Монгол Улсын үндэсний урлагийн их театрын ерөнхий захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Цоггэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Монгол Улсын үндэсний урлагийн их театрын захирлын албыг та нэлээд хэдэн жил хашиж байна. Улсын ардын дуу, бүжгийн чуулга нэрээ солиод удаагүй байгаа уран бүтээлийн энэ том байгууллагыг удирдана гэдэг бахархалтай сайхан байх шүү?
-Манай байгууллага бол Монгол үндэстний урлагийн гал голомт гэж хэлэгддэг. Үндэсний урлагийн их театр нь анх зургаан хөгжимчин, таван дуучин, зургаан бүжигчин, хоёр циркчин, нэг уран уншигчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж 1950 онд “Ардын дуу танцын улсын ансамбль” нэртэйгээр өнөөгийн тулгын чулуугаа тавьсан байдаг. Далан жил болж байгаа байгууллагын маань үндсэн суурь нь Улсын ардын дуу, бүжгийн чуулга. Манай алдартнууд гэвэл төрийн шагналт, ардын жүжигчин алдарт бүжиг дэглээч Ц.Сэвжид, хөгжмийн зохиолч Чойдог, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав, хөгжмийн зохиолч Мэнд-Амар, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Норовбанзад, ардын жүжигчин Түмэндэмбэрэл, Хоролсүрэн, гавьяат жүжигчин “морины” Нансалмаа, гавьяат жүжигчин Банзрагч, алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн, бүжигчдээс гэхэд гавьяат жүжигчин Зоригоо, Алтангэрэл нарын олон хүн бий. Манай хөгжмийн их найрлыг Мөрдорж, Чойдог, Лувсаншарав, Мэнд-Амар гуай нарын олон авьяастнууд нуруундаа үүрч ирсэн. Монголын бахархал болсон, улсын тусгаар тогтнолыг тодорхойлдог гол үндсэн жанжин шугамын байгууллагыг зургаа дахь жилдээ удирдаж байгаадаа би туйлын баяртай байдаг.
-Өөрөө ч бас энэ л алдартнуудын нэг болсон доо?
-Би ноднин Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан. Хамт олон гэдэг үнэхээр хүчтэй. Хамт олонгүйгээр ямар нэгэн ажлын биелэлт, төлөвлөгөө, Монгол Улсыг гадаадад сурталчилж буй үйл ажиллагаа бүхнийг төсөөлөх аргагүй. Монгол Улсын Засгийн газраас 2002 онд Улсын ардын дуу, бүжгийн чуулгыг, “Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга” болгосон. ҮДБЭЧ-ыг 2016 онд Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор Монгол Улсын үндэсний урлагийн их театр болгон өөрчиллөө. Манай театр дуу анги, хөгжим анги, бүжиг анги, тайз гэрлийн ажилтнууд, захиргаа удирдлагын бүрэлдэхүүнтэйгээ 189-214 хүн ажил алба хашиж байна.
-Танай театр Монгол Улсын төрийн хэмжээний бүх үйл ажиллагаанд оролцдог биз?
-Үндэсний урлагийн их театр анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол өнгөрөгч зууны наяад оноос Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон л доо. Ардын урлагийн яндашгүй өв санг хамгаалж өвлүүлэх, орчин цагийн урлагт оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан. Манай театраас хөдөлмөрийн баатар гурав, төрийн шагналтан найм, ардын жүжигчин найм, урлагийн гавьяат зүтгэлтэн зургаа, соёлын гавьяат зүтгэлтэн хоёр, Монгол Улсын гавьяат жүжигчин дөчин дөрөв төрсөн гээд бод доо. Одоо ажиллаж буй нийт уран бүтээлчдийн тал хувь нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна. Тус театрын дэргэд “Монголын уртын дууны холбоо”, “Монгол хөөмэйн холбоо”, “Монголын ястан үндэстний ардын богино дууны холбоо”, “Ардын бүжгийн нийгэмлэг” зэрэг уран бүтээлийн холбоод, төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн гурван өндөрлөгийн албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос гадна гадаадын улс орнуудын ерөнхийлөгч, албан ёсны зочид гийчдэд тоглолтоо толилуулна. Үүнтэй хэн ч маргах аргагүй хүлээн зөвшөөрнө шүү. Уран бүтээлчдээ ч бид өөрсдийнх нь хүч бололцооноос илүү өндөр шаардлага тавьдаг. Монголын ардын урлагийг дэлхийн тавцанд шинэ төвшинд гаргаж тавихаар ажиллаж байна. БСШУС-ын дэд сайд Ганбаяр гадаадын улс орнуудтай харилцаа холбоо тогтооход асар их дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад баяртай байдаг.
-Үндэсний урлагийн их театр гадаад, дотоодын үзэгчдэд жилд багцаагаар хэд орчим тоглолтыг толилуулж байна?
-Манайх жил бүрийн зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл жуулчдад зориулсан бүтэн тоглолтыг тасралтгүй тоглодог. Зөвхөн манайх бүтэн том танхимд орж тоглоно. Улсын баяр наадмын үеэр төрийн хэмжээний тоглолтод оролцоно. Манай байгууллагын оролцоогүйгээр төрийн концерт хэзээ ч тоглогдохгүй. Гаднын жуулчдын зуны үзвэр үйлчилгээний голыг манайх л нугалж байна.
-Үзвэр үйлчилгээний үнэ тариф одоо хэдий орчим төгрөг болсон бол?
-Намайг энэ байгууллагад ажиллахаар ирж байх үед нэг тоглолтын үнэ зургаа долоон мянган төгрөг байсан. Нэг хоёр ч доллар хүрэхгүй байсан гэсэн үг л дээ. Тэр ханшийг арав, хорин мянган төгрөгт хүргэсэн. Энэ жил үзвэрийн тасалбараа 25 мянган төгрөгт хүргэлээ.
-Ийм олон уран бүтээлч, ажилчидтай танайх шиг том театр Драмын эрдмийн театрын дээвэр доор хоргодож байна гэхээр заримдаа гунигтай санагддаг шүү?
-Үнэн л дээ. Нэг тайвшрах зүйл гэвэл МАН-ын мөрийн хөтөлбөрт “Монгол Улсын үндэсний урлагийн их театрыг барина” гэсэн байгаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа 2016 оны арваннэгдүгээр сарын 26-нд энэ тухай албан ёсоор зарлан тунхагласан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Хүрэлбаатар нар ч энэ театрын барилга байшингийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Ирэх онд театрын барилгын хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг хийж, газрын зөвшөөрлийг олгосон. Миний хувьд театраа өөрийн гэсэн байр байшинтай болгохын төлөө зүтгэн ажиллаж байна. Манай театрт байр савны асуудлаас гадна гадна талын автобус, унааны зогсоолын асуудал бас их анхаарал татна шүү.
-Театр барих газрын байрлал их чухал юм байна даа. Хотын төвлөрөл, түгжрэл дунд олигтой газар олдох болов уу даа?
-Жуулчид болоод иргэдийн уран бүтээл үзэж сонирхох орчин яах аргагүй чухал л даа. Би мөрөөдөхдөө манай театр хаа нэг гурван га газарт мод тарьчихсан, ямар ч байсан 500-1000 машин зогсох талбайтай, хүн ирээд тав тухтай суучихдаг тохилог орчинтой байгаасай л гэж боддог. Яг одоо манай энэ Драмын театрын байшингийн ийш чинь жуулчдын том автобус байтугай суудлын тэрэг орж ирээд түгжирчихдэг газар шүү дээ. Жуулчдын компаниуд ч үүнд их дургүйцдэг. Шинээр баригдах театр маань тиймээс их л зөв сайхан газар шаваа тавиасай гэж залбирч байна.
-Тохилог боломжийн газар таныхаар хаа байх шиг байна?
-Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн энэ хоёр том байгууллага тайзаа байнга булаацалдаж уран бүтээл хийж байна. Манай хоёр хамт олонд бэлтгэл хийх ч түвэгтэй байдаг. Их зөрчил үүсдэг. Миний бодлоор болдог бол хуучнаар Хүүхдийн парк гэгддэг байсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд л театрын барилгыг бариулчихвал Монголын үндэсний урлагийн ирээдүйд мөн ч том хөрөнгө оруулалт болно доо.