Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоог шинээр байгуулна

Өнөөдөр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо /МҮМУУХ/ байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Тэд хүн төрөлхтөний соёлын биет бус өвд оруулсан монголчуудын хамгийн том соёл бол “Монгол наадам” юм. Монгол наадам соёлын биет бус өвийн нэг том үнэт зүйл бол Монгол Улсынхаа Төрийн сүлдэнд залсан Монгол адуу нь монгол хүний эрхэм дээд мөнхийн бахархал хэмээн онцолж байв.

Ю.Үнэнбүрэн: “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтөний Төлөөллийн жагсаалтад “Монгол наадам”-ыг бүртгүүлэхдээ “Эсгий туургатны нийгэм төрийн Их баяр-Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байсан. Улмаар эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон бөгөөд хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг” гэж бүртгэсэн. Харин өнөөдөр хурдан морины уралдаан тойрсон маргаан нь Монгол наадмын соёлын өвийн утга, мөн чанарыг алдагдуулах болсон. Бид хурдан морь сонирхогч, уяачдын маш олон санал хүсэлтийн дагуу “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” нэр бүхий нийт монгол адууныхаа төлөө уяач, адуучид, малчид, орон нутгийн уяачдын холбоод болон ТББ-уудтай хамтран байгуулах санаачлага гаргаж байна. Үндэсний их баяр наадам буюу улс, аймаг, сум дүүргийн баяр наадмаар зөвхөн монгол адуугаа уралдуулах зорилгоор энэ холбоог байгуулахаар Ажлын хэсэг гаргаад ажиллаж байна” гэлээ.

Бидэнтэй нэгдэж Монгол үндэсний морин уралдаан, уяачдыг холбоо байгуулахыг хүсвэл www.mongolnaadam.mn сайтаар орж бүртгүүлэн, холбооны гишүүний бүртгэлд хамрагдаж манай анхдугаар их хурлын төлөөлөгчөөр оролцох боломжтой. Мөн 88181181 дугаар утсаар бүртгүүлж болно” хэмээн тус хэвлэлийн бага хурлыг санаачилан зохион байгуулсан Ш.Ариунболд, Ю.Үнэнбүрэн, С.Амартайван, Г.Төмөрхадуур Н.Галбадрах, Н.Санжаадорж тэргүүтэй хүмүүс мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *