Categories
мэдээ цаг-үе

Цагаан сараа 78 дахь жилдээ хамтдаа угтаж буй Ч.Намдаг, С.Адьяа нар

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ханилан суугаад 78 дахь жилээ үдэн буй хоёр буурай нийслэл хотын маань баруун хэсэгт амьдран сууна. Энэ айлыг Ч.Намдагийнх гэдэг. Тэд бага хүү, охины хамтаар биднийг угтсан юм. Төсөөлж байснаас минь ч ануухан хоёр хөгшин Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Нэгдүгээр хороолол дахь байрандаа 32 дахь жилээ угтаж байгаа аж. “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид ирнэ гээд хоёр хөгшин дээл хувцсаа зэхэн, хэлэх ярих үгээ ч уйгаржин бичгээр сийрүүлээд амжиж. Бид ч товлосон цагтаа очиж хоёр буурайн уртаас урт, аз жаргалтай амьдралын түүхийг хуваалцсан юм.

Монгол Улсын гавьяат эдийн Засагч Ч.Намдаг гуай Сүхбаатар сумын Онгон сумын уугуул нэгэн. Ардын хувьсгалтай эн чацуу тэрээр Онгон сумын “Сайхан мод” хэмээх газар мэндэлжээ. “Би 2021 онд 100 насыг зооглоно. 100 хүрэхэд хоёр нас л дутуу байна даа. Хуучны тооцооллоор бол одоо 100 хүрчихээд байгаа юм.Энэ хугацаанд нийгмийн хоёр үе, хоёр жаран дамжжээ. Арав гаруй засгийн мэдэлд 98 жил энх тунх амьдарч байгаагаас 60 илүү жилийг нийслэл хотод өнгөрүүлсэн байна.

Би хошууны бага сургуулиа дүүргээд Дорнод аймгийн дунд сургуульд гурван жил суралцсан. Улмаар Багшийн техникумд гурван жил суралцаж, 1940 онд түүх, газар зүйн багш мэргэжлээр төгссөн юм” гэв. Мөн “Би дунд сургуулиа төгсчихөөд 1937 онд хамгийн анх Улаанбаатарт орж ирж байлаа. Хойд тал нь ногоон нуур, урд тал нь нарийн төмөр зам, баруун тал нь төмөр замын энэ хэсэг буюу Дарьгангын хошуу, зүүн тал нь Консулын дэнж гэж байв. Иймэрүү газарт л цөөхөн айл байсан даа. 1960 оноос хойш нийслэл маань сайхан тэлсэн. 1945 онд сумын сургуульдаа захирлаар ажиллаж байхад Улаанбаатарт “Ардын гэгээрүүлэх яаманд ажиллуулна” гээд намайг дууддаг юм байна. Би анхлан яаманд байцаагчаар ажилласан. Дараа нь Техникумын хэлтсийн дарга болсон. Сүүлд Сүхбаатар аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргад ажиллах хүн хэрэгтэй боллоо гээд буцаасан юм. Улмаар аймгийн Захиргааны нэгдүгээр орлогч дарга, Төлөвлөгөөний комиссын даргын албыг ч хашсан. Харин 1960 онд Намын дээд сургууль төгсөөд л эндээ суурьшсан хэрэг. Тэр үеэс хойш Улсын ба Ардын Хянан Шалгах байгууллагад орлогч, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан” гэлээ.Ч.Намдаг гуайн гэргий Содовын Адьяа нь 1927 онд төрсөн, өдгөө 92 настай. Тэрээр нийслэл хотод шилжин ирээд, 1961 онд “Улаанбаатар зочид буудал”-ын анхны ажилчдын нэг болж байжээ. Тэрээр 40-өөд жил тус байгууллагад үйлчлэгчээр ажилласан байна.

Тэд 1942 онд төрөлх сумандаа танилцаж, гал голомтоо бадраажээ. Ч.Намдаг гуай “Би сургуулиа төгсчихөөд Онгон сумынхаа бага сургуульд багшилсан юм. Тэр үед сургууль галч авахаар болж, Содов гэдэг хүнийг томилсон юм. Тэр айлын охин нь манай С.Адьяа байсан. Ингээд бид хоёр танилцаж, дараа жил нь буюу 1943 онд анхны хүүхэд минь мэндэлсэн юм” хэмээн дурсав. “Ер нь манай дээд өвгөчүүл их өндөр насалдаг, олон хүүхэдтэй айлууд байсан. Миний өндөр өвөө Дамдинсүрэн хонин сүргийн “Да” хэргэмтэй байв. Аав маань 88, ээж Долгор 82, ах Гомбо, эгч Дулам, Ханд, Хорлоо нар 90-ээс 93 хүрч насалсан. Магадгүй түүнийг л дуурайж, өдий өндөр насыг наслах буян тохиосон байх. Би эхээсээ 11-үүлээ. Би өөрөө ч гэсэн 11 хүүхэдтэй, өнөр өтгөн гэрийн эзэн. Одоо хүүхдүүд маань том болцгоосон. Манай хамгийн бага хүү Н.Батхүү 55-тай, бага охин 51-тэй байна. Хамгийн том хоёр хүү минь 70 хүрээд бурхан болсон. Одоо гурван хүүхэд маань л тэтгэвэрт гараагүй байна даа” гэдгийг ч тэрээр хэлж байлаа.

Ч.Намдаг гуайн хүүхдүүд бүгдээрээ ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, бага, дунд болон дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад сурч, боловсрон мэргэжил эзэмшжээ. Одоо Ч.Намдаг гэх айл 35 өрх болон нэмэгдэж, ёстой л “Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян” болжээ. Ач зээ, гуч жич, зээнцэр нь нэмэгдээд 110-уулаа болсон байна. Бараг бүх л мэргэжлийн хүмүүс бий болсноос гадна энэ гэр бүлд Монгол Улсын гавьяат хоёр, одон медальтан арваад, байгууллагын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн аварга найм, боловсролын болон анагаах ухааны доктор, профессор тус бүр нэг, алдарт эх дөрөв, улсын болон аймгийн сайн өрх хоёр, улсын шилдэг гэр бүл нэг байдаг аж.

Эднийх хоёр нийгмийн хоёуланд нь шилдгээр тодорхойлогдсон, үлгэр жишээ гэр бүл. Үр хүүхдээ хүмүүжилтэй өсгөж, гэр бүлээ сайн сайхан авч явдаг хэмээн үнэлэгдэж 1973 онд Нэгдүгээр Дөчин мянгатад амьдарч байхдаа Улаанбаатар хотын “Соёлч өрх”-өөр шалгарч байжээ. Тухайн үеийн сонин хэвлэлд “Жаргал бялхсан өрх гэр” гэх фото сурвалжлага ч гарч байж. Тэрхүү сурвалжлагын нэгэн зурагны тайлбар дор “Намдагийнх өдрийнхөө цайнд бүгд цуглавал хоёр ширээ, арав илүү сандал хэрэг болно” хэмээн онцолсон байх юм. Ч.Намдаг гуайнх 1987 онд Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирж, одоогийн орон сууцандаа төвхнөжээ. 2012 онд “Гэр бүлийн тангарагтаа үнэнч байж, эцэг эхийнхээ эрхэм зорилгоо хүндлэн дээдэлж, үр хүүхдэдээ болон нийгэмд сайн сайхны үлгэр дуурайл боллоо” хэмээн “Монгол улсын шилдэг гэр бүл”-ээр өргөмжилжээ.

Эдний гэрийн хананд Ч.Намдаг, С.Адьяа гуай нарын Гэрлэх ёслолын ордонд саяхан авахуулсан болов уу гэлтэй зураг өлгөөтэй байсан нь нүдэнд содон туссан юм. Учрыг лавлавал хүүхдүүд нь аав ээж хоёрынхоо ханилан сууж, гал голомтоо бадраасны 70-н жилийн ойг нь хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэж өгсөн нь энэ аж. Тэд Монгол Улсын хэмжээнд анх удаа “Очир-Эрдэнийн хуримын ёслол”-ыг хийсэн байна. Бага залуудаа хурим найр гэж онцгойлон тэмдэглэж байгаагүй тэдний хувьд “Очир-Эрдэнийн хуримын ёслол” хийсэн нь амьдралд нь баяр баясал бэлэглэсэн онцгой өдөр болон өнгөрчээ.

Ч.Намдаг гуай эхнэрээ ихэд үнэлж, магтаалын үг харамгүй хайрладаг нэгэн ажээ. Тэр бүү хэл 2012 онд буюу 91 насандаа ханьдаа зориулж “Эхийн ач, алдар, гавьяа” гэх ном бичсэн байна. “Эхнэр маань олон хүүхэдтэй хэрнээ хэзээ ч ажлаа орхиж, цалгардуулж байсангүй. Цайны цагаараа өөрөө цайндаа орно гэхээсээ илүү хүүхдээ хөхүүлнэ гээд л гүйсээр ирдэг сэн. Ажилд их махруу, хариуцлагатай, хамт олондоо нэртэй тийм л хүн” хэмээн Ч.Намдаг гуай ярьж байв. Мөн “Айл гэрийн багана нь эмэгтэй хүн. Тэр утгаараа манай өрхийн нэг багана нь хань минь юм. С.Адьяа шиг ийм сайхан хань эр хүн бүрт заяаж байгаасай гэж би ерөөж явдаг. Сүүлийн үед үр хүүхэд, ач зээ олонтой болсон учир сайхан байна. Сайхан ч амьдарч байна” гэж байв.

Түүний гэргий С.Адьяа гэж хөнгөн шингэн гэж жигтэйхэн, мишээл тодруулсан сайхан буурай байх аж. Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонтой тэрээр 2010 онд Хотын даргаас “Ачлалт эх” хэмээх эрхэм хүндтэй шагналыг авчээ. Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж, Улаанбаатар хотын болон Жуулчдад үйлчлэх газрын Хөдөлмөрийн аварга, Худалдааны тэргүүний ажилтан хүндэт цол тэмдэгээр ч энгэрээ мялааж байжээ. Мөн Дэлхийн энх тайвны эв нэгдлийн төлөөх ”Гэр бүлийн Монголын холбоо”-ны өргөмжлөл, 2012 онд Монгол Улсын шилдэг гэр бүлээр шалгарч “Монголын жинхэнэ гэр бүлийн тангараг өргөсөн алдарт эх хүн” цол тэмдэгээр шагнагдсан байна.Харин Ч.Намдаг гуайг улс эх орондоо олон жил идэвх зүтгэлтэй ажилласан учир “Гавьяат эдийн засагч” цол, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Засгийн газрын хүндэт тэмдэгээр хоёр удаа, Ардын Хувьсгалын 1940-1990 оны ойн медаль, Чингисийн 800 жил, Халх голын байлдааны медалиудаар тус тус шагнажээ. Үүнээс гадна нам, залуучууд, үйлдвэрчин, ахмадын болон хянан шалгах байгууллагуудын хүндэт ажилтан, Ардын Боловсролын Яам болон Сүхбаатар аймаг, Онгон сумын тэргүүний ажилтан, хүндэт тэмдгүүдээр энгэрээ мялаасан байна.

Түүний хувьд хүүхэд залуучуудыг эх орноо сайн мэдэхэд нь зориулж “Өрхийн ургийн бичиг”,“Дарьганга нутаг-1”, Дарьганга нутаг-2”, Дарьганга нутаг-3”, “Торой банди” цуврал, “Эхийн ач, алдар гавьяа”, Сүхбаатар аймагт ажиллаж байсан үеийн тухай, өөрийн түүх зэрэг 20 шахам ном бичиж хэвлүүлэн олны хүртээл болгожээ. Өөрийн гэр бүл, Онгон сум, сургуулийн тухай, Улсын гуравдугаар төв эмнэлэг, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Төрийн хянан шалгах хорооны үүсэл, хөгжлийн тухай танилцуулгыг бичиж байсан аж. Ч.Намдаг гуай төрөлх сум, сургуулийнхаа 90-н жилийн ойг тохиолдуулан сумынхаа Тамгын газарт түүх намтрын ном, хос морин хуур, сургуульдаа “Иргэншлийн хичээлийн танхим” байгуулж иж бүрэн тохижуулан, компьютер, принтер дурсгаж байжээ.

Ч.Намдаг, С.Адьяа гуай хоёр гэр бүлж 78 жилийг хамт үдэж байгааг дээр дурдсан. Нэг гэрийн хоёр хоёулаа энх тунх, 90 насыг гартлаа хамт амьдарсан тохиолдол манай улсад тун цөөхөн байдаг байна. Энэ урт хугацаанд бие биенээ хос багана мэт түшилцэж ирсэн энэ хоёр буурайн амьдралын хэмнэл, хамтдаа бат бөх амьдрахын нууцыг асуухад Ч.Намдаг гуай “Бид хоёрт гэр бүлийн ямар нэгэн маргаан байхгүй. Бид хоёр шиг эвтэй, найртай урт удаан амьдарсан хүн ховор байх гэж боддог. Тийм ч учраас энэ олон хүүхэд сайн сайхан өслөө. Бид хоёр ч эрүүл энх урт удаан хамтдаа байна. Энэ нь эхнэр, нөхөр хоёр эвтэй байж, энэ айл сайн сайхан байсны гэрч” гэсэн. Мөн “Урт насалж байгаагийн нууц гэвэл мэдээж удам судар маань нөлөөлсөн байх. Бага балчираасаа сургуульд сурч ирсэн учраас биеэ яаж боловсон авч явах вэ, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах ёстой гэдгийг мэддэг болж дээ. Хоёрдугаарт, гэр бүлийн тогтвор суурьшил, батжилт, гэр бүлийн тайван байдал их нөлөөлсөн. Ямар нэгэн үймээн шуугиан, хэрүүл маргаан үзээгүй, дуулаагүй. Тэр тайван байдал урт насалж, удаан жаргахын нэг сурвалж болсон. Гуравдугаарт, манай хүүхдүүд их сайн хүүхдүүд. Бид хоёрыг зовоогоогүй. Өөрсдөө хичээлээ сайн давтана. Хоол ундаа хийж, гэр орноо ч сайхан цэвэрлэнэ. Томорсноосоо хойш бид хоёрыг гэрийн ажилд гар хүргээгүй. Ар талаас тэр минь, энэ минь яах бол, хоолтой байна уу, үгүй юу гэж санаа зовох юм байгаагүй. Ажлаас ирэхэд хоол, ундтай, дулаахан гэр л угтдаг байсан. Мөн би 1960 оноос хойш биеийн тамирын дасгал хийж байна. Миний сурсан зүйл өглөө бүр тогтмол дасгал хийх явдал. Дээр үед Үйлдвэрчний сонин дээр янз бүрийн дасгал, хөдөлгөөн хийх заавар, зурагтайгаа гардаг байсан юм. Тэрийг дугаар дараалан авч байгаад дуурайж хийдэг болсон. Дасгал хөдөлгөөн хийгээгүй өдөр бие өвдөөд ч байх шиг санагдаад байдаг болчихсон байна лээ. Жаахан нас ахиад ирэхээр биеийн хөдөлгөөн улам шаарддаг юм байна. Тиймээс би одоо ч гэсэн өглөө эртлэн босоод дасгалаа хийдэг. Гэр дотроо гүйдэг. Дулааны үед байрныхаа урд талын хашааг хэд тойрчихно. Дээрээс нь би маани уншдаг. Алтан овоондоо, бурхан шүтээн, аав, ээж, багшдаа залбирдаг, шүтдэг. Хоол ундны тухайд сайхан монгол хоолнуудаа л иддэг дээ. Эдгээр зүйлүүд урт удаан наслахад минь нөлөөлдөг байх” гэв.

Харин түүний гэргий С.Адьяа “Би ээж, ааваасаа зургуулаа хүн. Одоо эхээс ганцаараа л үлдээд байна. Гэхдээ олон сайхан хүүхдүүд, сайн ханийнхаа буянд жаргаж л явна. Ер нь бид хоёр хэрэлдэж, маргалдаж үзээгүй. Үл ойлголцох зүйл гарвал өөрөө л мэднэ биз гэж бодоод би дуугай болчихдог юм. Залуугаасаа л ингээд сурчихсан хэрэг. Бид хоёр үр хүүхдээ ч загнаж, зэмлэж үзээгүй дээ. Загнуулах зүйл ч хүүхдүүд минь хийдэггүй. Ээж, аав нь хэрүүл тэмцэлгүй болохоор хүүхдүүд ч тайван амгалан, хүмүүжил сайтай өсдөг шиг санагддаг. Хүүхдүүд хоорондоо муудаж, элдэв хараал хэлнэ ч гэж байхгүй. Хань бид хоёрын хувьд аль ажил багатай нь гэрийнхээ ажилд санаа тавиад л явчихдаг байсан” гэсэн юм. Бага хүү Н.Батхүү “Манай аав, ээж хоёрыг муудалцаж байхыг хараагүй. Ээж минь аавын өөдөөс барагтай л бол үг сөрөхгүй. Ээжийн минь хүлээцтэй зан түүнд их нөлөөлсөн байх. Бид тийм л сайхан гэр бүлд өсч торнисон доо. Манайх хамгийн анх 40 мянгатын байранд байсан юм. Ханаа дагаад битүү ортой, орны дор дахиад эвхдэг орнууд байдаг байж билээ. Ор зассаны дараа гишгэх зай үлддэггүй байсан гэж болно. Ариун цэврийн өрөөнд орохдоо дараалалд орох үе ч гарна. Тэр дундаа амралтын ганц өдөр болох бүтэн сайнд цагийн хуваариар усанд орцгооно. Бас долоо хоног болгон бүгдээрээ нийлж байгаад их цэвэрлэгээ хийж, паараа хүртэл нэгд нэгэнгүй угаадаг байж билээ. Хамгийн сонин нь жил бүр их дээд сургууль, техникумд сурахаар аав, ээжийн маань хамаатан, ах, дүү нарын хүүхдүүд бид нар дээр нэмэгдэж хоёр гурваараа ирж амьдардаг байсан. Бүр жил бүр шүү. Гэсэн ч ямар нэгэн үл ойлголцол огт гардаггүй байсан. Аавыг маань тэд Жоох ах гэж авгайлна. Ер нь хамаатнууд манайд цуглах тун дуртай. Одоо нутаг руугаа очиход танайд тэдэн онд амьдарч байж билээ гээд дурсах хүн олон. Дүү нараа сургууль соёлд сургаж, ажилд оруулж хоолтойгоо залгахад нь их нэмэр болсон. Тэр буян одоо аав, ээжид минь ирж байгаа гэж боддог доо” гэж байлаа. Бага хүү Н.Батхүүгийн хувьд гэрийг талхаар таслахгүй байх чухал үүргийг хүлээдэг байж. Өдөрт заавал хоёроос гурван талх барих нь түүний үүрэг. Талх барихдаа гаршсан түүнийг ах, эгч нар нь бусад ажлаас чөлөөлдөг байжээ. Байрных нь айлууд Ч.Намдагийнх энэ олон хүүхэдтэй хэрнээ их чимээ шуугиан гаргахгүй юм гэж гайхацгаадаг байсан гэдгийг С.Адьяа гуай хэлж байв.

Бага охин Н.Туяа“40 мянгатын байр гурван өрөөтэй байсан юм. Түүний жижиг өрөөнд нь олон ч айл гал, голомтоо бадраасан даа. Манай хэдээс найм нь тэр өрөөнөөс туурга тусгаарласан. Дээрээс нь хамаатангуудаас маань бүр хоёр хүүхэдтэй болоод тусдаа гарч байсан хүмүүс ч бий. Мөн гурван ч хүүхэд тэр өрөөнд төрж байсан юмдаг. Тиймдээ ч их дурсгалтай сайхан санагддаг” гэлээ. Тэрхүү байрыг бага хүү Н.Батхүү нь өвлөн авч, гал голомтоо сахин үлджээ. Н.Батхүүгийндээ цуглахдаа хуучны дурсамжаа сөхөн ихэд жаргалтай сууцгаадаг гэдгийг ч тэд онцолсон. Өнөр өтгөн, аз жаргалтай энэ гэр бүлийн нэгэн гишүүн бол Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын начин, бөх тайлбарлагч А.Ганбаатар агсан байсан юм. Тэрээр Ч.Намдаг гуайн охин Н.Тунгалагтай ханилж, хоёр ч сайхан хүүхдийн ижий аав болцгоосон юм. Тэрээр хүргэнийхээ талаар “А.Ганбаатар маань их сайн хүргэн байсан. Багаасаа л бөхөд дуртай хүүхэд байсан юм билээ. Хонь хариулж байхдаа л бөхийн цол дууддаг байж. Өөрөө начин болтлоо барилдсан. Хажуугаар нь бөхийн тайлбарт мэргэшсэн гэж болно. Бөхийн тайлбарлагч хийж байхдаа Монгол туургатан дотроо алдартай нэгэн байлаа. Сайхан дуу хоолойтой, их сайхан ч дуулдаг. Бөхийн гуншинг сайн уншина. Элдэв бичиг цаас харж уншина гэж байхгүй, шууд л цээжээр дуудна. Начингаас нь эхлээд том цолтон хүртэл нь мэднэ. Бөхийг гараад ирэхэд нь л цол гуншингаар нь дууддаг айхтар ой сайтай хүүхэд байсан. Манай монголчууд их магтдаг юм. Одоо хүү, охин хоёр нь сайхан амьдарч байгаа” гэлээ.

Бид ийн хуучлангаа Ч.Намдаг гуайн Цагаан сарын буузнаас хүртэж, энэхүү баярыг бага залуудаа хэрхэн тэмдэглэдэг байсан тухай яриа өрнүүлэв. Бидний багад ч Цагаан сар тэмдэглэдэг айл ховор байлаа даа гээд “Малчид хуучин журмаараа тэмдэглэдэг байсан. Хамаг сайхан идээ, будаагаа тавиад л, бие биендээ очиж золгоцгооно. Сургуулийн сурагчид бид ч айлуудаар хэсчихнэ. Тэр үед сургуулийн хүүхдүүдэд айлууд хавсай өгдөг сөн. Өнөөх хавсайгаа байрны найзуудтай хувааж иднэ, тэд нартайгаа тоглож наадаад л өнгөрөөдөг байсан санагдана. Одоо үед Цагаан сарыг улам л өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг болж. Хүүхдүүд өсч томорцгоосон учир бүх л зүйлийг бэлдээд өгчихдөг юм. Цагаан сараар манайх хэд, хэдэн удаа хөл гишгэх зайгүй болтлоо дүүрнэ. Сайхаан, сайхан” гэж байлаа. “40 мянгатын байрандаа байхад бид, цагаан сарынхаа буузыг хийчихээд байрныхаа урд талын теннисний ширээн дээр хөлдөөдөг байсан юм. Хөлдөөж буй буузаа ээлжилж манана. Заримдаа бөөндөө гарч урдах каток дээрээ хоёр баг болж тоглодог байж билээ. Тэр сайхан үе санаанаас огт гардаггүй юм. Тэр үед их ч хүйтэрдэг байж. Бэр, хүргэнтэйгээ нийлээд баг болж аваад гарцгаадаг байсан даа” хэмээн бага охин Н.Туяа хуучилсан юм.

Ч.Намдаг гуайн хувьд одоо ч төр засгийнхаа ажилд өөрийн боломжоороо идэвхтэй оролцож, чухал шийдвэрүүдэд санаа бодлоо харамгүй хайрласаар яваа нэгэн. Тухайлбал, Монгол Улс даяар алдар нь дуурсагдаж байсан Торой банди хэмээх Нанзадын хөшөөг босгох, кино бүтээх ажлыг санаачилж, зохих байгууллагуудтай нь холбоотой байдаг гэсэн. Мөн Дарьгангын тусгай хамгаалалттай газрын хэмжээг томсгож Онгон элсийг Улсын тусгай хамгаалалтад нэмж оруулах талаар санаачлан олон жил хөөцөлджээ. Тэрхүү ажил нь үр дүнд хүрч 2018 онд Монгол Улсын Засгийн газар баталж, хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулганаар батлагдаад байна гэсэн. Тэрээр 90, 100-аас дээш настнуудыг төр, засгаас тусгайлан анхаарч байх, 70-аас дээш настай ахмадуудад зориулсан тусгай эмнэлэг, сувилал барих ёстой гэсэн бодолтой явдаг талаараа ч хуваалцсан. 70-аас дээш настай ахмадууд ганцаараа явж эмнэлэгт үзүүлэх боломж бага, гэнэт бие нь муудах тохиолдол ч олон байдаг учир цаг алдалгүй өндөр настнуудад зориулсан эмнэлэгтэй болчихвол олон давуу талтай талаар тэрээр онцолсон. Энэ тухайгаа ч тойргийнхоо гишүүн Ц.Гарамжавт уламжилж, хуульд нэмэлт оруулахыг хүссэн байна. Ч.Намдаг гуай “Хань ижлээ зөв сонгож, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлэхийн ухааныг залууст сургах хэрэгтэй. Тэгэхийн тулд үлгэр жишээ айлуудыг сурталчилж, тэдний арга туршлагаас хуваалцах нь тун чухал. Энэ тал дээр улс орон бодлогоор анхаардаг болоосой гэж боддог доо. Тэрхүү үлгэр жишээ айлуудын нэг нь манайх байх ч гэж боддог. Монголын мянга мянган өрх айлын төлөөлөл болгож манайхыг онцолсон “Өдрийн сонин”-ы хамт олондоо гялайлаа. Хүн бүр хань ижил, үр хүүхэдтэйгээ урт удаан, аз жаргалтай амьдрах болтугай. Монголын бүх ард түмэн, ахмадууддаа Сар шинийн баярын мэнд хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Эрүүл энх, сайн сайхан байгаарай гэж ерөөе” хэмээсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *