Categories
мэдээ цаг-үе

П.Оюунчимэг: Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй уулзаж ярилцлаа.


-Өнөөдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой болж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос нэлээд олон ажил хийж байх шиг байна. Энэ жилийн хүний эрхийн өдөр ямар онцлогтой вэ?

-Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай өдөр. Энэ 70 жилийн ой нэг талаараа баяр юм, яагаад гэвэл хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүн гэдэг эрхэмсэг оршихуй ямар эрхтэй вэ гэдгийг бичмэлээр, цаасан дээр бичээд түүнийгээ дэлхий нийтээр тунхаглан зарласан гэдэг утгаараа баярын өдөр. Энэ 70 жилийн хугацаанд хүний эрхийн нөхцөл байдал ямар түвшинд байгааг авч үзвэл дэлхий дээр 200 гаруй улс орон өөр шашинтай, өөр хэлээр ярьдаг, өөр зан заншилтай, өөр соёлтой ч нэг зарчим үйлчилдэг. Тухайн улс орон өөрийнхөө үндсэн хууль болон бусад органик хуулиудаараа дамжуулаад Хүний эрхийн түгээмэл тунхаглалын бүхий л зүйл заалтыг нийгмийн болоод эрх зүйн харилцаанд оруулж эхэлж байна. Хүний эрхийн зөрчилгүй ямар ч улс байхгүй. Хүн байгаа цагт зөрчил заавал байдаг. Харин тэр зөрчлийн түвшин ямар хэмжээнд байгаагаас шалтгаалаад хүний эрхийн үнэлэмж тогтож байдаг. Хүний эрхийн зөрчил хуулийн зөрчлөөс ялгаатай. Төр, иргэн хоёрын дундаас энэ зөрчил үүсдэг. Хүний эрхийн зөрчлийн харилцааг зохицуулах субьект нь төр өөрөө байдаг. Төр иргэдийнхээ эрхийг хуулиар дамжуулж хамгаалах ёстой. Баталж байгаа хууль дүрэм нь хүний эрхийг хамгаалаагүй, зөрчсөн шинжтэй бол тухайн хуулийн хүрээлэл, үйлчлэл тухайн улс оронд хүний эрх ярих ямар ч боломжгүй.

-Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжөөд багагүй хугацаа өнгөрчээ. Та энэ байгууллагыг байгуулагдахад эхнээс нь ажилласан хүний хувьд өнөөдөр ХЭҮК хэр бэхжиж чадсан гэж үздэг вэ?

-Манай улс 1990 оны хувьсгал гараад анхны ардчилсан хууль буюу хүний эрх, эрх чөлөөг анх удаа баталгаажуулж өгсөн байдаг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиас даруй найман жилийн дараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсан. Бид Үндсэн хуулиндаа хүний эрхийн зүйл заалтуудыг оруулчихлаа, одоо дэлхий нийтийн жишгийн дагуу хүний эрхийн үндэсний байгууллагыг байгуулах ёстой хэмээн тухайн үеийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрмаа, Ц.Оюунбаатар нар санаачилж, санал болгож, энэ хоёр хүн нэлээд идэвхтэй хөөцөлдөж, парламентын түвшинд гаргаж тавьсан нь яах аргагүй үнэн юм. Мэдээж хуулийг хийхэд энэ байгууллагын тухай ойлголт, туршлага хомс учраас Австралийн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн асан, Шведийн Их сургуулийн профессор Брайн Бурдекиний оролцоо маш өндөр байсан. Бүс нутгийн хэмжээнд Монгол Улс Хүний эрхийн байгууллага байгуулахаар шийдсэн бол Парисын зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой гэж хуулийн төслийг боловсруулж байсан. 2000 онд хуулиа батлаад, 2001 онд Хүний эрхийн үндэсний байгууллагыг гурван гишүүн, Ажлын албатайгаар нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Саяхныг хүртэл бид 20-н хэдүүлээ байлаа. Өнөөдөр 21 аймагт нэг нэг ажилтантай 40-н хэдүүлээ болсон байна. Одоо эргээд харахаар манай хяналт шалгалтад хамрагдаагүй салбар, илрүүлээгүй зөрчил ховорхон. Үндсэн хуулинд бичигдсэн бүхий л эрхийн хүрээнд бүх л салбарт хүний эрхийн үйл ажиллагаа чиглэж чадсан гэж хэлнэ. Ингэж хэлэх шалтгаан нь нэгдүгээрт, ХЭҮК-ын үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөн, хоёрдугаарт, манай ажилтнууд ямар нэг хязгаарлалтгүйгээр ажиллах нөхцөл боломжоор хангагдсан.

-ХЭҮК-ын тухай хуулийг өөрчилж шинэчлэх шаардлагатай юу. ХЭҮК-ыг “шүдгүй арслан” гэж олон нийт шүүмжлэх хандлагатай байдаг нь эрх зүйн зохицуулалттай нь холбоотой юу?

-Хувь хүн ч, байгууллага ч хуулийн дор ажиллаж, амьдрах ёстой. Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг гэдэг. Бусад байгууллагатай харьцуулахад манай ХЭҮК-ын тухай хуулинд 18 жилийн хугацаанд нэг удаа ч нэмэлт, өөрчлөлт орж байгаагүй. Хуулинд заачихсан, хэрэгжихгүй зүйл зөндөө байна. Нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай зүйл олон. Жишээлбэл, ХЭҮК-ын Ажлын албаны үйл ажиллагааны талаар хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл манай гол хүч бол Ажлын алба. Хүний эрхийн үндэсний байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь хуулиар хаалттай байдаг. Манай хуулинд зааснаар бол шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэгтэй танилцаж болно гээд заачихсан байдаг. Гэтэл нийгэм юуг шаардаад байна гэвэл хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийгөө хамгаалуулах сонирхол их байдаг. Гэтэл хуулиар хориотой учраас ХЭҮК шууд оролцох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр шаардлагатай тохиолдолд ХЭҮК-ын гишүүдийг оролцуулах зохицуулалт зарим улс оронд хийсэн бий. Гэтэл манай органик хуулиудад үүнийг уялдуулаагүйгээс хүндрэл гарч байгаа.

-Хүний эрхийн хамгаалагчийн ажлын арга барил бусдаас өөр үү?

-Хүний эрхийн хамгаалагчид хоёр зүйл байх ёстой. Нэгдүгээрт, зоригтой байх ёстой. Асуудлыг хэнээс ч айхгүйгээр шалгадаг, гаргаж тавьдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрсдэлээ тооцдог байх ёстой. Ийм эрсдэлийг туулаад гаргах үр дүн ийм байна гэдгээ тооцож чаддаг байх шаардлагатай. Түүнээс биш явцын дунд өөрчлөгдөх байлгүй дээ гэж гарч ирж хаясан, зорилго, үр дүнгээ тодорхойлоогүй хүний эрхийн ажил сенсаци тарихаас цаашгүй.

-Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой гээд байгаа нь ямар учиртай юм бол?

-Нас, хүйс, мэргэжил мэдлэгээс үл хамааран хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх бүрэн боломжтой. Ийм байхын тулд заавал хуульч, хүний эрхийн байгууллагад ажилладаг байх албагүй. Хамгийн том хүний эрхийг зөрчигч нь төр байдаг. Хууль өөрөө зөрчилтэй бол хүний эрхийг зөрчинө. Жишээлбэл, 1982 онд АНУ-д цаазын ял хэрэглэдэг байсан бөгөөд ялыг гүйцэтгэхдээ химийн тариа хэрэглэдэг байж. Нэг удаа алдаа гарган 30 минут хүнийг тарчлаан зовоож үхэлд хүргэсэн нь нийгэмд шуугиан тарьж, эсэргүүцэлтэй тулгарсан байдаг.

-Хүний эрхийн Үндэсний Комисс төрийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон иргэдийн хохирлыг төрөөс нэхэмжилж, шүүхээр шийдвэрлүүлдэг. Иргэн Эрдэнэ-Очирын хэрэг, Фүүдлэндийн манаачийн амийг хороосон хэрэгт хилсээр хоригдож, ял авсан хүмүүсийн эрхийн зөрчлийг арилгуулсан, урд хөршид хүүхдээ барьцаанд үлдээсэн асуудал зэргийг гаргаж ирж, хөндсөн хэрнээ яагаад мэдээлдэггүй юм бэ. Хувь хүний нууцтай холбоотой юу?

-Ерөнхийдөө тийм гэж ойлгож болно. Иргэн Эрдэнэ-Очирын кэйс нь ХЭҮК-д төрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хүний эрх хохирсон анхны нэхэмжлэл байсан юм. Иргэний нийгмийн байгууллагууд ч хүчтэй дуу хоолойгоо нэгтгэж ажиллаж байсан. Би энэ гомдол дээр 1.6 жил ажилласан. Яагаад гэвэл Монголын түүхэнд анх удаа төр иргэнээ хохироосон хохирлыг барагдуулах хамгийн анхны нэхэмжлэл байсан юм. Эрүүл мэндийн хохирлыг шүүхээс барагдуулаагүй учраас Эмнести Интернэшнл Олон улсын байгууллагаас Монголын төр иргэнийхээ эрүүл мэндийг тоохгүй байгаа бол бид хариуцъя гэж мэдэгдэж байсан түүхтэй. Хууль шүүхийн практикт ч анхны тохиолдол байсан. Харин Фүүдлэндийн хэрэгт нэлээд олон хүнийг сэжиглэн гурван жил шалгагдаж, гурван жил хоригдоод, гурван ч удаа цаазын ял төлөвлөөд цагаатгагдсан байсан. Тэдний нэг нь хоригдож байгаад гарч ирээд 19 хоногийн дараа нас барсан байдаг. Талийгаачийн ээжийн гаргасан гомдлын дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн үед шүүх нас барсан иргэний амь насыг найман сая төгрөгөөр үнэлж, нөхөн олговор олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Хүний эрхийн асуудлыг тэр болгон сенсацилаад, алдар хүнд олох зорилгоор ашиглаж болохгүй эмзэг асуудал байдаг. Жишээлбэл, хүчин гэмт хэргийн хохирогч болсон охины асуудлыг нэг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр овог, нэр, сургууль, ангитай нь зарласнаас болж, хохирогч тухайн орон нутагт амьдрах, сургуульд явах боломжгүй болсон сургамжтай явдал бий. Үүнийг хүн бүр анхаарч байх ёстой юм.

-Таныг Зүүнхараагийн хорих ангид шалгалтаар очоод нэг хоригдолд бөөс захиж, шалгалтын дүнг танилцуулахдаа нотлох баримт болгон харуулж байсан тухай сонсч байсан. Яг ямар үйл явдал болсон юм бэ. Нуугдмал зөрчлийг арилгахад хэцүү юү?

-Одоо бол хоол хүнс, ариун цэврийн асуудал дээшилсэн, тийм зүйл байхгүй гэж хэлж болно. Одоогоос 10-аад жилийн өмнө “нөхцөлийн эрүү шүүлт” гэдэг нэр томьёог бид гаргаж ирж, НҮБ-ын түвшинд томьёоллыг оруулж чадсан. Нөхцөлийн эрүү шүүлт гэж байдаг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хоригдол гэхээр малын тэжээл идэж, үмхий нүхэнд суух ёсгүй. Мэдээж тодорхой эрх хязгаарлагдана, гэхдээ залхаан цээрлүүлэлт амсах ёсгүй. Орон байр, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нь норм, стандартын дагуу байх ёстой гэж үзэж бид шалгалтаа явуулдаг. Өмнө нь асуудал байсан. Одоо өөр болсон. Тэр Зүүнхараагийн тохиолдол нь ганц удаагийнх ч биш, ер нь тухайн үед байсан нийтлэг зүйл. Бөөс биш, бясаа байсан юм. Шалгалтын явцад энэ төрлийн зөрчлүүд гарсан. Зөрчлийг баримтжуулж энэ явдлыг таслан зогсоож байлаа. Хорих ангиудаар яваад асуудлыг гаргаж тавиад байгаагийн учир нь тэнд төр хүний эрхийг хязгаарлаад төрийн хамгаалалттай байранд байлгаж байна. Төрийн үйлчилгээ тэнд байх ёстой. Бүх стандарт шинэчлэгдлээ.

-Эрх эрх гэж ярьсаар байгаад энэ хүмүүс үүрэг, хариуцлагыг сулруулчихлаа гэж шүүмжилдэг?

-Хуулиа мэдэхгүй хүн тэгж ярих байх. Эрх үүрэг хариуцлага нь үргэлж хамт дагалдаж явдаг ойлголт.

-Хүний эрхийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд мартагддаггүй кэйс тохиолдол олон байгаа байх. Онцолж ганц нэгээс нь яривал?

-Хүний эрхийн асуудлыг илрүүлэхэд мэдрэмж чухал. Төрийн хамгаалалттай байранд манай хүүхэд хоригдож байгаад нас барчихлаа гэсэн гомдлыг 2001 онд ХЭҮК-т ирүүлсэн байдаг. Түүнийг бид “Харамсалтай зүйл болжээ” гэхээс илүүтэй “Яагаад, юунаас болов” гэдэг үүднээс шалгасан, шалгах явцад тэр хүүхэд удаан хугацаагаар хоригдсоноос тураалын III зэрэгт орж нас барсан байдаг. Тэр үеийн хуулийн зохицуулалт, хугацаа урт байсантай холбоотой. 2002 онд “Хүний эрх, хөгжил төв” ТББ-тай хамтран хуулийн байгууллагуудын ажилтнуудын дунд хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголтын талаар тандалт судалгаа хийхэд ямар ч ойлголтгүй байсан. Дэлхий нийтэд хүний наймаа ид цэцэглэж, анхаарлын төвд орсон байсан үе. Нэг прокурортой энэ асуудлаар ярьтал “Хүн дэлгүүрт орохдоо мөнгө төлж бараа авдаг биз дээ” гэж хэлж байсан. Ийм л сэтгэхүйтэй байсан тэр үед. Бид 7-8 жил нийгэмд сурталчилсан. Нэг авууштай нь хуулийн байгууллагын 1200 ажилтанг энэ чиглэлээр бэлдчихсэн байтал 2008 онд нэг ээж охиныхоо тухай кэйсийг олонд дэлгэсэн. Ингэж уг асуудал хуулийнхны анхааралд өртсөн. Ер нь хүний эрхийн асуудлыг хүргэхэд хүн бүрийн оролцоо чухал. Өнөөдөр утааны асуудал зөвхөн Улаанбаатараар хязгаарлагдахгүй, үндэсний хэмжээний тулгамдсан асуудал боллоо гээд яривал их зүйл бий.

Мартагдахааргүй кэйс гэвэл зөндөө л олон байна. Хөвсгөл аймгийн харьяат нэг эмэгтэйг таван жил хэрэгт холбогдуулан хорьж, шалгасан байдаг. Шүүх түүнийг буруугүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ эмэгтэйн өмнөөс Хөвсгөл аймгийн сум дундын шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн, аймгийн сум дундын шүүх хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж эмэгтэйд учирсан хохирлыг боломжийн хэмжээнд шийдвэрлэсэн.

-Малайзад амиа алдсан иргэн Ш.Алтантуяагийн эсрэг хэрэгт манай улс нөлөө үзүүлж чадахгүй байна гэж шүүмжилдэг?

-Энэ дээр би 10 жил ажиллаж байна. Гадаад харилцааны яаман дээр ажлын хэсэг байгуулагдсан. Сайд солигдонгуут татан буугддаг, өөрчлөгддөг, ажил хаягддагийн нэг жишээ юм. Бид Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Чуулган гэж байгууллагад хандсан, Малайзын Хүний эрхийн Комисст энэ асуудлыг тавьсан. Яг л нэг юм хэлээд байгаа. Юу гэхээр цагдаа, шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байгаа хэрэгт хүний эрхийн байгууллага оролцох боломжгүй байна. Албан бичгийн хариунд тулаад зогссонгүй ээ. Хохирогчийн аав Шаарийбуу гуайтай байнга холбоотой ажиллаж байгаа. Сая арваннэгдүгээр сард болох гэж байгаад больчихлоо, магадгүй он гараад болох байх, төлөөлөн нэхэмжлэлийн шүүх хуралд нь би оролцоно. Хүсэлт ирсэн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *