Categories
мэдээ нийгэм

Их эмч, хөргөлтийн инженер, нягтлан бодогч, хүнсний технологич, барилгын болон механик инженер дутагдалтай байна

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Хөдөлмөрийн зах зээл ба төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны дүнг танилцуулав. Үүнд ажиллах хүчний хомсдол орсон салбарыг мэргэжлийн ангиллаар нь танилцуулсан юм. Ингэхэд дээд мэргэжилтэй боловсон хүчин гэхэд их эмч, хөргөлтийн инженер, нягтлан бодогч, хүнсний технологич, барилгын болон механик инженер дутагдалтай байгаа гэнэ. Тэгвэл мэргэжил боловсролынхон дунд засалчин, шаварчин, худалдагч, оёдолчин, тогооч, гагнуурчин, мужаан, сувилагч, архитехтур хомсдолтой байгаа аж. Харин энгийн ажил мэргэжилд барилгын туслах ажилтан, албан байгууллагын үйлчлэгч, жижүүр, үйлдвэрийн ажилтан дутагдалтай байгаа юм байна.

Зөвлөгөөнийг нээж ХНХ-ын сайд С.Чинзориг “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжлийн бодлоготой уялдуулан, тэргүүлэх чиглэлийн салбарын зонхилох мэргэжлээр төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа байсан Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийн газрыг татан буулгаж, ХНХЯ-нд бодлогын газар болгож, МСҮТ, политехник коллежийн ТУЗ-ийг аймаг, орон нутгийн удирдлага ахлаж байхаар зохицуулсан нь мэргэжлийн боловсрол, сургалтын элсэлтийг бүс нутаг, орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдуулсан юм. Цаашлаад, мэргэжлийн боловсрол, сургалтын “Багшийг компьютержүүлэх” төсөлд нийт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, МСҮТ, политехник коллежид суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлгийг олгохоор болж, үүнийг суралцагсдын дансанд цахимаар шууд олгохоор зохицуулж байгаа. Мэргэжлийн боловсрол, сургалтын багш, албан хаагчдын цалингийн тав хүртэлх хувийн урамшууллыг 10 хувь болгож, тэдний цалин хөлсийг 2018-2019 онд нийт гурван удаагийн дүнгээр 30.8 хувиар нэмсэн” хэмээв.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 МСҮТ, политехник коллежид 37 мянган суралцагч суралцаж, 4624 багш, ажилтан ажиллаж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын төгсөгчдөөс ажил хайгчдын 76 хувь нь нийслэлийг тойрсон бүсүүдэд байдаг гэнэ. Харин бусад орон нутагт ажилгүй хэрнээ, бүртгэлгүй байдаг байна. Тиймээс хөдөлмөрийн бирж дээр тэднийг бүртгэх ажлыг эрчимжүүлэх, мөн орон нутагт ажлын байр бий болгох нь чухал гэдгийг энэ үеэр онцоллоо. Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харахад эрүүл мэндийн салбарын хөдөлмөр эрхлэлт хамгийн их буюу 82.4, эрчим хүчний салбарынх 78.8 хувьтай байгаа юм байна. Харин ажиллах хүчний хомсдолд орсон барилгынхны хөдөлмөр эрхлэлт 63 хувьтай байгаа гэнэ. Барилгын салбар ажиллах хүчний хомсдолтой байгаа хэрнээ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт нь дээрх хувьтай байгаа нь анхаарал татсан зүйл юм. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөр эрхэлж буй хүмүүс мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж буйд анхаарах хэрэгтэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *