Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай ярилцлаа.
-Таны хувьд сайдын ажлаа хүлээж аваад байгаа. МАН гарснаас хойших яамны үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бол их өргөн хүрээтэй, том салбар юм. Хүн амыг аюулгүй хүнсээр хангах, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх, хөнгөн үйлдвэр буюу боловсруулах аж үйлдвэрийг дэмжих, цаашлаад барилгын материал, ой модны боловсруулах үйлдвэр, нийтийн хоол, худалдаа, ахуйн үйлчилгээ гэх зэрэг салбаруудыг дэмжих бодлогыг хариуцсан том яам юм.
Монгол Улсын эдийн засгийн тэн хагас нь гэж хэлэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний ашиглалтын аргаар тооцсон хэмжээг авч үзвэл ДНБ-ий 50 хувь нь энэ салбарт бүтээгдэж, бий болж байна. Тэгэхээр үнэхээр том салбар гэдэг нь харагдаж байгаа байх.
Өнгөрсөн сонгуулиас хойших хугацаанд яам хөгжлийн бодлого, бодлогыг дэмжих төсөл хөтөлбөр боловруулахад нэлээдгүй цаг хугацааг зарж ажиллажээ. Олон чухал асуудлууд шийдэгджээ. Маш чухал хуулиуд ч батлагдаж гарсан байна. Хуулийн хэрэгжилтийг иж бүрэн зохион байгуулахад чиглэсэн журам, дүрмүүдийг гаргах ажил хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бодлого боловсруулах эрх зүйн зохицуулалтаа бий болгох асуудалд ихээхэн анхаарч, цаг гарган ажилласан гэдэг нь харагдаж байгаа юм.
-2020 оны сонгууль болоход тун бага хугацаа үлдээд байна. Энэ хариуцлагатай үед ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Одоо Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талаасаа илүү өнгөрчихлөө. Боловсруулсан бодлого, батлуулсан хуулиа бодитой хэрэгжүүлж үр дүнд хүргэх л хугацаа үлдсэн байна. Хөгжлийг дэмжих бодитой ажил хийх л цаг хугацаа юм байна. Бичиг цаас боловсруулах гэхээсээ илүүтэй бүтээж босгох, бодитойгоор үйлдвэрлэж, үйлчилгээг үзүүлэх ажил руугаа анхаарах хэрэгтэй болжээ. Энэ үүднээс яамны бодлого үйл ажиллагаа, түүний дотоод газруудын уялдаа зохицолдоог боловсронгуй болгох, эрчимжүүлэх тодорхой шаардлагууд байна. Мөн өнгөрсөн хугацаанд манай яамны системд алдаа дутагдал цөөнгүй гарсан байна. Үүний хамгийн том жишээ нь ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудал юм. Ногдсон ажилдаа хариуцлагагүй ханддаг, зарим талаар хууль зөрчсөн, ашиг сонирхолд хөтлөгдсөн, албан тушаалаа урвуулан ашигласан явдал гарсан. Энэ байдлыг таслан зогсоох тодорхой үүрэг чиглэл өгөгдсөн. Энэ ажлыг хугацаа алдалгүй шуурхай хийх ёстой. Мөн анхаарал хандуулж байгаа нэг гол асуудал бол энэ сарын 1-нээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн явдал юм. Бүхэлдээ Монгол төрийн мэргэшсэн чадавхыг сайжруулах, төрийн жинхэнэ албыг бэхжүүлэх зорилт хэрэгжиж эхэлж байна. Сая Засгийн газрын өргөтгөсөн хурал зохион байгууллаа. Түүгээр гурван асуудал хэлэлцлээ. Тэдгээр нь төрийн албыг бэхжүүлэх, үр бүтээлийг нэмэгдүүлэх, зардал чирэгдлийг бууруулах тухай байв. Төр бүхэлдээ ард иргэддээ үйлчилж ажиллана гэдэг концепци руугаа анхаарал хандуулж байгаа үе гэж тодорхойлж болно. Ийм бодлогын үүднээс асуудалд хандаж ажиллаж байна. Харьяа газар болон яамдынхаа салбар нэгжийн ажилтайгаа танилцсан. Хамтран ажилладаг олон улсын байгууллага, хоёр талын хамтын ажиллагаатай улсын Элчин сайдуудтай уулзаж, хийж байгаа ажлынхаа тухай дүгнэж, ойрын үед хийхээр төлөвлөсөн зүйлүүд дээрээ байр сууриа нэгтгэж, нэгдмэл байр суурьтай болж байна. Ингээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ жилийнхээ төлөвлөгөө, зорилтыг оны эхнээс эрчимтэй хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан орсон.
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам сайдгүйгээр багагүй хугацааг өнгөрөөсөн. Энэ хугацаанд ажил цалгардсан зүйлүүд танд ажиглагдав уу?
-Тус яам хоёр сар гаруй хугацаанд сайдгүй байлаа. Энэ хугацаанд ажил цалгардаж, засаглалын хомсдол бий болоогүй гэж би хувьдаа үзсэн. Учир нь оногдсон ажлуудаа бүгд л хөөцөлдөж, боломжийн хэрээр амжуулж байсан сайн тал байна. Мэдээжийн хэрэг тулгамдсан, шийдэх ёстой ажлууд нэлээдгүй хуримтлагджээ. Сайд гэдэг хариуцлагатай том субьект шүү дээ. Сайд салбарыг тэргүүлдэг. Төр, засгийн бодлогыг тухайн салбарт зохион байгуулах ажлыг удирдаж, уялдуулан зохицуулж, төрийн албан хаагчдын үр дүнтэй ажиллах бололцоо нөхцөлийг хангаж өгдөг. Төсөв хөрөнгийг нь хуваарилж олгодог. Өөрөөр хэлбэл, ажил хийх баталгааг нь хангадаг гэсэн үг. Энэ утгаараа сайдгүй байсан хоёр сарын хугацаа тодорхой боломж, төлөвлөсөн ажил амжуулах цаг хугацааг алдсан гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ нэг сайн тал нь цаг агаарын байдал харьцангуй тааламжтай байлаа. Энэ жилийн ургац хураалтын байдал тун боломжтой. Малын өвчин гарсангүй. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн салбарт ихээхэн тулгамдсан зүйл болоогүй байна.
-Таныг сайд болох үед Ж.Мөнхбат тэргүүтэй залуу гишүүд “Төрийн сайдаар удаа дараа сонгогдож ажилласан хэрнээ залуучууддаа боломж олгож, зөвлөж өгөөд суусангүй. Албан тушаалын хойноос шуналаа” гэх шүүмжлэлийг хэлж байсан л даа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Яахав улстөрч хүн бол сайшаал, шүүмжлэл хоёрын дунд л байдаг шүү дээ. Үүнд нэг их эмзэглээд байх явдал байхгүй. Сургамж авах нь л чухал. УИХ-д сууж байгаа ахмад гишүүд амаа хамхиад, дуугүй сууж хэн нэгнийг отож хүлээгээд, боломж гарангуут энэ тэрүүгээр гүйлдээд байгаа асуудал байхгүй. Энэ бол сэтгэлийн хөөрлөөр өнгөцхөн хэлсэн дүгнэлт гэж бодож байгаа. Бид тодорхой хугацаанд төрийн ачааллыг үүрээд, хариуцлагаа ойлгож, ухамсарлан ажиллаад, дадлага туршлага, капитал хуримтлуулчихсан хүмүүс юм. Хэрвээ бидний 2016 оноос бүлэг, байнгын хороо, намын Удирдах зөвлөл, чуулганы хуралдаан дээр хэлж, зөвлөж байсан асуудлуудад анхааралтай хандсан бол ийм алдаа дутагдал гаргахгүй байх бүрэн бололцоо байсан. Бид дуугүй суудаг хүмүүс биш. Бүх зарчмын асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Илэрхийлэхдээ зүгээр л танин мэдэхүйн асуудал ярьдаггүй. Бид асуудыг оновчтой, зөв шийдэх механизмыг дандаа гаргаж тавьдаг. Тийм учраас аль, аль талаас нь ойлгох нь зөв байх. Ер нь тэдэн оныхон хойшоо, урагшаа гэх байдлаар асуудалд хандах хэр оновчтой зүйл байдаг юм болдоо. Би үүнийг сайн ойлгохгүй байгаа. Асуудалдаа мэргэжлийн үүднээс л хандах ёстой. Тэр шүүмжлэлийг хаана, хаанаа бодох ёстой шүү.
-Парламентад олон сонгогдсон, туршлагатай гишүүний хувьд эрх баригч намын дотоод хагарлыг юу гэж дүгнэж байгаа вэ?
-Бүгдээрээ л харж байгаа шүү дээ. УИХ хоёр сар завсарласан. Яам хоёр сар сайдгүй байсан. Тодорхой боломж, хугацаа алдсан. Илүү их зүйл амжуулах боломж байсан. Би инженер, эдийн засагч хүн. Эдийн засгийн байгууллагад олон жил ажилласан. Миний хувьд энэ ажлыг үүнээс илүү хийх боломж байсан уу гэдэг шалгуураар асуудалд ханддаг. Тийм байдлаар асуудалд хандаж байх ёстой. Ингээд үзэх юм бол өнөөдрийнхөөс ч илүү ажил амжуулах боломж бидэнд байсан. Үүнд бид дүгнэлт хийх хэрэгтэй. Юу, юугүй МАН хагарлаа, бутарлаа гэж дуулиан, шуугиан болох хэрэггүй байх. МАН бол том систем. Систем дотроосоо өөрийнхөө алдаа дутагдлыг ил гаргаж, түүнээсээ цэвэршиж байгаа процесс гэж ойлговол арай л өөр дүгнэлт гарах байх. Хэрвээ үүнийгээ нууж, хаагаад бүгдээрээ бөмбийгөөд байсан бол алсдаа ямар байдалд хүрэх вэ. Засч, залруулж болохгүй байдалд хүрчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ бол зүй ёсны хийгдэх ажлууд хийгдэж байна гэж бодож байна. Аливаа зүйл үнэн төрхөөрөө, байгаа байдлаараа байх нь хаана хаанаа дээр шүү дээ. Зохиомол багтай байгаад хэрэггүй биз дээ.
-Намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй чухал асуудлууд цөөнгүй бий. Ээлжит бус чуулган зарлаж эдгээр асуудлуудыг хэлэлцэх нь зөв гэсэн Ерөнхийлөгчийн саналыг та дэмжиж байгаа юу?
-Шийдэх ёстой олон асуудал байна. Энэ асуудлуудаа хэлэлцэж шийдмээр байна. Тодорхой салбар хариуцсан хүний хувьд Татварын багц хуулиудаа хэлэлцэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тендерийн хуулийг аль өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг яаралтай баталмаар байна. Энэ оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ шүү дээ. Түүнээс өмнө тендерийг шалгаруулаад гүйцэтгэгчээ сонгочихосон байж байвал энэ оны ажил эрчимтэй, хурдацтай явна. Гэтэл хууль нь ч гарахгүй удаашраад байхаар нөгөө л хуучнаараа алдаа, дутагдал хэвээрээ үргэлжилнэ. Шахаж хэлэлцэх асуудлууд олон байна. Тэгэхээр зайлшгүй сунгаж, эсвэл ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хэлэлцэх хэрэгтэй. Хуульд зааснаар намрын чуулган ажлын 50 өдөр хуралдаад завсарлах ёстой. 50 хоног хуралдчихсан. Гэхдээ завсарлаад явъя гэхээр хийх ажлууд их байгаад байна шүү дээ. Миний хувьд ажлаа хийх ёстой гэж бодож байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлт хийхээр яригдаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?
-Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Үндсэн хууль дээр нэлээд ажиллах байлгүй. Хөнгөн шуурхай хэлэлцдэг асуудал биш шүү дээ. Тэр тусмаа ороо бусгаа, сарнимал үзэл бодол нь цэгцрээгүй байгаа үед энэ том асуудлыг хэлэлцэх боломж арай бүрдээгүй болов уу. Үргэлжлүүлж ажиллах байх гэж бодож байгаа.