээрээ байгаад байна гэж байхгүй биз дээ, хамгийн муу ч гэдэг юм уу доод цэгтээ хүрлээ гэхэд угаасаа эргэж сэргэх замдаа орох нь эргэлзээгүй.
-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 40 дүгээр чуулга уулзалт дээр “Венесуэл улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаагийн нэг гол шалтгаанаар тус улсын эсрэг хоригийг ээлж дараалан чангатгаж буй явдал”гэсэн шүү дээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Эх орноосоо дүрвэж байгаа иргэдийг ямар ч тохиолдолд буруутгах аргагүй л дээ. Гэхдээ хоригийг чангалах үндсэн шалтаг нь улс төрийн алдаатай шийдвэрээс шалтгаалан иргэд нь эх орондоо амар тайван амьдрах аргагүй болчихоор дэлхийн хамтын нийгэмлэг, зарим их гүрнүүд шууд болон дам аргаар нөлөөлөх зорилгоор хориг арга хэмжээ авсаар ирснийг зэмлэх боломжгүй. Даяаршлын энэ цаг үед дангааршина гээд өөрийгөө ертөнцөөс тусгаарлан зүтгээд амжилтанд хүрэх боломжтой эсэхийг хүн төрөлхтөнд харуулсан нэг тохиолдол болон түүхэнд үлдэх биз дээ.
-Н.Модура АНУ-тай дипломат харилцаагаа тасалчихлаа. Түүнийг хууль ёсны Ерөнхийлөгч болохыг ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба, Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Тэгэхээр олон улсын харилцаанд ямар өөрчлөлт гарах бол?
-Одоохондоо хууль ёсны удирдагчийнхаа хувьд гаргаж байгаа аливаа шийдвэрийг нь хүндэтгэж үзэх хэрэгтэй байх. Үндсэндээ бол бидний дууссан гэж ярьдаг байсан хүйтэн дайны уур амьсгал олон улсын харилцаанд эргэж ирлээ гэж харагдахаар байна. Хэнийг нь ямар засаглалтай улс орнууд дэмжиж байна вэ гэдгээс нь л зорилго чиглэл нь харагдана. Эдгээрийн ихэнх нь энэ бүс нутгийн улс орон биш учраас шууд хоорондоо сөргөлдөөд эхлэхгүй байх. Тиймээс аль ч улс дотоод үйл хэрэгт нь хөндлөнгөөс шууд оролцох биш хүлээцтэй, хэлцлийн замаар л шийдэгдээсэй хэмээн найдах л үлдлээ дээ.
-Монгол Венесуэлийн харилцааны талаар товч сонирхуулахгүй юу?
-Манай хоёр улс одоогоос 30 жилийн өмнө 1990 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоож байсан. Найрсаг хамтын ажиллагаатай гэдэг л ангилалд багтах байх. Хамгийн сүүлд Гадаад харилцааны дэд сайд нар Бээжин хотноо 2017 онд ГХЯ-д хооронд улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Тус баримт бичгийг байгуулснаар талууд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, спорт болон хүний хөгжлийн асуудлаар зөвлөлдөж ярилцах боломж нээгдсэн гэж үзэж болно.Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын ямар нэгэн харилцаа одоогоор бичигдэж амжаагүй.