Categories
мэдээ цаг-үе

“Алтай” туужаараа арслангуудын дэвжээнд дэлссэн “эрийн хуйх”

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН 90 ЖИЛИЙН ИХ ОЙД


Дэлхий дээр сүүлчийн ганц эсгий хот байв. Тэр бол Баянхонгор. Наян хэлийн шувууд чуулдаг Баян гэдэг нуурын урд талд сүндэрлэсэн Хонгор гэдэг хайрханы өвөрт төвхнөөд 30-аад жил болсон залуу хот гэнэт Түйн голын хөвөөнд нүүж очсон царай нь тэр! Арван зургаан ханат өргөө, 5 ханат гэр, гурван ханат банаг, хоёрхон ханат овоохой нийлсэн 2000-гаад гэрээс аймгийн төв бүрджээ. Аймгийн захиргаа, намын хороо ч гэрт. Албан газар, эмнэлэг ч мөн адил гэрт. Тэр ч байтугай мөнгөтэй банк, хоригдолтой шорон нь гэрт. Тийм үед 1000 шахам сурагчтай сургууль мэдээж бас гэрт. Би тэгэхэд толгой хүндрүүлдэг тоо, томьёоны ухаан биш, урамс бадраадаг уран зохиол, хийморь сэргээдэг хэлний хичээл заадаг багш байв шүү. Энэ өдрийн хичээлд би “Пионерийн үнэн” сонины шинэ дугаар авч яваа нь учиртай. 1962 оны аравдугаар сарын 17-ны өдрийн эл сонинд нийслэлийн IV бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Т.Баасансүрэнгийн “Намар” шүлэг хэвлэгдсэн байлаа.

-Дүү ангийн чинь бацаан ийм шүлэг бичжээ. Та нар чадах уу? гэж шавь нараа өдөөгөөд -Юун төлөө та нар тэр жаалаас нас ах билээ, том анги билээ? Уран чадвараар илүү байх ёстой.

Ногоон модны саглагар навчис

Сэвэлзэх салхинаа найган ганхана

Улаан бүч түүнийг дуурайн

Сэрүүн салхинд хийсэн дэрвэнэгжээ, ямар байна? Энд мод байна, салхи байна. Ногоон, улаан өнгө байна. Та нарт би тусалъя, энэ сайхан шүлгээс илүү гарсан шүлэг бич. Та нар чадна. Яруу найрагч Д.Гомбожав салхийг:

Хээрийн шаргал хялганыг

Гэлжгий болтол алгадна гэж бичсэн. Мундаг уу? Мундаг.

Яруу найрагч Р.Чойном:

Баяраар хатгасан тугнууд

Байж ядталаа дэвхэцнэгэж бичсэн.

Ямар вэ? Туг галзуураа юу? Дүрсэлж чадах гэж үүнийг хэлдэг юм гэх мэтээр бяцхан шавь нарынхаа хорыг нь маажаад “намар” шүлэг бичүүлэх зорилго өвөрлөн 5а ангийн гэрийн гадаа очсон юм. Гэтэл хүүхдүүд нирхийтэл инээлдэж байх юм.

-Батбаяр аа, дахиад уншаач гээд алгаа ташиж байна.

-Шавь нар минь юунд ийнхүү баясан инээлдэнэ вэ? Би ангид орвол тэднийхээ хөөрүү инээдэнд саад болно шүү дээ гэж бодоод зогтусан түр хүлээтэл: Батбаяр шүлэг уншиж байна. Энэ бол хагас сайны онгоцоор аймгаас ирсэн “Залуучуудын үнэн” сонинд хэвлэгдсэн миний “Тамирчин” гэдэг 8 мөрт байна.

Тамирчин хүнийг харахуйяа

Цаанаа нэг хийморьлог

Тавин нас хүрсэн ч

Хорин тавт шиг жавхаалаг гэж эхэлдэг юм л даа.

Гэтэл 12-хон настай алиа цалгиа ихтэй шавь маань

Тамирчин хүнийг харахуйяа

Цаанаа их хийморьлог

Тангадын Галсанг харахуйяа

Наанаа нэг хамарлиг

гэж уншиж байх юм. Би ч бас тэсгэлгүй инээсээр ангид явж орлоо.

Батбаяр булт үсрэн хөшигний араар нуугдав. “Ардын багшийг ам хэлээр доромжилсон хэрэгт орно. Алган боов амсах юу ч биш” гэж айсан бололтой.

Би Батбаярыг дуудан хөшигний араас гаргаад ангийн бүртгэл /журнал/ дээр “Батбаяр онц онц” гэж 5 удаа давтаад, “энэ улирлын дүн чинь гарлаа. “Онцсайн”, хүүхдүүдээ баяр хүргэцгээ гэж билээ.

Нийслэлийн нэгэн бага сургуулийн сурагчийн шүлэг Баянхонгорын дунд сургуулийн нэгэн цагийн хичээлийг яруу найргийн баяр болгож хөгжсөөнийг юунд дурдана вэ гэвэл,

-Та нар хараарай. Т.Баасансүрэн гэдэг тэр хүү М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд Н.Нямдорж шиг, Ш.Цогт шиг уригдан суралцана. Дэвжээндээ байтугай дэлхийд монголын алдрыг дуурсгасан яруу найрагч болно гэж хийрхэн хийморийн дарцаг дэрвүүлж билээ. Гэтэл би зөнч Ванга биш учир, Ерөнхийлөгчийн үзмэрч Дашцэрэн шиг дэгсэджээ. Т.Баасансүрэн яруу найрагч биш, үргэлжилсэн үгийн зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн болжээ. Энэ нь хоёр зүйлийн уг сурвалжтай байх.

Нэгдүгээрт, Монголын бүх авьяас билиг анхандаа шүлгээр эхэлдэг. Хоёрхон жишээ татъя. Ардын журамт цэргийн дөрөвхөн хороон даргын нэг, Богд хаант Монгол Улсын баатар Сумъяа бэйсийн хүү, “дэлхийн киноны нэвтэрхий толь”-д Монголоос анх дурдагдсан Р.Доржпалам шүлэг бичдэг байжээ. Түүнийг МАХН-ын Төв Хорооны боловсон хүчин дуудаад: “Кино найруулагчийн сургуульд яв” гэжээ. Доржпалам хүү татгалзжээ. Учир нь тэрбээр “кино найруулагч гэдэг хүн олон дугуй хайрцагтай кино зөөж авчирдаг байх. Бөлөгийн дэс дарааллаар нь зөв өрж кино гаргахад тусалдаг байх” гэж боджээ. Гэтэл мөнөөх том дарга “Үг найруулж, шүлэг бичдэг хүн л кино найруулж чадна” гээд тэрхүү нандин сайхан мэргэжил зүг Доржпаламыг томилсон аж. Үг найруулах дасгалыг шүлгээр эхэлсэн Доржпалам “Тунгалаг Тамир” кино туульсаас миний зохиолоор бүтээсэн “Мөнгөн буйл” хүртэл олон арван кино бүтээснийг соёлтой уншигч та юу эс андах вэ?

Тийм ээ, монгол авьяас билиг шүлгээр эхэлдэг. Цаашдаа уран бүтээлийн өөр төрөлд “урвах” нь буй.

Хоёрдугаарт,Ховд аймгийн Баасансүрэнгийн уран бүтээлийн багш нь Өвөрхангайн Д.Намдаг байжээ. Төрийн хошой шагналт тэр егөр бичээч “Тугтай чарга” шүлгийн түүврээрээ утга зохиолд орж ирсэн Дэмбээгийн Мягмараар жүжгийн тайзнаа “найрын ширээний ууц” тавиулж, бэсрэгхэн үгүүллэгийн уран дархан болж байсан Дарамын Батбаярыг жүжиг, киноны их зохиолч болгосон гээд бод.

Донровын Намдаг гэдэг дорно өрнийн хос соёлын их багштан. Баасансүрэнг “томоогүй шүлгийн жараахай биш, том агуулгатай туульсын зохиолын тул бариулах” мөрөн өөд хөтөлжээ.

Багшийн итгэлийг шавийн зүтгэл юунд хүргэснийг Т.Баасансүрэнгийн туурвисан “Монетон бөгж”, “Хар хорхой ба бөөн шоргоолж”, “Дэлхий минь, өлгий минь” зэрэг олон өгүүллэг, “Өвгөн цохио”, “Нүдэн булаг”, “Алтай” зэрэг олон тууж, “Тэрбумтан”, “Уулс, үүлс, туульс” романууд батална.

2004 онд миний бие хойд их гүрнээр аялах үедээ хуучнаар Сталинград, шинээр Волгоградын номын дэлгүүрт ороод орос орон хүчирхэгжин мандаж буйг дэлхийн уран зохиолыг дэлгэж тавьсан дэлгэр цараа хүрээнээс нь ажиж билээ.

Тэр дунд монгол уран зохиол орос хэлнээ байхыг харан бахадсаны дотор Тугалхүүгийн Баасансүрэнгийн “Тэрбумтан” роман, “Өвөл нахиалсан мөчир” өгүүллэг, туужийн түүвэр байсныг яана!

Саяхан социалист байсан Монголд шинэхэн капиталистууд хэрхэн төрж бойжиж, өсөж хөгжиж, эерэг эсрэг шинж нь илэрч буйг зурагласан сонин романыг миний багшийн нэг Ц.Дамдинсүрэнгийн охин Анна Цендийна орос хэлэнд орчуулан хүргэсэнд нэн баярлаж билээ. Сүүлд “Алтай” тууж нь бас орос хэл дээр гарсан. Хасбаатарын Мэргэн хөрвүүлсэн байсан.

Монгол нутгийн хайрхануудын хаан-Алтайн тухай бичээгүй зохиолч, яруу найрагч үгүй гэж мөрий тавьсан ч болно. Энэ бол монгол зохиолчийн хувьд аав ээж, амраг хань, хайр энэрэлтэй адил мөнхийн сэдэв юм.

Бичиг үсэгтэй болохоос урьд билиг авьяаст туульчдын зохиосон “Монгол Жангар” хүртэл “Алтай хайлах”-аар эхэлдэг. Тэнд үгүүлэгдэж буй Алтай нь уг туулийн удиртгал симфони төдийгүй, үйл явдал өрнөх цаг түүхийн цэнхэр алаг дэлгэц болдог билээ.

Эзэн хааны шарилын өлмий доор эмгэнэлийн шүлэг хайлсан Гилгүдэй найрагчас арай дүүмэдхэн, билиг авьяасаараа бидний үеийнхэнд ахлуухан Рэнцэнгийн Чойном 70 жилийн тэртээ:

Алтай-цайдам эх нутгийн минь мөнгөн дагина

Алтай –цагийн харуулд зогсоо мөнхийн багана

Алтай –монгол нисгэгчийг шалгасан ёслолын хаалга

Алтай-монгол дуунд уярсан баатрын дуулга гэж Алтай хайрхандаа уянгын сэржим өргөсөн сөн.

Сэнгийн Эрдэнэ Алтайг солонгон задралаар өнгө ялгаж хөрөглөсөнсөн. Арав арван жилийн зайтайгаар “Алтай”-г зураглан хөрөглөсөн Р.Чойном, С.Эрдэнэ, Т.Баасансүрэн гурвын бүтээл: сэдэв нь нэг атлаа, урлах эрдэм, агуулгын цараа, алсч хатираа нь өөр өөр байв.

Т.Баасансүрэн: “Алтай” тууждаа, улс төрөөс хамаарал багатай, унасан нутаг-Алтай, уудаг ус-нүдэн булагтайгаа амьдрал нь, аз жаргал нь үндэс цэцэг хоёр шиг үүрдийн холбоотой хүмүүсийг бичсэн билээ. Өөрөөр хэлбэл энэ тууж уулын хөрөг биш, Алтай нутгийнхны давтагдашгүй нандин, цэвэр ариун амь зуулга, хүн жудаг, ёс жаягийн өнгөт өргөн дэлгэц болсноороо Баасансүрэнг эх утга зохиолын их арслангуудын дэвжээнд дэлүүлсэн болой. Ар өвөрт нь нүүдэллэн аж төрдөг ард түмэн нь Алтайгаа тэнгэрийн диваажин гэж итгэдэг. Араатан гөрөөсийг нь үргээх байтугай, аравгар гүрвэлийг нь ч адуу малын туурайд гишгэгдэх вий гэж айн залбирч авран хамгаалж байдаг тэр сайхан энэрэнхүй соёл энэ туужид бий.

Айлын өвгөн уул ч юм шиг, Алтай хайрхан нь хүүхэд ч юм шиг шүтэн барилдлагатай тэр сайхан ёс одоо байна уу? Үгүй юу?Баасансүрэнгийн “Алтай” туужийн үнэ цэнэ, им тамга үүнд оршино.

“Их бичгийн хүмүн та эхлээд иргэн байх өртэй” гэж Оросын их яруу найрагч Н.А.Некрасовын тунхагласан зарлигаар авч үзвэл Баасансүрэн төрд зарагдсан төмөр зарцын нэг болжээ. Гэхдээ боол-зарц биш, бодлоготой, болгоомжтой үйлс өөдрөг бээл, бэйсийн нэг болсныг яана!

1987 оны зун Монголын Сэтгүүлчдийн холбоо намайг дуудав. Тэмээчин, ямаачин зэрэг малчин үеэ төгсгөөд, махкомбинатын ясчин, АПУ-гийн ачигч зэрэг ажилчин дамжаагаа төгсгөөд Ардыг гэгээрүүлэх яамны сонин сэтгүүлийн хичээнхүй (хариуцлагатай нарийн бичгийн дарга) алба хашдаг сэхээтэн болсон цаг байв.

Шүлгийг нь хүүхдэд заасан, туужийг нь тоож уншсан эрхэм маань Монголын сэтгүүлчдийн холбооны дэд дарга юмсанжээ.

Тэрбээр надад 2 хуудас цаас өгөв. Нэг дэх нь ЗХУ-аар МОНЦАМЭ-гийн Г.Баатарчулуун тэргүүт 3 сэтгүүлчийн хамтаар аялж өөрчлөн байгуулалтын сэдэвт тэмдэглэл, найруулал, сурвалжлага бичих, улмаар ном болгож хэвлүүлэх “гэрийн даалгавар”.

Нөгөө нь Л.И.Брежневийн бичсэн “Их газар”, “Бага газар” Краснодарийн хязгаар, улмаар Зөвлөлт Таджикстанаар аялан сурвалжлах томилолт ажээ.

Тавин зургаа хүрсэн хойно минь хилийн дээс алхах эрхийг бэлэглэсэн хүн бол дарга Т.Баасансүрэн байв. 1990 онд нэг удаа Монголын Сэтгүүлчдийн холбоонд хүрч очвол “Баасансүрэн огцор” гэсэн тулган шаардах бичиг бариад Баасансүрэн шиг хүн сууж байх юм. Ийм тулгалтанд ихэнх дарга сандардаг. Даралт нь дарвалздаг. Тамгаа өвөртөлж зугтдаг даа. Тэр ч байтугай “эмнүүлнэ” гэдэг шалтгаар эх орноосоо дүрвэдэг ч удаатай.

Баасансүрэн тэгдэг цэвдэг тэнэгийн нэг биш ажээ. Хамаг нандин номоо хайрцаглаад, нүүхэд бэлдэн сууж байлаа. Багахан биетэй ч, бачуухан дотортон биш ажээ. Нэг мэдэхэд Монгол Улсын анхны парламент-УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга болоод дэвшчихсэн байсан. Хэдэн жилийн дараа Польш хэмээх улсад Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар одсон дуулдсан.

Ийм уужуу дотортой өөртөө чадалтай хүнийг СГЗ Галсангийн Жамьян “Эр хүний хуйх” гэж хэлэх дуртай.

Баасансүрэн хэмээх “Эрийн хуйх” тэр цагаас хойш зүгээр огт суусангүй. Монголын сэтгүүл зүйн 100 жилийн өвийг онгичиж, үнэнийг нээсэнтэй хэн ч маргаж чадахгүй. Би “ардчилсан хувьсгалын алтан хараацай”, “Миний сэтгүүл ардчилсан хэвлэлийн анхдагч” гэж ханхалзагчид олширсон үед “Чөлөөт ардчилсан хэвлэлийн ууган нь “Шинэ толь” сэтгүүл шүү, эцэг нь Цэвээн Жамсранов шүү гэдгийг баталж, хөөрөн хөвсрөгчдийн яг духан дээр нь хөх булдруу гартал цоходсон эрийн хуйх бол Баасансүрэн. “Монголын нууц товчоо” уран зохиолын ховор нандин дурсгалт бичиг мөнийг Шанжмятавын Гаадамба багш маань дэлхийд анх баталсан гавьяатай. Цэндийн Дамдинсүрэн ахайтан “Монголын нууц товчоо” монголчуудын түүхийн, монгол хэлний охь дээж мөнийг тодорхойлсон. Эрдэмтэн Дожоогийн Цэдэв “Бэлгэдэл зүйн нэвтэрхий толь” мөнийг нь нотолсон.

Гэтэл Баасансүрэн “Монголын нууц товчоо-нийтлэлийн дурсгалт бичиг мөн”-ийг дэлгэснээр манай үндэсний сэтгүүл зүйн хомсхон ойлголтыг мянган жилээр урагшлуулан тэлсэн нь нээлт гэмээнэ нээлт мөн дөө. Бас төрөөс сохор зоос гаргалгүйгээр “Монголын шилдэг нийтлэл”-ийн цуврал 99 ботийг гаргасан. Энэ бол улс төрийн дамчид хийж чадах ажил, ухаж чадах уурхай биш.

Өвгөн бичээч миний бие “Монголын Зохиолчдын Эвлэл” гэдэг сайхан намын гишүүн. Манай нам бол алба тушаалын донтон, авах идэхийн донтонгуудын намуудаас онхи өөр. Авьяас билигтнүүдийг олж, шилж ариун эгнээндээ жагсаадаг нам шүү дээ. Эх орноо идэхийн дон энэ намын гишүүдэд үгүй.

Эх хэл, бичиг соёлоо яаж хөгжүүлэх вэ? Түмэн үеийн өв соёлоо хойч үед түүчээлэн яаж хүргэх вэ гэсэн нэгдмэл бодлого, нэгэн санаатай.

Их Нацагдорж, С.Буяннэмэх, Бямбын Ринчен, Ц.Дамдинсүрэн тэргүүтний байгуулсан тэр намд элсэх гэж 5 удаа өргөдөл өгөөд, эхэндээ гологдож 1960 оны үеэс улс төрийн талаар сэрдэгдэж яг элсдгийнхээ даваан дээр цөллөгт одож 54 нас хүрсэн хойноо Зохиолчдын Эвлэл гэдэг гэгээн үйлст намын гишүүн болж билээ.

Ийм өндөр босготой намд тоогдон элсэгсдийн ихэнх нь уран бүтээлээ шүлгээр эхэлсэн байдаг. Энэ нь угаасаа монгол гэдэг яруу найрагч ард түмэн лүгээ шууд холбоотой. 1962 оны аравдугаар сарын 17-ны “Пионерийн үнэн”сонинд шүлгээ нийтлүүлсэн нийслэлийн IV бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Т.Баасансүрэнгийн уран бүтээлийн гараа, хатираа, бариа, царааг шинэ мянганы хориод оны өндөрлөгөөс дурандахад иймэрхүү дүр төрх дурайж байна. Манай зохиолчид дунд манлайлагч олон, тэдний нэг нь Тугалхүүгийн Баасансүрэн яах ч аргагүй мөнөөсөө мөн шүү!

Тангадын Галсан (Монгол Улсын ардын уран зохиолч)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *