Categories
мэдээ цаг-үе

Г.Бямбажаргал: Монгол хэлгүй гадныханд уртын дуугаа дуулаад нижигнэсэн алга ташилт сонсох ямар сайхан гээч

Түмэн эх чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Бямбажаргалтай ярилцлаа.


-Удахгүй Сар шинэ болох гэж байна. Уртын дуучдын завгүй ажилладаг үе үү?

-Тэгэлгүй яахав. Уртын дуучдын хувьд Сар шинэ, Үндэсний их баяр наадмын үеэр ид ачаалалтай ажилладаг. Байгууллагууд сар шинийг тохиолдуулан ахмадуудаа хүлээж авч хүндэтгэл үзүүлдэг дээ. Тийм ёслолын арга хэмжээнүүд дээр очиж ардын дуу, уртын дуугаа дуулж байна даа. Телевизүүд бас их хандана аа. Энд тэндээс “За алив ирээд нэвтрүүлгийн бичлэгт ороорой” гээд л залгах юм байна шүү дээ.

-Таныг Францын нэгэн агентлагтай гэрээгээр ажилладаг гэж сонссон. Энэ жил тоглолтоо Францад тавина гэв үү?

-Тэгнэ. Францын уран бүтээлчидтэй хамтраад багагүй хугацааг үдлээ. Францын “Театр Де ла Вилл” -тэй таван жилийн гэрээ байгуулсан юм. Ирэх гуравдугаар сард тэнд тоглолттой. Францад болсон шар хантаазтаны бослогоос шалтгаалж энэ жилийн тоглолтын гэрээ цуцлагдчихсан. Арванхоёрдугаар сарын сүүлээр энэ жилийн гэрээ хойшилсон гэсэн мэдээ ирсэн л дээ. Тоглолтын бүтэн бичлэгээ Францын радиод бичүүлсэн. Тэр бичлэг маань гурван жилийн турш Францын албан ёсны цахим хуудсанд тавигдах юм. Дуучин Цагаанзам болон Германд амьдардаг морин хуурч Эпи бид гурав хамтарч уран бүтээлээ хүргэсэн.

-Гадныхан уртын дуу, морин хуурыг сайхан хүлээж авдаг. Монголын язгуур урлаг байгальтай их ойр, нарийн холбоотой учраас өндөр хөгжилтэй орны иргэдийг илүүтэй татдаг гэдэг. Францчууд манай уртын дууг ер нь яаж хүлээж авдаг вэ?

-Франц их хөлийн газар. Тэнд хүмүүс амьдрахын тулд олон тэмцэл, сорилттой тулгардаг. Тиймээс сэтгэлийн таашаал амар амгаланг мэдрэх аялгуу үгүйлдэг юм билээ. Францчууд уртын, ардын дуунууд сонсох маш дуртай. Агаартай тайван орчин үүсгэдэг гэдэг юм. Гэрээ хийсэн театрын маань найруулагч өндөр настай, иран эмэгтэй байдаг юм. Тэр эмэгтэй “Агаарт явж байгаа юм шиг том цараатай дуулагддаг” гэж хэлж байсан. Энэ сайхан урлагтай амьдралаа холбоод олон жил болжээ. Оюутны долоон жилээс гадна мэргэжлээрээ ажиллаад 20 гаруй жил болчихлоо. Уртын дууг яагаад агаартай гэдгийг одоо л ухаарч байна. Анх гадаадад уртын дуу, ардын дуу дуулж байхад үзэгчид нь унтаад ч байгаа юм шиг харагддаг байж билээ. Залуу, хөгшин гэлтгүй бүгдээрээ нүдээ аниад суучихна. Зарим нь дээшээ ч юм уу харцаа тогтоогоод суучихдаг юм билээ л дээ. Ямар ч хөдөлгөөн хийхгүй. Манайхан харин алга ташаад баяр хүргэдэг шүү дээ. Тэгэхэд тэнд тийм зүйл байхгүй. Харин тоглолт дууссаны дараа тасралтгүй алга ташаад оруулдаггүй.

-Та агаартай гэдгийг арай энгийнээр тайлбарлаж өгөөч. Санаанд нэг л бууж өгөхгүй байна?

-Тавиун дуулахыг хэлээд байгаа юм л даа. Дуучин хүн уртын дууг монгол нутгаа бодож, сэтгэлдээ төсөөлж дуулмаар юм шиг санагддаг. Тэгж төсөөлж дуулахаар Монголын минь тал нутаг нүдэнд харагддаг.Үнэхээр талын агаартай юм байна гэх мэдрэмжийг сонсогчиддоо төрүүлж гэмээнэ жинхэнэ монгол уртын дуучин болж, төрж чадаж байна гэсэн үг.

-Та Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин уртын дууч Н.Норовбанзад гуайн шавь. Норовбанзад агсан цөөхөн шавьтай байх шүү. Багшийн тань дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Тийм ээ. Норовоо багшийн дөрвөн отгон шавийн нэг нь би. Хамгийн отгон нь ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батмэнд. Дарханы театрт ажилладаг дуучин Далхжав, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын Байгальмаа бид гурав нэг анги. Би Норовоо багш дээр гурван жил суралцаад, Дэлгэр багш дээр гурван жил сурсан. Уртын дууны талаар ямар ч мэдлэггүй хүүхэд анх багш дээрээ очиж байлаа. Багш маань надад уртын дуу дуулах суурийг тавьж өгсөн. Уртын дуучин ямар нугалааг хаана оруулж, яаж дуулах ёстой вэ гэж ирээд их олон зүйлийг зааж сургасан. Харин Дэлгэр багш маань дуу бол амьсгааны урлаг гэдгийг ойлгуулж өгсөн. Дуу гэдэг бол ерөөсөө л амьсгааны урлаг. Үлээвэр хөгжимчид битүү амьсгаатай. Чи бид хоёр ярьж байхад чи цээж, хэвлийгээ хослуулаад амьсгаа авч байна. Би бол хэвлийн амьсгал авч ярьж байгаа юм. Мэдээж энэ бүхнийг сурахын тулд тодорхой хэмжээний хичээл, зүтгэл цаг хугацаа шаардлагатай.

-Та 1997 оноос хойш тасралтгүй Түмэн эх чуулгад ажилласан. Ажлаа сольё гэж бодож байсан уу?

-Би “Түмэн эх” чуулгадаа хайртай. Анх энэ газар дурлаж орсон юм чинь. Уртын дуундаа ч дуртай. Хамгийн сайхан нь манай чуулгын тайз натур. Орчин нь бүхэлдээ монгол ахуйг харуулж байдаг. Бусад чуулгын уран бүтээлчид ирээд дуулахаараа ямар эвгүй юм бэ гэдэг л дээ. Битүү хивс дэвссэн учраас дуу чимээний цуурай байхгүй. Яг л тухайн хүн ямар хоолой, материалтай байна, тэр нь шууд мэдэгддэг. Энэ л тайзан дээрээ гараад дуулахад хамгаас сайхан мэдрэмжийг авдаг даа.

-Нийт хэчнээн цомог гаргаж, тоглолт хийчихэв ээ?

-Бие даасан дөрвөн тоглолт тавьж байсан. Хамтарсан тоглолт нэлээн хэд бий.

-Баруун Монгол ардын дууг та их гоё дуулдаг. Баруун нутгийн хүн болохоор тэр зүгийн дууг түлхүү дуулаад байна уу?

-Аав маань Ховдын Эрдэнэбүрэнгийх. Ээж маань Увсын Тэс сумын хүн. Баяд, өөлд хүний дундаас төрсөн би дөрвөд хүн байхгүй юу. Тэр нутгийн дууг дуулахаар өссөн нутгийн хүмүүсийн эрхэмлэдэг яриа, ёс заншил тэр бүх зүйл санаанд ордог. Тэгэхээр дууныхаа үг, аялгыг бодож дуулах ёстой юм байна гэж боддог. Би чинь дандаа халх багш нараар уртын, ардыг дуу заалгасан. Н.Норовбанзад, Дэлгэр багш маань дандаа төв халхын хүмүүс. Тэгэхээр би төв халх уртын дуу голлон заалгасан. Амьдрал дээр гараад чуулгадаа Баруун Монгол ардын дууг дуулахад тэр нутгийн хүн юм чинь би л дуулах ёстой юм байна гэдгийг мэдэрсэн дээ.

-Хүмүүс уртын дуу, ардын дуугаар төгсөөд нийтийн дуу дуулаад эхэлчихдэг. Өөр жанраар дуулъя гэж боддог уу?

-Нийтийн дуу дуулах санал надад ирж байсан л даа. Бидний үеийнхэн ч нийтийн дуу дуулж байсан үе бий. Тэр тал руу орсон хүмүүс ч бий. Уртын дуундаа дуртай, хайртай учраас тийм сонголт хийе гэж бодож байсангүй ээ.

-Өнөө жил ямар уран бүтээл хийе гэж төлөвлөж байна вэ?

-Урлагт 20 гаруй жил зүтгэхдээ ээжийн тухай дуулж, ээжийн дүрийг дэлгэцэнд мөнхлөөгүй юм билээ. Байгаль, эх нутгаа магтсан ардын дуу, уртын дуу дуулсаар ирж. Энэ жил ээжийн тухай дуулж, дуугаа дүрсжүүлнэ. Б.Лхагвасүрэн гуайн “Эрх хүслэн” гээд 40 гаруй насны хүний амьдрал үзсэн, хайр мэдэрсэн нэг тийм ганган дэгжин ардын дуу шиг дуу бий.

-Мэргэжилдээ дурласан хүмүүсийн хувьд мэргэшсэн гэсэн үнэлгээг олноос хүртдэг. Уран бүтээлчдийн хувьд ир нь ханасан гэж ирээд ярьдаг даа. Ингэж үнэлэгдэх хүмүүсийн нэг нь таныг гэж боддог…?

-Аливаа мэргэжлийг төгссөн хүнд мэргэжлээрээ мэргэшинэ гэдэг чухал л даа. Мэргэштэлээ маш олон жил явдаг. Дуулж байхдаа алдаа гаргах тал бий. Тэр алдаагаа байнга гаргадаг байсан бол тоог нь цөөрүүлсээр л явдаг. Ард түмэнд танигдсан, тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн ч гэлээ сурах юм их бий. Мэргэжил дээрээ боловсрох хэрэгтэй. HERO-гийн “Монгол тулгатны 100 дуу” нэвтрүүлэг “Таван эрдэнэ”, “Дөрвөн цагийн тал” дуугаар эхэлсэн, миний дуулснаар тэр нэвтрүүлэг яг Цагаан сараар эхэлж байсан. УГЗ, Монголын радиогийн нэвтрүүлэгч Буянхишиг гуай “Бямбаа чи “Таван эрдэнэ”-ийг уртын дуу шиг татаж ирээд сайхан дуулжээ” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Уртын дуунд 27 жил үнэнч явсан учраас ардын дуу дуулахдаа уртын дууныхаа үндсэн хэв шинжийг алдахгүй дуулсан хэрэг л дээ. Уртын дууг яс, үндэс сууриар нь авч явах ёстой хүмүүс бол бид. 1999 онд “Урьхан хонгор салхи” гэж нэрлэсэн анхны цомгоо өлгийдсөн. Цомгоо бүтээх гэж сар гаруй хоолойны бичлэг хийлгэж билээ. Сүүлдээ хоолойноос ямар ч дуу гарахгүй болсон. Хоолой бүр таг болсон шүү. Түүнээс хойш дуучин хүн хоолойгоо хайрлахгүй бол болохгүй гэдгийг ойлгосон доо. Ардын дуу, уртын дуу хоёрын нийлэмж маш хэцүү. Ц.Дэлгэр багш маань уртын дуугаа л дуул гэдэг байсан. Харин чуулгын зүгээс намайг хоёуланг нь дуул гэсэн. Тэгээд би чуулгадаа ирээд “Хөх торгон цамц”, “Дөрвөн уул” зэрэг дууг дуулж сурсан юм.

-Уртын дуучин гэгдэхийн сайхан нь юундаа байдаг вэ?

-Намайг дөнгөж оюутан болж байхад ардын дуу, уртын дууг хүмүүс сонсдоггүй байлаа. Сүүлийн жилүүдэд 2010 оноос ардын дуу, уртын дууг их сонсдог болсон. Ер нь ардын дууны үг их сайхан. Ухаарлаар дүүрэн. Үндэстэн ястныг таних ганц зүйл бол урлаг спорт. Монгол үндэстэн гэж юу юм бэ гэсэн асуултад хариу өгдөг хүмүүс нь бид. Тэр утгаараа маш өндөр хариуцлагатай ажил. Дуугаа дуулаад дууссаны дараа үзэгчдийн сэтгэгдэл, орчны уур амьсгал мэдэгддэг юм. Хүлээн зөвшөөрөөд, сэтгэлээсээ алга ташиж, үнэнээсээ баярлаж байгаа хүмүүсийн харцыг хараад мэргэжлээрээ омогшдог. Гадаадад явж байхдаа бас мэргэжлээрээ бахархана, огшино. “Эх орныхоо, Монголынхоо үндэсний дууг би л дуулж хүргэж чадна” гэсэн бодол төрөөд маш сайхан. Үгээр илэрхийлэх аргагүй бахархал, огшлоор цалгидаг. Монгол хэл мэдэхгүй хүмүүсийн өмнө үндэсний хувцастайгаа уртын дуугаа дуулаад нижигнэсэн алга ташилтыг сонсох л хамгийн бахархалтай. Ямар сайхныг нь зүйрлэж хэлэх гэхээр үг дутна.

-Ахмад уран бүтээлчдээс сурсан зүйл гэвэл хэмжигдэхгүй их байх. Дээд үеийн мундагчуулаа дурсаач?

-Тэгэлгүй яахав. Хамгийн анх “Уяхан замбуутивийн наран” дууг МУГЖ Ө.Базарбат МУГЖ Чулуунцэцэг нартай хамтран дуулдаг байсан. Тэр үед үндэсний хөгжим тоглоод дуулдаг байлаа. СУИС-ийг онц дүнтэй төгсөөд ирсэн хүн хэрнээ нөгөө хоёрынхоо хажууд амьсгаа нь ч хүрэхгүй жижигхэн нөхөр байгаа юм чинь. Ардын хувцас эхнэр дээл өмсчихөөр төмөр малгай дух руу орж таараад их хэцүү. Хүнд гэж жигтэйхэн. Тэр үеийн зураг надад байдаг юм. Олон сайхан ахмад уран бүтээлчийн дунд орж ирж ардын дуу, уртын дуу сурч байлаа. Яаж дуулах практикаа олж авсан. Үенч гавьяатыг дуулж байхад тайзны завсраар хардаг байлаа. “Лоолой”-гоо зрителл дотор гахайнууд явж байгаа юм шиг харьцаж дуулна шүү дээ. “Цонхон дээр суусан ялаа” дууг дуулахаараа ямар гоё гэж санана.

-Танд олон дээл байдаг биз?

-Олон байлгүй яахав. Жил бүр дээлээ шинэчилнэ. Тоглолтын хувцаснаас гадна Цагаан сар, Улсын наадмаар өмсдөг дээлүүдээ ч шинэчилдэг.

-Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж авсан хүн бий юу?

-Том хүү маань их сургуулиа төгсчихсөн. Охин маань гадаадад сурч байна. Бага хүү маань тогооч болно гээд байх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *