БНХАУ-ын Ляонин мужийн Жуанхэ хотын ойролцоогоос 100 жилийн өмнө живсэн цэргийн хөлөг онгоцыг олсон талаар “CNN” агентлаг уламжлав.
“Уг хөлөг онгоц 1894-1895 оны хооронд Хятад-Японы дайны үед живсэн” хэмээн БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн захиргаа мэдэгдлээ.
Археологичид хоёр сарын өмнө тус хөлгийг илрүүлж, гарал үүслийг нь тогтоохоор өнгөрсөн хугацаанд ажилласан байна.
Хөлгийн их бие усан дор 12 метрийн гүнд байсан ба “Жин”, “Юань” гэх хоёр бичээсийг археологичид олсон аж. “Жинюань” хөлөг дотроос шаазан ваар, аяга, арьсан эдлэл болон зэвсэг зэрэг 500 гаруй эд зүйлсийг олжээ.
Шинжээчид “Энэ бол дэлхийн тэнгисийн цэргийн түүхийг судлахад ихээхэн ач холбогдолтой түүхийн өв юм” гэж мэдэгдлээ.
Германд үйлдвэрлэсэн тус хөлгийг 1880 оны сүүлээр Хятадын усан флотын эзэмшлийнх болжээ. Хөлөг 1894 оны есдүгээр сарын 17-нд Японы дайралтад өртөж, сүйрсэн түүхтэй. Тухайн үед хөлөгт байсан 270 хүний долоо нь АМЬД үлдсэн гэдэг.