Categories
мэдээ цаг-үе

Ш.Гунгаадорж: МАН-ын түүхэнд олонх, цөөнх болж хуваагдаж байсан ийм заваан явдал гарч байгаагүй

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцлаа.


-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Тун ярвигтай, ойлгомжгүй л байна шүү. Сэхээтэн улсууд, жирийн иргэд, ард түмэн бүгд энэ улс төрд өрнөж буй үйл явдлыг хараад гайхаж байна. Ардын нам 2016 оны сонгуульд ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан. Ингэж ард түмнийхээ итгэлийг хүлээж төрд гарчихаад парламентад суусан өдрөөсөө эхлээд хоёр хуваагдаж, хоорондоо сөрөг хүчин болоод байх юм. Өнгөрсөн жил Засгийн газраа огцруулчихаад одоо хоёр дахийгаа огцруулна гээд явж байна. Өмнөх парламентын түүхэнд янз бүрийн асуудал гарч л байсан. Гэхдээ ийм ойлгомжгүй асуудал давтагдаагүй. Хамгийн гол нь энэ парламент байгуулагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байгаа хэрнээ учраа олж чадахгүй байна гэдэг бол МАН-ын цаашдын хувь заяа, том утгаар нь харахад улс орны эрх ашгаа бодохгүй байгаагийн илрэл. Улс орны эдийн засаг ямар уналттай байхад хүлээж авлаа даа. Өр зээлтэй нөхцөлд улс орноо өөд нь татах, ард түмнийхээ амьдралыг сайжруулах, ийм хүч бололцоог ард түмэн өгөөд байхад энэ итгэлийг нь даахгүй, хоорондоо бужигнаад хэрэлдээд байх юм. Өөрсдийн байгуулсан засгаа огцруулаад дахин, дахин унагаад байгааг нь харахаар парламентад сонгогдсон хүмүүс улс орныхоо эрх ашгийг бодсон юм уу, үгүй юм уу, ард түмний төлөөлөл мөн юм уу, биш юм уу гэдгийг бодоход хүргэж байна.

Энэ бол сайн зүйл биш. Дотроо толхилцоод улс орноо гадаад дэлхийд муухай харагдуулаад байна гэдгээ мэддэггүй улс уу, эд чинь. Ийм байхаар хэн манай улсад хөрөнгө оруулах юм бэ.

-Танай намын 100 жилийн ой дөхөж байна. 2020 оны сонгууль ч ойртлоо. Энэ янзаараа байвал сонгууль битгий хэл МАН-ын хувь заяа бүрхэг болно доо?

-МАН-ын батлахыг 60 жил өвөртөлж яваа хүний хувьд зуун жилээ ингэж угтвал харамсч байна. Энэ бол яавч сайн зүйл авчирахгүй. Намаа байг гэхэд улс орноо том утгаар нь харах ёстой. Монгол гэдэг улсын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө бий болсон энэ төр засаг ажиллах хэрэгтэй байна. Гэтэл Монгол орны тэр сайхан ирээдүй ямар харагдах уу. Ард түмэн хаашаа хэнийгээ дэмжих үү гэдэг нь гайхшралд оруулж байна. Ядахдаа дараагийн сонгууль болтол үлдэж байгаа жил гаруйн хугацаандаа дотроо эв эеэ олоод, ард түмэн намынхаа эрх ашгийг бодоод улс орныхоо эдийн засгийн үзүүлэлтийг нь сэргээхгүй юм гэхэд дордуулчихгүйхэн шиг хүлээлгэж өгвөл том үйл хэрэг болно. Гэтэл ийм зүйл харагдаж өгөхгүй байна.

-Гэтэл энэ эрх баригчид ард түмэн, улс орны гэхээсээ илүү албан тушаалынхаа эрх ашгийг тэргүүнд тавиад байна шүү дээ?

-Тийм байна. Ер нь үе, үеийн парламентад ийм элемент ажиглагддаг. Үндсэн хуулиа өөрчлөхдөө энэ байдлыг харгалзах ёстой. Парламент гэдэг чинь улс эх орны эрх ашгийг дээд зэргээр хамгаалсан, төрийн удирдах дээд байгууллага. Улс орноо удирдан хөгжүүлж, ард түмнийг манлайлж явдаг. Тэр манлайлал энд сонгогдож байгаа 76 гишүүнээс шууд хамаарч байгаа. Тэд хаашаа харж, яаж хөдөлнө үү, тэрнээс л улс орны хөгжлийн гараа хамаатай.

-Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах санал гаргасан нь түүхэнд анх удаа явдал боллоо. Нэг талд Засгийн газрыг огцруулна гэдэг хөдөлгөөн өрнөхтэй зэрэгцээд Ерөнхий сайд УИХ-ын даргыг огцруулах саналыг намынхаа Удирдах зөвлөлд оруулсан. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн өмнө хэн нь хүчтэй удирдагч байх вэ гэсэн засаглалын хэлбэрийг булаалдаж байх шиг?

-Яах аргагүй тэгж байна. Үүнтэй санал нэг байна. Цаана нь том эрх ашиг байгаа эсэхийг мэдэхгүй. Ер нь бол өөрийнхөө эзэлж байгаа байр сууриа бэхжүүлэн, тодотгох, томруулах санааны үүднээс яваад байна. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал өнөө маргаашгүй асуудал болчихоод байгаа. Ер нь одоогийн засаглалын тогтолцоо, хоорондын харьцааг, анх Үндсэн хууль батлахад учир дутагдалтай, дутуу гажуу олон зүйлийг хийчихсэн, тэр бүгдийг бодож, тооцож чадаагүй учраас өнөөдрийн энэ урт удаан хугацааны хямрал даамжирахад хүргэж байгаа юм болов уу. Гэхдээ одоо ч оройтоогүй. Үндсэн хуулийн өөрчлөлт одоогийн хүнд байдлаас гарах гарц болох байх.

-Та бол Үндсэн хуулийг батлалцсан хүн. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой гэх асуудал яригдаж байгаа. Энэ парламентыг эрх зүйн чадамжгүй, тар гэж шаардаж жагсах боллоо?

-Миний хувьд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй. Үндсэн хуулийг анх батлахад ч гэсэн би Ерөнхийлөгчийн засаглалтай байх их маргааны эсрэг талд сууж байлаа. Яагаад гэвэл Монгол Улс 70-аад жилийн турш нэг хүний толгойд тулгуурласан тогтолцоонд явж ирж байсан зовлон, жаргалыг Монголын ард түмэн үзсэн. Бүхэлдээ нэг хүний засаглал ноёрхоно гэдэг бол засаглалын сайн арга гэж хэлэхийн аргагүй. Сайн муу талыг нь дэнслээд үзэхэд “Муу тал нь дийлээд байна, дэлхийн жишиг чинь ийм боллоо. Бид ч гэсэн парламентын тогтолцоо руу орохгүй бол болохгүй” гээд 1992 онд Үндсэн хуулиа баталсан шүү дээ. Манай улс хүн ам цөөнтэй, жижиг орон. Геополитикийн хувьд ямар байршилд байгаа улс билээ дээ. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болбол гадна, дотны улсуудтай харьцах харилцаанд яаж нөлөөлөх билээ. Нэг хүнийг татахад амархан. Харин 76 хүнийг татна гэдэг амар биш. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглал улс эх оронд сайн зүйл авчрахгүй. Парламентынхаа тогтолцоогоор 30-аад жил явчихаад эргээд нэг хүний тогтолцоонд орно гэдэг тийм ч сайн зүйл биш. Цаашдаа ч тийм сайн үр дагаврыг авчирах хэлбэр биш байх. Хэрэг дээрээ парламентын засаглалтай орон хэрнээ 76 нь ч мэдээд байгаа юм уу, Ерөнхийлөгч нь ч мэдээд байгаа юм уу гэдэг эргэлзээтэй болоод байна. Нэг харахад Ерөнхийлөгч нэлээд давуу байдалтай яваад байгаа ч юм шиг. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хязгаарлагдмал баталсан шүү дээ. Гэхдээ чамлахаар муу хууль биш. 1992 оноос хойш анх сонгогдсон Ерөнхийлөгчөөсөө эхлээд жаахан жаахан нэмсээр байгаад энэ Ерөнхийлөгчийн эрх мэдэл чамлахааргүй болчихоод, үүн дээр хоорондын санал нь нийлэхгүй толхилцоод байна.

-Засгийн газрын тогтворгүй байдал парламентаас сонгогддогтой холбоотой гэж тайлбарладаг. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх тогтолцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ярих юм билээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Ер нь бол Үндсэн хуулиараа засаглалын тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй. Олон улсын жишгээр ч тэр. Цаашид ийм эрлийз тогтолцоотой явж болохгүй юм байна. Парламентын жинхэнэ сонгодог тогтолцоо руугаа оръё. Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгоё. Парламент нь Ерөнхий сайдаа сонгоё. Ерөнхий сайд ньЗасгийн газраа бүрдүүлээд, Засгийн газартаа нэлээд эрх мэдлийг нь өгье. Парламент Засгийн газар хоёрын хоорондын үүрэг, хариуцлагын заагийг нарийн болгож өгөөд, парламент нь хяналтаа тавиад, Засгийн газар нь хэдэн сайдаа өөрөө томилоод, хариуцлагаа үүрээд явдаг тогтолцоо руу оръё гээд Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд байна л даа. Үүнийгээ ярилцаад хоорондоо эв дүйгээ олоод ярилцаад энэ өөрчлөлтөө хийчих юм бол төр засгийн хувьд энэ замбараагүй байдал нь багасна.

-Д.Хаянхярваа гишүүний хэлснээр танай МАН-д чинь нэг хүний дарангуйлал ноёрхчихоод байгаа юм уу?

-Дарханд намын дарга байсан Д.Хаянхярваа, бүлгийн дарга байсан Д.Хаянхярваа, бүлгийн даргаасаа огцорчихоод харагдаж байгаа Д.Хаянхярваагийн хэлж ярьж байгааг харахад хоёр өөр хүн л харагдаад байна л даа. Өмнө намынхаа, намын эв нэгдлийн төлөө гээд явж байсан хүн. Одоо болохоор “Нам ямар хамаатай юм бэ. Ерөөсөө парламентаараа л асуудлаа шийднэ” гэсэн ухаантай юм яриад байна л даа. Нам хамаагүй гэж хамаагүй халгиж, цалгиж ярих асуудал биш байх аа. Нэгэнт л улс төрийн нам гэж зайлшгүй байна. Нам дотроо ямар алдаа дутагдал байна, тэрийг нь яаж засах уу гэдэг дээр нам нэг талаараа үүргээ биелүүлэхэд хангалтгүй болоод байна. Нэгдүгээрт, парламентад гишүүдээ оруулах, сонголтыг нам хийж байгаа. Тэгэхээр нам бол энэ сонголтыг учир дутагдалтай хийж байна. Ялангуяа өнгөрсөн парламентад манай нам муу ажиллажээ гэж дүгнэж болохоор. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад намын дарга байсан, удирдлагад байсан хүмүүс харлаган харсан байна. МАН-ын түүхэнд олонх, цөөнх болж хуваагдаж байсан ийм заваан явдал гарч байгаагүй. Шуудхан хэлэхэд намын дарга, Удирдах зөвлөл парламентад нэр дэвшүүлсэн хүмүүсээ буруу сонгожээ. Парламент гэдэг бол зүгээр нэг явж байгаад намын даргын дэмжлэг авч, гарч ирээд суудаг сургалтын дамжаа биш. Парламент гэдэг бол улс төрд хатаагдсан туршлагатай, ажил албаны аль ч талын нэлээд туршлагатай, олны дунд нэр хүндтэй, ард түмнээ, эх орноо гэж үнэн чин зүрхнээсээ боддог хүмүүсийг олж сонгох ёстой. Ийм хүмүүс энэ намуудад байгаа. Гэтэл янз бүрийн ааш араншинтай, улс төрд боловсроогүй, шүүрхий ийм хүмүүсийг оруулсан учраас өнөөдөр нам өөрөө хохирох байдалд орж байна. Дараа дараачийн сонгууль болно. Үүнийг хамгийн түрүүнд бодох асуудал.

-Хуучин Монгол төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан сайд нар ихэвчлэн МАН-ын гишүүд байна. Ийм тулхтай хүмүүсийнхээ үгийг одоогийн удирдлагууд нь сонсч байна уу?

-Хааяа уулзаж, санал бодлоо ярина аа. Авахыг нь авч, хаяхыг нь хаядаг л байх. Ер нь учир дутагдалтай л даа.Ялангуяа намд залуучууд нэлээд орж ирлээ. Дотроо учраа олохгүй байгаа өнөөдрийнх шиг ээдрээтэй үед намын ахмадууд л үгээ хэлэх хэрэгтэй. Тэдэнтэй зөвлөх хэрэгтэй. Аль ч үед нь хатаагдсан, зовлон жаргал үзсэн, мууг яаж давдаг, сайныг яаж хадгалдаг гэдгийг биеэрээ туулж мэдсэн хүмүүс. Харамсалтай нь жилээс жилд цөөрч байна даа.

-ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон хүмүүс өмнөх Засгийн газрыг огцруулахад саналаа өгсөн гэж цоллогдож байгаа. Ер нь энэ сан яамны харьяанд байгааг та юу гэж бодож байна вэ?

-Яаман дээр байж болохгүй. Сайд дээр бүх юм төвлөрч байгаа. Тиймээс энэ тогтолцоо буруу. ЖДҮХС яамны мэдэлд байгаад сайн юм үзээгүй. Сайд, дарга нарын эрх ашиг, тэдэнд үйлчилсэн байдалтай байжээ гэдэг нь одоо өрнөж буй үйл явдал харуулаад байна. ЖДҮХС гэлтгүй энэ олон сангууд хатуу хяналттай байх тогтолцоонд орох хэрэгтэй. Банк, бусад санхүүгийн байгууллагад байх ёстой гэж бодож байна. Үүнийг одоо яригдаад байгаа хуулиараа чангаруулж, харьяаллыг нь нэн даруй өөрчлөх ёстой. Тэр сан болгоныг шалгаад үзвэл юу гарахыг хэн мэдлээ дээ. Бага хүүтэй зээл өгдөг сан гэдэг бол мөнгөний шунал ихтэй хүмүүсийн шүлсийг гоожуулсан хэрэгцээг хангасан хэрэглүүр болж хувирсан нь харамсалтай.

-ЖДҮ-ийн хэрэг олон хүнийг хоолноос нь салгах бололтой. Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм билээ…

-Одоо яая гэхэв. Хариуцлага тооцох юм бол хурдан тооцох хэрэгтэй. Уучлалт хэлүүлээд донгоддог ч юм уу, энэ хэмжээнээс аль хэдийнэ хэтрээд, агаарт алга болсон эд шүү дээ. Тэгэхээр хариуцлага гэдгийг зүгээр нэг уучлалт гуйлгаад Засгийн газар донгоддог ёс суртахууны хариуцлага хүлээлгэх гээд зогсох нь бага хэрэг гэж бодож байна. Ялангуяа банк бус санхүүгийн байгууллагуудаар мөнгө угаасан хэрэг илрэх юм бол тэр бол уучлалт байхгүй. Гишүүнээсээ огцрох ч багадна. Ард түмнийг харах эрхгүй болно доо. Дээд хариуцлага тооцох ёстой. Үнэхээр зээл аваад үйлдвэр байгуулаад улсад ийм ашиг өгч байна гэвэл харж болох асуудал. Гэтэл авсан мөнгөө арвижууллаа гээд олон нийтийн сүлжээгээр яриад байгаа зүйл бол үнэний ортой л байх.

-Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг УИХ хүлээж аваагүй. Чуулган дээр Ерөнхий прокурор ч их ширүүхэн харагдсан. Өмнө УИХ-ын гишүүдтэй холбоотой дуулиант хэргүүд зөндөө л байсан. Тэр болгон дээр прокурор ингэж хүчтэй дуугарч орж ирж байгаагүй. Хэн нэгний захиалгат улс төр яваад байна уу?

-Улс төртэй л холбоотой. Ер нь бол шүүх прокурор хуулийн байгууллага улс төртэй холбогдчихоод байгаа нь нууц биш болчихоод байгаа. УИХ дээр Ерөнхий прокурорыг байлгаж байгаад Б.Батзоригтой холбоотой асуудал дээр асуулт хариултаас нь харагдаж байна лээ. “Энэ хүнийг заавал авч явна” гээд чангалах нь Улсын ерөнхий прокурор гэдэг тэр өндөр сэнтий дэх ухамсрын үүднээс ханддаг хандлага мөн үү, биш үү гэдэг нь эргэлзээтэй харагдаж байна лээ. УИХ-ын гишүүн хүн байлаа гээд хуулийн байгууллагаас мултрахгүй. Үнэхээр шалгаад ноцтой асуудал гарч ирвэл аваад явах эрх нь прокурорт байгаа шүү дээ.

-Өнөөдрийн улс төрийн энэ үйл явдал улам хурцадвал цаашид юунд хүргэх бол?

-Юунд ч хүргэж болохоор байна. Ер нь ард түмэн их санаа зовж байна. Түгшүүртэй байна. Ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрэх юм бол хөдөлгөөн, янз бүрийн үймээн самуун үүсгэх тэр суурийг өнөөгийн засаг төр бэлдэж өгөөд байна шүү дээ. Манайд улс төрийн янз бүрийн хүчин, олон нам байна. Тэр болгон чинь дотроо санаа бодол нэг биш. Тийм хэсэгт идэш хоолыг нь бэлдэж өгөх нөхцөл бүрдэж болохоор байна. Үүнийг сайн бодож, тооцох ёстой. Гэтэл өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах нь тэргүүн ээлжийн зорилт биш. Хамгийн гол нь улс эх орон, ард түмэн тайван тогтвортой, төр засагтаа ямар нэг хэмжээгээр итгэлтэй байх тэр боломжийг бий болгохын төлөө ажиллах ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна. Өнөөдөр Засгийн газрыг, хотын даргыг огцрууллаа гээд дараагийн хүмүүс нь олигтой юм хийхгүй. Манайд түрүүчийнхээ засгийн бодлогыг хэрэгжүүлэх уламжлал алдагдсан энэ үед шинэ хүн гарч ирээд тун бага ажил хийх байх даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *