Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд нүүрсний цооногт ажиллаж байсан иргэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригийн 13:00 цагаас хойш нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 1-ний өдрийн 20:25 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын долоон алба хаагч газар дээр нь очиж ажиллан, 11 метрийн гүн нүхэнд нүүрстөрөгчийн дутуу исэл /298 ppm/-д хордож нас барсан тус дүүргийн харьяат, 41 настай, эрэгтэй, иргэн Д, 23 настай, эрэгтэй, иргэн О, 20 настай, эрэгтэй, иргэн Ц, 17 настай, эрэгтэй, иргэн М нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.