Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батбаатар: City toilet-ийн зориулалтыг өөрчлөх боломж байдаггүй

Нийслэлийн хот тохижилтын орлогч дарга С.Батбаатартай тамхи татах тусгай зориулалтын цэг болон “City toilet” буюу нийтийн нойлын асуудлаар ярилцлаа.

-Гэр хорооллын эцэст төвлөрүүлэн байршуулсан нийтийн бие засах газрууд байна л даа. Тодруулбал,Чингэлтэй, Хайлааст, Яармагийн эцэст байгаа нойлуудад хүн орох нь ховор, зарим нь бүр баригдсан цагаасаа хойш ер ажлаагүй гэх юм?

-Байршлаасаа шалтгаалаад Чингэлтэйн эцсийн нойл, Дамбадаржаа хийд болон Цэргийн их сургуулийн хашаан дотор байх нойлууд ажиллахгүй байна. Эдгээр нойлуудаас бусад нь ажиллаж байгаа.

-Тэгвэл эдгээр нойлыг ашиглалтад оруулахын тулд яах хэрэгтэй вэ?

-Ажиллуулахаар хүн орохгүй. Цалин мөнгөнөөс өгсүүлээд ямар ч үр ашиггүй урсгал зардал гарна.Тийм учир ажиллуулахгүй хаахаас өөр арга байдаггүй. Халуун усны газар, хими цэвэрлэгээ ч юм уу ажиллуулъя гэхээр зориулалтыг өөрчлөх боломж байдаггүй юм. Улсын өмч хөрөнгийг хамаагүй өөр зориулалтаар ажиллуулах нь өөрөө асуудалтай.Өөрөөр хэлбэл, дур мэдэн хими цэвэрлэгээ, халуун усны газар болгоод ажиллуулах нь эрх зүйн хувьд болохгүй зүйл.

-Төвийн шугамд холбогдоогүй нойл хэд байгаа вэ?

-Гэр хороололд байгаа нийтийн нойлууд бохирын шугам болон цэвэр усанд холбогдоогүй. Чингэлтэй, Баянхошуунд байх нойлын халаалтыг цахилгаанаар шийдсэн, бохирыг нь соруулдаг. Яг төвийн шугамд холбогдсон нойлууд цөөхөн бий. “Улаанбаатар” зочид буудлын урд, “Монгол Туркийн цэцэрлэг”-т байгаа нойлууд цахилгаанаар халдаг, төвийн дулаангүй. Мөн 120-ын автобусны буудлын хавьд байршуулсан нойл хотын төвд байх мөртлөө бохирыг нь соруулдаг, цахилгаанаар халдаг,төвийн дулаангүй байна. Ийм нойл найм бий. Эдгээрийг төвийн бохирын шугам, дулааны төвлөрсөн шугамд холбох ажлуудыг энэ хавраас хийхээр төлөвлөсөн.

“City toilet”-д хэдэн төгрөгийн төсөв суусан бэ?

-126 сая төгрөгийн төсөв суусан. Энэ төсвийн дийлэнх нь цалин, элдэв урсгал зардал буюу угаалга цэвэрлэгээний материал, засвар үйлчилгээнд зарцуулагддаг.

-Нийслэлд нийт хэдэн “Citу toilet” байдаг вэ?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Хот тохижилтын газар 20 “City toilet” хариуцдаг. Нийтийн бие засах газрууд“Улаанбаатар сан”-гийн харъяанд хуучин байсан. Харин 2015 оноос“Нийслэлийн Хот тохижилтын газар”-т шилжиж ирсэн юм.

-Төвийн нийтийн бие засах газруудад хүн харьцангуй их ордог. Гэтэл тамхи татах тусгай зориулалтын цэгт хүмүүс орох нь ховор юм шиг ээ?

-“Дүнжингарав худалдааны төв”-ийн хоёр тамхины цэгийн нэг нь цоожтой байгаа.Тэр хавиар хүн их явдаггүй болохоор нэг их ороод байдаггүй. Голдуу цоожтой байдаг. Түүнээс бусад нь ажиллаж байгаа.

-ТэгвэлДүнжингарав худалдааны төв-ийн гадна цоожтой байгаа тамхины тэр цэгийг хүний хөл хөдөлгөөн ихтэй өөр газар тавьж болох уу?

-Тавьчихаар газрыг бид судалж байгаа. Гол нь өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг нь хийх хариуцлагатай газарт байршуулах хэрэгтэй. Хот тохижилтын газар өдөр тутмын цэвэрлэгээг хийх хүн тавьбал бүтэц орон тоо, цалин мөнгөнөөс эхлээд урсгал зардал зөндөө гарна. Тиймээс тухайн байгууллагад нь гаднах тамхины цэгийг хариуцуулж даатгуулан, хүлээлгэж өгдөг. Ингэвэл амар байдаг.

-Дүнжингарав худалдааны төвийн гадаа анх гурван тамхины цэг байсан гэж байгаа. Харин одоогийн байдлаар хоёр нь үлдсэн. Гурав дахь цэгийгхаана байршуулсан бэ?

-“Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газар”-аас хүсэлт тавьсаны дагуу тэнд байршуулсан. Формын хувцастай хүмүүс гудамжинд тамхи татаад байх хэцүү байна танайх тамхины цэг шийдэж өгөөч гэсэн юм.

-Танайд энэ талаар хүсэлт тавьж байгаа өөр байгууллага байна уу?

-Сургалт мэдээллийн төвийн гадаа нэг тамхины цэг байрлуулж өгөөч гэж ОБЕГ ахиад нэг санал тавьсан.

П. САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *