Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах, тэднийг нийгэмшүүлэх ажил эрхлэх мэргэшсэн багш нар цөөхөн байдаг. Иймд сүүлийн 30 жил тасраад байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аливааг зааж, сургах мэргэжлийн багш бэлтгэх ажлыг дахин эхлүүлсэн байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, зааж сургах арван багшийг ОХУ-д бэлтгэхээр болжээ.
Энэ хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа багшийн мэргэжлээр суралцах оюутнууд, тусгай дунд сургуулийн залуу багш нарыг хүлээн авч уулзлаа. Тэд нийгмээс тусгаарлагдсан хүмүүст чадах бүхнээр туслах хүсэлтэй, мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилготой явдгаа энэ үеэр илэрхийлсэн аж.
ОХУ-д суралцах арван оюутны дөрвөн жилийн зардлыг төр 100 хувь дааж байгаа юм байна. Тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нар ирэх даваа гаригт ОХУ-ыг зорихоор болжээ.